Халамж дутсанаас хүчирхийлэгч
Зургаан насанд харагдах зан үйлийн согог, бусдыг үл хүндэтгэсэн, эмзэглүүлсэн зан ааш тухайн хүүхэд насанд хүрээд хүчирхийллийн болон хүчирхийллийн бус шинжтэй гэмт хэрэг үйлдэх магадлалыг харуулдаг аж.
Канадын Монреалийн их сургуулийн эрдэмтэд зургаан настайдаа зодоон хийдэг, үгэнд ордоггүй, өрөвч сэтгэлгүй хүүхэд 24 насандаа гэмт хэрэг үйлдэх эрсдэл өндөр болохыг нотолжээ. Судалгааг хийсэн доктор Шейла Ходжинс “Medscape” хэмээх эрүүл мэндийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүчирхийллийн болон хүчирхийллийн бус шинжтэй ихэнх гэмт хэргийг бага наснаас тогтсон зан үйлийн согог тогтож насан туршид нь үргэлжилсэн цөөн хэсэг хүмүүс үйлддэг. Зан үйлийн согогийг эрт оношилж, эмнэвэл хүүхэд хөгжлийн тойргоо өөрчилж, эрүүл, аз жаргалтай амьдарч нийгэмд сөрөг бус, эерэг нөлөөлөл үзүүлж чадна” гэжээ.
Эхлэл цэг нь хайр, халамж. Хүүхэд эцэг, эхийн хайр, халамжаар зүрх сэтгэлээ дүүргэдэг. Хэрэв үүнийг нь дүүргэж өгөхгүй бол компьютер, гар утас, найз нөхөд гэх мэт өөр зүйлсээр дүүргэдэг. Түүнчлэн хүүхдийг зодох, бэлгийн дарамт үзүүлэх нь ч үүнд нөлөөлнө.
Шинжээчид зодоон хийдэг, дуулгаваргүй, хичээл тасалдаг, эд зүйл эвдэлж сүйтгэдэг, хулгай дээрэм хийж, бусдыг дээрэлхдэг, бусдад буруугаа тохдог, өрөвч нинжин сэтгэлгүй зургаан настай хүүхдүүдэд тавьсан багш нарын оноог шүүжээ. Үүнд 1593 хүү, 1423 охиныг хамруулсан.
Багш нар тэднийг 10 болон 12 насанд нь мөн л ширүүн зан ааштай гэж үнэлсэн байна. Улмаар 6-10 насандаа багшаараа зан үйлийн согогтой гэж тодорхойлуулсан хүүхдүүд 12-24 насандаа гэмт хэрэгт холбогдсоныг судлаачид мэдсэн аж. Зан төлөвийн асар их доголдолтой гэж тодорхойлсон хүүхдүүд хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэг хийх магадлал дөрөв дахин, хүчирхийллийн бус гэмт хэрэг хийх магадлал тав дахин их байжээ. Охид ч мөн адил.
Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг “Хүүхэд өөрөө тэвчээртэй, зөв байхыг хүссэн ч орчин нь түүнийг “Чи муу, чи сахилгагүй” гэхчлэн пайз зүүлгэвэл тэр хүүхэд нийгмийн сөрөг бүрэлдэхүүн болох магадлалтай. Байнгын дарамттай, хэрүүл зодоонтой, эцэг, эх нь архи ч юм уу бусад зүйлээс хамааралтай гэр бүлд өсөх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Ханан дээр зурсан хүүхдийг алгадаад авлаа гэж бодъё. Дараа нь нэг өөр хүүхэд өөрийнх нь цаасан дээр зурвал шууд л ухамсаргүйгээр даган дуурайж, алгадах болно” хэмээв.
Эхлэл цэг болох хайр, халамжийн талаар Б.Ууганцэцэг ч мөн адил тайлбар хэлсэн нь эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ чанартай цаг өнгөрөөж, хайрлан халамжлах хэрэгтэй тухай байв. Тодруулбал, аав, ээж нь үлгэрлэж, хэрэв чадахгүй байвал тэр гэр бүлд гаднын тусламж хэрэгтэй гэсэн үг аж.
Холливудын “Gothika” хэмээх кинонд залуу охидыг найзынхаа хамт хүчирхийлж, шатааж алдаг хоёр этгээд гардаг. Тэдний нэгтэй нь сэтгэл судлаач Халли Берри ярилцсаар байгаад мэдчихдэг. Тэр гэмт хэрэгтэн нь өөрөө цагдаа. Баригдахаас айсан залуу сэтгэлзүйчээс хэрэгтнийг тодорхойлж өгөхийг хүснэ. Хариуд нь Халли Берри “Гэмт хэрэгтэн эцэггүй өссөн байх магадлалтай. Ээжтэйгээ дэндүү дотно байсан байж мэдэх юм. Энэ нь яван явсаар бэлгийн гаж сонирхолтой болоход нөлөөлсөн. Хүүхэд байхдаа жижиг амьтдыг тамладаг байсан байх” зэргээр тодорхойлсон нь үнэн болж таарна. Хэдий энэ кино ч гэмт хэрэгтнийг энэ мэтээр тодорхойлж болдог ажээ.
Ийм төрлийн хүүхдийн зан чанарыг багад нь засахад тусалбал, гэр бүлийн уур амьсгал, харилцаа, сурлага, нийгмийн харилцааны хөгжил сайжирна. Хүүхдийг ажиглаж эцэг, эхтэй нь, өөртэй нь ярилцаж зан үйлийн доголдлыг тогтоох боломжтой. Иймэрхүү талууд ажиглагдвал хүүхдийн сэтгэл зүйчид хандах, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтад хамрагдаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв.
Мэрилендийн хүүхдийн сэтгэл зүйч, анагаах ухааны доктор Майкл Броди зургаахан настай хүүхдийг гэмт хэрэгтэн болох магадлалтай гэсэн тодотгол өгвөл асуудал үүсэж мэднэ гэж үзжээ. Тэрбээр “Хүүхдийг ирээдүйд гэмт хэрэгтэн болно гэж тодорхойлчихоод араас нь арга хэмжээ авч чадахгүй бол зүгээр байсан хүүхдийг ч гэмт хэрэгтэн болгочихож мэднэ. Ийм төрлийн судалгаа их байдаг ч практикт буулгахад хэцүү” гэлээ.
Туслахуудтайгаа нийлж 35 хүний амийг хөнөөсөн Америкийн цуутай цуврал алуурчдын нэг Чарльз Мэнсон 17 настай Кэтлин Мэддоксийн хүсээгүй хүүхэд болон мэндэлсэн. Мэнсоны бага нас бусад цуврал алуурчдын нэгэн адил хүнд хэцүү өнгөрчээ. Түүний төрсөн эцэг нь Уильям Мэнсон гэгч байсан бөгөөд Чарльзыг зургаан настай байхад шатахуун түгээгүүрт зэвсэгтэй халдаж дээрэмдсэн хэргээр таван жил хоригдсон байна. Чарльз авга эгч болон түүний садист нөхрийн хүчирхийлэл, доромжлолд хэдэн жил амьдарч, энэ нь сэтгэхүйд нь нөлөөлсөн.
Чарлиг сургуульд орох анхны өдөр хүргэн ах нь түүнд эмэгтэй хүүхдийн хувцас өмсгөж, шившиг болгосон байна. Энэ нь сургуулийнх нь хөвгүүд түүнийг доромжилж, зодох шалтгаан болжээ. Чарльз өсвөр насандаа хулгай хийсээр эцэст нь баригдаж хүүхдийн асрах төвд очсон. Ирсэн анхны өдрөө оргож, хөвгүүдийн тусгай дэглэмтэй лагерь руу шилжсэн. Тэнд байхдаа өөрөөсөө ах хөвгүүдэд хүчирхийлүүлж байлаа. Түүний бага нас үнэхээр хүнд байснаас хүчирхийлэгч болсон гэж дүгнэсэн.
Бүгд алуурчин, хүчирхийлэгч болдог гэсэн үг биш. Бага ахуй насандаа хэцүү амьдрал үзсэн хүмүүс эсрэгээрээ сайн зан үйлтэй нэгэн болж төлөвших тохиолдол олон. Тэд дотроо хэн нэгэн өөрийг нь ирж аврахыг л хүлээж байдаг. Харанхуйгаас өөрийгөө аварч чадсан нэгний түүхийг сонсоод тэд эерэгээр өөрчлөгддөг. Өөрийгөө засах боломж хайж байдаг. Тиймээс энэ зан үйлийн доголдолтой гэж тодотгоод орхих биш, тэр хүүхдэд туслах хэрэгтэйг шинжээчид анхааруулсаар байна.
НИЙТЭЛСЭН Г.САЙНЗАЯА
PeaK.mn
URL: