Д.Эрдэнэбат: МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө юу ч хийсэнгүй

3

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын байр суурийг хүргэж байна. 

-МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьжиргааны төвшин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн асуудал, татварын хөнгөлөлт зэргийг тов тодорхой заасан.  Гэтэл энэ бүхэнд эрх баригч нам эсрэгээрээ  хандаж ирлээ.   Танайхаас судалгаа явуулсан байна.  Энэ талаар тодруулахгүй юу?
-Үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд монгол оронд сүйрлийн жилүүд болж өнгөрлөө. Олон сая ам.доллар орж ирж  эдийн засаг сайжирч байгаа гэх боловч бага дунд орлоготой иргэдийн амьдрал хүнд хэцүү байдалд хүрээд байна. Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж буй энэ цаг үед Ерөнхий сайдыг бодит нөхцөл байдал буюу хөрсөн дээрээ бууж ажиллах шаардлагыг бидний зүгээс албан ёсоор хүргүүлж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар инфляци 10 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ урьд хожид байгаагүйгээр өсч, иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгааг эрх баригчдад анхааруулах нь чухал байна.
-Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлийг юу гэж харж байна вэ?
-Хоёр шалтгаантай.  Нэгдүгээрт шатахууны үнийн өсөлт. 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсч өнөөдрийн байдлаар шатахууны дундаж үнэ 500 төгрөгөөр өсчихөөд байна.  Мөн махны үнийн өсөлт. Хэдийгээр махны экспорт нэмэгдэж байгаа сайн тал байгаа боловч үүнийг дагасан сөрөг үр дагавраар нийт үнийн өсөлтийн 20 хувийг махны үнэ дангаараа эзэлж байна.  Ард иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа хэдий ч энэ нэмэгдэл нь үнийн өсөлтөд өртөж,  ахуй амьдралд дэм болсон зүйл огт алга. МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө юу ч хийсэнгүй.  Харин ч эсрэг ажиллалаа гэж үзэж байна.
-Ерөнхий сайд  Хэнтий аймагт ажиллаж байна. Үүнийг сонгуулийн хууль зөрчсөн асуудал боллоо гэж танай нам үзсэн.  Энэ нь ямар учиртай юм бэ?
-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Хэнтий аймагт ажиллаж байна.  Хэнтий аймаг болоод улс орны хувьд нөхөн сонгууль бол чухал асуудал биш л дээ. Тэнд очиж ажиллаж байгаа юм бол Хэнтий нуруунд гарсан гал түймэр олон километрт хүрч байна. Энэ нь Хэнтийн нурууны зүүн хэсгийг тэр чигт нь хамарч, онц байдал үүссэн. Гэтэл Засгийн газар нөхөн сонгуулийн нэг тойрогт ийнхүү анхаарч байгааг буруу гэж харж байна. Олон хоног үргэлжилж байгаа энэ түймэрт Засгийн газар дорвитой арга хэмжээ аваагүй, тэнд хэрэгтэй байгаа хүн хүч, техник хэрэгсэл болон хоол хүнсний дутагдлыг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай. Үүгээр зогсохгүй сонгуулийн хуулийг зөрчиж сурталчилгаа хийхийн тулд Засгийн газар бараг тэр чигээрээ Хэнтийд очжээ. Мөн төсвийн хуулийг зөрчиж олон тэрбумын амлалт өгч байгаа юм билээ.
-Өнгөрсөн пүрэв гаригт чуулган дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар нэлээд шүүмжлэлтэй хандсан. 33 их наядын асуудал яригдлаа.  Энэ дээр та албан ёсны тайлбар өгөхгүй юу?
-33 их наяд төгрөгийг хулгайлсан байх магадлалтай гэх ташаа мэдээлэл явсан. Энэ хуулийг 2015 наймдугаар сарын 7-ны өдөр баталсан. Хууль хэрэгжсэний дараа нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол Ардчилсан намын Засгийн газрын үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй. Түүнчлэн хуулийн хүрээнд 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль алдангиас нийт иргэд бизнес эрхлэгчид чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл 34.7 их наядын 11 их наяд төгрөг нь иргэдийн болон бизнес эрхлэгчдийн татварын орлогын чөлөөлөлт байсан. Үлдсэн мөнгө бол нийгмийн даатгалын шимтгэл болон санхүүгийн тайлан бүртгэлийн бичилтийн өөрчлөлт, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний зөрүү зэрэг багтаж байсан. Ард түмэн энэ хуулиар дамжуулан өөрийн даатгал шимтгэл болоод бизнес эрхлэгчид санхүүгийн тайлан бүртгэлээ ил болгож чадсан юм. Тэрнээс энэ 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хуваагаад идчихсэн зүйл огт байхгүй.
-Одоо энэ хуулийг өөрчлөх асуудал яригдаж, хуулийн байгууллагаас шалгалт хийх талаар ч ярьж эхэллээ.  Бондын зарцуулалтыг ч үүнтэй холбон тайлбарлаж байна?
-Ер нь төр нэг хууль гаргачихаад үүнийгээ буцаад адалж эхлэх юм бол ард түмний төрд итгэх итгэл алдагдана. Бондын зарцуулалт нь 33 их наядтай огт холбоогүй гэдгийг тодорхой жишээ дээр тайлбарлая л даа.  АН-ын үед авсан бондын нийт хэмжээ 2.5 тэрбум. Бондыг  Хөгжлийн банк болон арилжааны банкаар дамжуулан зээл олголтоор хийж, Монгол Улсын бүтээн байгуулалтад зарцуулагдсан. Төслийн хүрээнд 3405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замаа улсын хэмжээнд 2.2 дахин өсгөж чадсан. Буянт-Ухаа I, II дугаар хороолол баригдаж, жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, гудамж төслийн хүрээнд нийт 33 уулзварын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэставан толгойд өгсөн дэмжлэгийн зээл, ЖДҮ-г дэмжих төслүүд,  96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжсэн гээд үр өгөөжөө өгсөн олон санхүүжилт олгосон. Эдгээр нь цаанаа эзэнтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, гүйцэтгэлтэй зээлүүд байсан. Цаашдаа Ардчилсан нам энэ асуудлаар ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс ажиллах болно.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.7  МЯГМАР  №94  (6061)

URL:

Сэтгэгдэл бичих