Тодроогүй нэр дэвшигч, зарлагдаагүй сурталчилгааны оршил

Зуны тэргүүн сартай зэрэгцээд Хэнтий аймагт улс төрийн халуухан өрсөлдөөн өрнөх гэж байна.  Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт болон нөхөн сонгуульд оролцох батламжаа 11 улс төрийн хүчин СЕХ-ноос гардан авлаа. УИХ-ын нөхөн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, МАХН-аас гадна  Хөдөлмөрийн үндэсний нам, МНН,  Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монгол консерватив нам, Зон олны нам, Үнэн ба зөв намууд өрсөлдөнө. Хэнтийчүүд төдийгүй сонгогчид ч зарим улс төрийн хүчний нэрийг анх удаа сонсож байгаа биз. Юутай ч УДШ-д бүртгэлтэй намуудаас тал нь нөхөн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигчээ сойх нь.

 3519

Гэхдээ гол өрсөлдөөн парламентад суудалтай улс төрийн гурван хүчний дунд явагдана гэж ажиглагчид харж байна. Бусад улс төрийн хүчнүүдийн тухайд ирэх сонгуулийн жилдээ бэлтгэж,  “ичээнээсээ гарч” бие халаалт хийж байгааг үгүйсгэхгүй.  Сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу улс төрийн хүчнүүд энэ сарын 24-30 хооронд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлэх хуулийн заалттай. Гэхдээ сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа хараахан болоогүй ч намууд тус тойрогт  тандалт, судалгаа нэрийдлээр бэлтгэлээ эртнээс базаасан. Сонгуульд оролцохоор батламжаа авсан улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ  тодруулж, сурталчилгаагаа зарлаагүй болохоос сонгуулийн шоугаа эхлүүлээд байна. Тухайлбал, энэ долоо хоногт Засгийн газар Хэнтий аймагт ажиллаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, салбарын бусад сайд нарын хамт сум бүрээр орж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэй уулзалт хийж явна. Ерөнхий сайд орон нутагт ажиллах нь бүрэн эрхийнх нь хүрээний үүрэг. Гэхдээ нөхөн сонгуулийн мөчлөгтэй зэрэгцээд нэгэн долоо хоног бүхэлдээ Хэнтий аймагт ажиллаж байгааг нь сонгуулийн сурталчилгаа гэж хардах эрх олон нийтэд бий.

Ингэхдээ билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн нутгаа зорьсон  Ерөнхий сайд хамгийн түрүүн нөхөн сонгуулийн явагдах тойрогт хамаарах Жаргалтхаан, Мөрөн суманд ажиллаж олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийджээ. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний хүчин чадлыг нэмэх учиртайг салбарын сайд нарт үүрэг болгоод байна. Ер нь өгсөн үүрэг даалгавар хэр ажил хэрэг болох нь чухал. Түүнээс бус заавал тухайн газар нутагт очоод өгсөн үүрэг даалгавар бодитоор биелдэг, Ерөнхий сайдын өрөөнд ч өгсөн үүрэг даалгавар хэрэгждэггүй гэсэн үг биш. Гэхдээ эрх баригч хүчин энэ сонгуульд бэлтэй загнаж,  ирэх сонгуулийг өнгөтэй угтах үүргийг МАН-ын дарга У.Хүрэлсүх хүлээсэн. МАН-аас намын дарга өөрөө эс бөгөөс өөр хэн ч нэр дэвшсэн төрсөн нутгийнх нь тойрогт ялагдах эрхгүй намын даалгавар аваад байгаа.

Харин сөрөг хүчин АН-ын тухайд УИХ-ын нөхөн сонгууль мөн л хариуцлагатай даваа. Өнөөдөр эрх баригч ч, сөрөг хүчин ч нам дотроо хагаралтай байгаа. Энэ хагарал АН-ыг бүлгийн хэмжээнээс ухраас, хоёр гишүүн нь намаасаа гарч, зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад хүргэсэн. Хэдийгээр парламентад цөөнхийн цөөнх ч эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж,  “ард түмнийг төлөөлж байна” гэдгээ умартаагүй байх. Уг нь сонгуулийн жил дөхсөн энэ үед сонгогчийн хандлага эрх баригчдад бус сөрөг хүчин илүү ээлтэй байдаг бичигдээгүй хуультай. Гэвч сөрөг хүчний хагарал  сонгогчдын эерэг хандлагын суурь болох итгэлийг нураасан байх талтай. Дээр нь МАН, АН-ын аль аль нь  МАХН-ын нэр дэвшигч хэн бэ гэдгээс л айхгүй ч аягүйтэж байгааг ажиглагчид харж байна.

Учир нь энэ удаад МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэр дэвших эсэх тэдэнд улс төрийн хүчнүүдийн төдийгүй олны анхаарлын төвд байна.  Өмнөх долоо хоногт МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймагт намын шугамаар ажиллаад ирсэн сураг дуулдсан. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАХН-ын дарга нэр дэвших үү эсвэл бусад уу гэдэг таамаг хэвээр үргэлжилж байгаа.

Ийнхүү Хэнтий аймаг энэ зуны улс төрийн халуун цаг болсоор байна.

Н.Энхлэн

Эх сурвалж: SHUUD.MN


URL:

Сэтгэгдэл бичих