Шимтгэл хэмээх шимэгч

6d312bbef2d6535ad9d52bf3cad5cd4015d41042Нийгмийн даатгал нийтийн дарамт уу

Татвар нэмэхгүй!!! Энэ хоёрхон үг МАН-ыг УИХ-д 65 суудалтай болоход их том түлхэц болсон доо. Гэвч эрх баригчид амласнаасаа буцаж долоон төрлийн татвар нэмээд, буцсанаасаа буцаж зарим татварыг эргэж буулгасан. Харин иргэд, аж ахуйн нэгжийн халаасыг чимээгүй тэмтэрч байдаг нэгэн татварыг буулгалгүй үлдээснийг “Үндэстний ТОЙМ” сэтгүүл онцоллоо.

“Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй” гэдэг. Ажил эрхэлж, орлого олж байгаа хувь хүн ч бай, аж ахуйн нэгж ч ялгаагүй улсдаа татвар төлөх нь үүрэг юм. Харин татвар төлөгчдийнхөө нуруун дээр яваа төр нь эргээд иргэдээ, хувийн хэвшлээ дэмжиж чадаж байна уу. Улстөрчид нь хууль бусаар иргэдийнхээ боломжийг хулгайлж, хуулийн нэрээр татвараар дарамталсаар л байна. Үүний нэг жишээ, шударга бус гэж хэлж болох тогтолцоо байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэртэй холбоотой төрийн зохицуулалт юм.

Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Ажилтан авсан цалингийнхаа 10, ажил олгогч өгсөн цалингийнхаа 11 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг байлаа. Гэвч Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу 2018 онд ажилтан 11, ажил олгогч 12 хувийг төлсөн бол энэ онд ажилтан 11.5, ажил олгогч 12.5, 2020 онд ажилтан 12.5, ажил олгогч 13.5 хувийг төлөхөөр болсон. Ажилтан, ажил олгогч нийлээд 21 хувийн шимтгэл төлдөг байсан бол 2020 он гэхэд 26 хувийн шимтгэл төлөхөөр болов. Ийнхүү нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэж эхэлжээ.

Ажил олгогч аж ахуйн нэгж хүнийг ажлын байраар хангаж цалинжуулсныхаа төлөө өгсөн цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэдэг шударга бус мэт. Хамгийн энгийнээр тайлбарлахад хүнд мөнгө өгснийхөө төлөө нэмээд улсдаа мөнгө төлдөг гэсэн үг. Ажил олгогч аж ахуйн нэгжүүд зөвхөн энэ мөнгийг төлөөд зогсохгүй бусад бүх татвараа төлж байгаа. Энэ шударга бус тогтолцоонд шахуулсан аж ахуйн нэгжүүд үндсэн цалингаа бууруулж, бэлэн мөнгө хэлбэрээр олгодог урамшуулал цалингаа нэмэгдүүлэх болсон байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулах арга хэрэглэж байгаа нь энэ шүү дээ. Шударга бусын эсрэг шударга бусаар тэмцэж байгаа нь энэ гэх үү дээ. Энэ нь нийгмийн даатгал төлснийхөө ач тусыг бүрэн хүртэж чаддаггүй (нийгмийн даатгал төлснийхөө ашиг тусыг яагаад хүртэж чаддаггүй тухай энэхүү нийтлэлийн дараагийн хэсэгт өгүүлэх болно) ажилчдын хувьд ч ашигтай. Гар дээр ирэх мөнгө нь нэмэгдэнэ гэсэн үг. Уг нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ төлөх шимтгэлийн хэмжээг нэмэхээс илүүтэй ямар ч шимтгэл төлөхгүйгээр орлого олж байгаа хүмүүсээсээ шимтгэл авдаг болох нь хамгийн чухал юм. Улсын хэмжээнд ажил хийж буй нийт ажиллагсдынхаа талаас нь өндөр хэмжээний шимтгэл авахын оронд бүгдээс нь авдаг болох нь зохистой бөгөөд шударга. Ийм бодлого хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Уг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүнээр томилогдохоосоо өмнө үүнийг онцлон хэлж байсан юм.

Шимтгэл хэмээх шимэгчУИХ-ын гишүүн С.Чинзориг

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр ажил олгогчдод очих ачаалал ний нуугүй хэлэхэд нэмэгдэнэ. Манай аж ахуйн нэгжүүдийн 85 хувь нь 9 хүртэлх ажилтантай, жижиг аж ахуйн
нэгжүүд байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр дийлэнх олонх болсон жижиг аж ахуйн нэгжүүдэд сөрөг талтай. Нөгөө талаас Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ нийгмийн даатгалд хамрагдагсдын хамрагдалтыг нэмэгдүүлэх ёстой. Энэ миний зарчмын байр суурь.

Байнга хэлдэг. Өнөөдөр улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа ч тэдний 48 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй.

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн байнга хэлдэг зарчмын байр суурь ийм байжээ. “Байжээ” гэж өнгөрсөн цаг дээр хэлэхийн учир нь тэрээр сайдаар томилогдсоноосоо хойш дээрх зарчмын байр сууриа ажил хэрэг болгосонгүй. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд тохирсон бүх зүйлийг хөдөлгөж болохгүй гэсэн зүйл хаана ч байхгүй. Үүний нэг илэрхийлэл нь татварын асуудлаар дахин хэлэлцээр хийж өөрчилсөн явдал. Хүсвэл өөрчилж болдог л зүйл гэсэн үг. Түүнийг сайдаар ажиллаж байх зуур хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ нийгмийн даатгал төлдөггүй ажилчдын тоо нэмэгдсээр л байна. С.Чинзориг сайдаар томилогдсоноос хойш дээрх зарчмын байр сууриа хэрэгжүүлэхгүй л байгаа болохоос баримталсаар л байгаа юм байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Энэ оны нэгдүгээр  сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч, ажилтан дээр тус бүр нэг хувь нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай байдаг. Жил тутамд улсаас 300 тэрбум төгрөгийн татаас авч тэтгэвэр, тэтгэмжээ тавьдаг. Энэ алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг зуун хувь зөв бодлого гэж харахгүй байна. Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нь нэмэгдүүлж байж энэ алдагдлыг бууруулах ёстой. Улсын хэмжээнд 1.2 сая ажиллагсадтай гэдэг. Гэтэл тэдний 50 хувь нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. 500-гаад мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийн гадна байна. Тэднийг нийгмийн даатгалд хамрагдах нөхцөл боломжийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг зэрэгцээд авах шаардлагатай.

С.Чинзориг сайд бол энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, үнэхээр мэргэшсэн мэргэжлийн хүн. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр аж ахуйн нэгжүүдэд ямар дарамт бий болж байгаа, энэ шимтгэлийн хэмжээг нэмэхгүйгээр Нийгмийн даатгалын сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлж болох гээд бүр гарц гаргалгаа, үр дагаврыг нь мэдэж байна. Харамсалтай нь тэрээр энэ чиглэлд тодорхой бодит алхам хийсэнгүй.

Төрийн бодлого, шийдвэр С.Чинзориг сайдын үг, үйлдлийн зөрүүтэй яг адилхан байгаа учраас иргэд бухимдаж, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн мэргэн арга сүвэгчилж сууна.

Сайн ч, муу ч төрөө хүндэтгэж бодлого, шийдвэрийг дагаж ирсэн иргэн аж ахуйн нэгжүүд “Татвар оршихуй дор төр буй, төр оршихуй дор татвар буй” хэмээх үзлийн дагуу татвар, шимтгэлээ тогтоосон хэмжээгээр нь төлөөд явах нь ойлгомжтой. Гэвч ингэлээ гээд хүртэх ашиг тус хомсхон байгаа нь харамсалтай. Нийгмийн шимтгэл бол ирээдүйд авах тэтгэврийнхээ мөнгийг төрд хадгалуулахаар тушааж байгаа хэлбэр. Иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг арилжааны банкуудад хүүтэй байршуулах, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авахад зарцуулах зэргээр өсгөхийг хуулиар зөвшөөрдөг. Гэвч энэ мөнгийг эрсдэлтэй нөхцөлд хадгалж байсан нь “Капитал” банкны дампуурлаас харагдлаа. Учир нь, тус банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг хадгалуулсан байжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Намайг сайдаар томилогдож ирэхэд Нийгмийн даатгал сангийн 280 орчим тэрбум төгрөгийг “Капитал” банкинд байршуулсан байсан юм. Түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан” гэсэн.

2038 оноос тэтгэвэр тогтоолгох хүн 25 жил нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай

Өндөр настны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тогтоолгох хуулийн зохицуулалттай. Гэхдээ энэ насанд хүрсэн хүн болгон тэтгэвэр тогтоолгох боломжтой гэсэн үг бас биш. Тодорхой шалгуур бий. Тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй эрэгтэй 60, эмэгтэй 55 настай хүн хамгийн багадаа 20 жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн байх шаарддаг байлаа. Гэвч ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дагуу энэ хугацааг 2038 он хүртэл жил тутам гурван сараар нэмэгдүүлж байхаар болсон. Энэхүү шийдвэр нь мөн л 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ онд тэтгэвэр гарах хүн хамгийн багадаа 20 жил, зургаан сар, 2020 онд тэтгэвэрт гарах бол 20 жил есөн сарын хугацаанд нийгмийн даатгалын төлсөн байх шаардлагатай гэсэн үг. Ингэж явсаар 2038 оноос хойш тэтгэвэр гарах хүмүүс хамгийн багадаа 25 жил нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай болж байна.

Он Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа
2018

20 жил 3 сар

2019

20 жил 6 сар

2020

20 жил 9 сар

2021

21 жил

2022

21 жил 3 сар

2023

21 жил 6 сар

2024

21 жил 9 сар

2025

22 жил

2026

22 жил 3 сар

2027

22 жил 6 сар

2028

22 жил 9 сар

2029

23 жил

2030

23 жил 3 сар

2031

23 жил 6 сар

2032

23 жил 9 сар

2033

24 жил

2034

24 жил 3 сар

2035

24 жил 6 сар

2036

24 жил 9 сар

2037

25 жил

2038

Хамтын тэтгэврийг санагалзах шалтгаан

Одоо тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүс 20 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ үр ашгийг бүрэн хүртэж чадахгүй байгаа. Энэ нь монгол хүний дундаж наслалттай холбоотой. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр бол эмэгтэйчүүд дунджаар 76, эрэгтэйчүүд дунджаар 66 насалж байна. Мөн тус газраас гаргасан статистикт дурдсанаар эмэгтэйчүүд дунджаар 910 мянга 100 төгрөгийн орлоготой, байгаа бол эрчүүл дунджаар нэг сая 151 мянга 500 төгрөгийн орлоготой байна. Үүнээс үзвэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь нийгмийн даатгалын шимтгэл илүү төлдөг гэсэн үг. Мөн эмэгтэйчүүдээс таван жилийн дараа буюу 60 насандаа тэтгэвэрт гардаг. Гэвч дундаж наслалт нь 66. Насаараа ажиллахдаа улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр хэлбэрээр зургаахан жил авч байна. Бодит байдал ийм байгаа учраас өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлан батлуулж байлаа.

Шимтгэл хэмээх шимэгчУИХ-ын гишүүн асан С.Одонтуяа

Монголчуудын амьдралын хэв маягийн онцлогоор ихэнхдээ эрчүүд хөдөлмөр эрхэлдэг, эмэгтэйчүүд ар гэрийнхээ амьдралыг зохицуулах, үр хүүхдээ өсгөх үүрэгтэйгээр ажил эрхлэх бололцоогүй байдаг. Энэ бүхний эцэст тэтгэврийн насны эмэгтэйчүүд гэр бүлийн хүнээ алдахад шууд орлогогүй болж, амьжиргааны түвшин буурч, ядууралд ордог. Тэгвэл энэ хууль батлагдсан нь ахмад настай эмэгтэйчүүдэд ихээхэн дэмжлэг болно.

Энэ хуулийн хамгийн гол агуулга нь гэр бүлээ батлуулснаас хойш 15 жил болсон эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосныхоо дараа бурхан болсон тохиолдолд авч байсан тэтгэврийнх нь 20-иос дээш хувийг гэр бүлд нь сар бүр олгох тухай байсан юм. Эхнэр нөхрийн аль нэг нь бурхан боллоо гэхэд үлдсэн нь амьдралынхаа туршид ханийнхаа тэтгэврийн тодорхой хувийг сар бүр авч байна гэсэн үг. Цалингийнх нь хэдэн хувийг олгож байхыг Засгийн газар журмаар зохицуулахаар заасан байсан бөгөөд хамгийн багадаа 20 хувийг нь олгох тухай зохицуулалт байсан юм. Хамтын тэтгэврийн тухай өнгөрсөн цаг дээр бичиж байгаагийн учир нь 2016 оны сонгуулийн дараа эрх баригчид уг хуулийг хүчингүй болгосон. Төрийн залгамж чанар сонгуулиас сонгуулийн хооронд алдагдаж байдгийн нэг жишээ нь энэ. Энэ хууль хэчнээн чухал байсныг дараах болсон явдал нотолж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Орших

Аав маань өнгөрсөн арванхоёрдугаар сард бурхан болсон юм. Манай аав 1982 оноос хойш улсын байгууллагад 20, хувиараа 10-аад жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүн. Жил гаруйхан тэтгэвэр аваад бурхан болсон. Аав маань арилжааны банкнаас тэтгэврийн зээл авчихсан байсан. Нас барах үед нь зээлийн үлдэгдэл нь гурван сая гаруй төгрөг байсан. Одоо бид энэ зээлийг нь сар бүр төлж байна. Сард 320 мянган төгрөг төлдөг. Харин ч зээл олгосон арилжааны банк нь бөөнд нь төлөхийг шаардаагүй. Гэрээнийх нь дагуу төлж дуусгах ёстой гэсэн. Улсаас буяны ажилд нь зарцуулах нэг удаагийн тэтгэмж сая төгрөг олгосон. Гэвч сая төгрөг гэдэг буяны ажилд зарцуулахад хаана нь ч хүрэхгүй мөнгө. “Насаараа ажиллаж улсдаа татвараа төлчихөөд түүнийхээ үр ашгийг хүртэж чадсангүй дээ” гэж аавыгаа их өрөвддөг.

Хэрэв Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж байсан бол дээрх гэр  бүл аавынхаа тэтгэврийн тодорхой хэсгийг авч тэтгэврийн зээлийг нь төлөх зарцуулах байжээ. Харамсалтай нь засгийн эрхийг барьж буй нам солигдсоноор энэ хууль хэрэгжих боломжгүй болсон юм. Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдах үед тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд “Бид төрөөс хэн нэгэн хүнд тэтгэвэр нэмж өгөх тухай биш, тухайн гэр бүлийн хууль ёсны дагуу хуримтлуулсан мөнгийг буцааж өгөх тухай хууль баталлаа” хэмээн хэлж байлаа. Харин энэ хуулийг хүчингүй болгох үед тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байна. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас “Талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна” гэх саналыг ахмадууд маань хэлж байна. Манай яаманд ийм санал их ирж байгаа. Тиймээс энэхүү хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн” гэж байлаа. Ийм санал ирсэн нь үнэн байж болох ч хамтын тэтгэврийн дэмжихгүйгээсээ илүү дэмжих нь олон байсан нь ойлгомжтой.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих