С.ЖАВХЛАН, Л.БОЛД, Ж.БАТЗАНДАН НАРЫН НАМД ЭЛСЭЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

3509

УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсэж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт хариуцлага тооцсоны дараа тэд намаасаа гарч шинэ нам байгуулан ажиллаж байгаа. Одоогоор хөдөө, орон нутгаар явж иргэдтэй уулзаж буй бөгөөд удахгүй намын нэр болон дүрмээ тодорхой болгон баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Одоогоор хөдөлгөөний журмаар үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд нэр нь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан уг намд элсэж буй талаараа “Шударга, зөв гишүүдтэйгээ хамтарч нэгдээч гэсэн саналыг иргэд өнгөрсөн хугацаанд их тавьсан. Уг шийдвэрийг гаргахад нийгмийн захиалга нөлөөлсөн. Улс төрд ганцаараа байх үнэхээр хэцүү юм. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шиг улс төрд би их ганцаардсан. Л.Болд, Ж.Батзандан гишүүн надад удаа дараа санал тавьсан. Энэ дагуу маш удаан судалсны эцэст уг намд элсэхээр боллоо. Уг хоёр гишүүнтэйгээ хамтран тулгын гурван чулуу болж үнэний галыг бадраах гэж байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд орж дуу хоолой, хурай болж ажиллана. Цаашид олон ажил хайх болно” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих