Ил болсон 33 их наядын өмнөх, хойшхи “зам мөр”-ийг тэгшилсэн “нийгүүлсэнгүй” хуулиуд
Улс төрийн тогооноос хальж хуулийн хүрээнд орж ирж буй 33 их наяд төгрөгийн асуудал олны анхааралд өртөв.
Эзний алба ээлжтэй гэдэгчлэн АТГ-ын халаагаа өгч буй дарга Х.Энхжаргал энэ асуудлыг олон нийтэд ил тод болгож байна. Тэрбээр томилгооны асуудал хэлэлцсэн УИХ-ын Байнгын хорооны хурал дээр “Намайг томилогдож ажилласан 2 жил 10 сарын хугацаанд хамгийн их саад болсон зүйл гэвэл баахан бондуудыг гаднаас зээлж авч замбараагүй үрчихээд өнөөхөө 2015 онд Өршөөлийн хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Өөрөөр хэлбэл, хууль бусаар олсон, хууль ёсоор тайлагнаагүй гэсэн 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан. Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод Монгол Улсын нэр пад хар болчихсон. Гол юм энэ байгаа” гэсэн билээ.
Хэдийгээр ийм үйл явц өмнөх парламентын үед олны нүдэн дээр ил цагаан болоод өнгөрсөн ч үүний мөнгөн илэрхийлэл дүн одоо тодорхой болж байгаа нь энэ.
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга үүнийг “Цэвэр хулгайн өмч” гэж тодотгосон нь учиртай. Тухайн үеийн үйл явцыг одоо эргэн харахад дараалал логик нь бүр эртнээс тооцож төлөвлөгдсөн мэт анзаарагдаж байна.
…2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам парламентад олонхи биш олуулаа болсон. Өөрөөр хэлбэл нийтдээ 31 суудал авч олуулаа болж байв. Тухайн үеийн парламент бүтцийн хувьд хамгийн олон нам эвслийн төлөөлөгөөс бүрдсэн, гурван ч бүлэгтэй, бие даагчтай гэхчлэн юм юмтай л байж. Тодруулбал, МАН 25 суудалтай, Шударга ёс эвсэл /МАХН+МҮАН/ 11 суудалтай, ИЗНН 2, Бие даагч 3 гэхчлэн, товчхондоо маш хүчтэй сөрөг хүчинтэй гэж харагдахаар парламент байв.
Хэдий тийм ч энэ дундуур “хазаар гүйлгэсэн” хууль гарчихсан байгаа юм. Дарааллыг нь авч үзвэл 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдаж, батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байв.
Энэ хуулийн зорилго нь хуульд томъёолсончлон “хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлогоо ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж” байв.
Гэхдээ тухайн хуулийн хүчинтэй хугацаа хүчин төгөлдөр болсон өдрөөсөө эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар зохицуулагдсан юм. Өөрөөр хэлбэл дараагийн сонгуулийн өмнөхөн гэсэн үг. Цаг хугацааны хувьд ч ийн АН-ын эрх барьж байх үед зориулагдсан мэтээр яв цав таарсан байдагнь тохиол уу, эсвэл тохиролцоо юу.
Энэ хуулийн үйлчлэл “нүд ирмэх” зуур үр дүнгээ өгч 33 их наяд төгрөгийн нуугдмал хөрөнгө, орлого гэнэт ил тод болж, монголчуудын нэг хэсэг нь хэр хөрөнгөжсөнөө гэнэт илэрхийлсэн билээ. Гэхдээ энэ хөрөнгө зөвхөн АН-ыг эрх барьж байсан он жилүүдэд бий болсон уу гэвэл тийм биш. Бас зөвхөн Чингэс болон Самурай бондын эмх замбараагүй зарцуулалтаас “шомбодсон” хөрөнгө үү гэвэл бүр ч биш. Учир нь энэ хоёр бондын хөрөнгө нийлээд сайндаа 3 их наяд төгрөг болно. Харин бондын хөрөнгөөс тэнд “шингэсэн” байхыг үгүйсгэх аргагүй, ийм л юм.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлагдснаас ердөө 5-хан хоногийн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бас нэг гайхалтай хууль батлагдсан нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль байв. Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах “хөөрхөн” гэгчийн заалттай байв.
Ганцхан долоо хоногийн дотор шил шилээ харан гарсан энэ хоёр “нийгүүлсэнгүй” хуулийн харагдах өнгө нь сайхан ч цаад зорилго санаа нь мөнөөх эзэд нь “сайн дураараа” ил болгосон 33 их наяд төгрөгийн эд хөрөнгийн өмнөх хийгээд хойшхи зам мөрийг тэгшилж цагаатгах явдал байв. Ийм хоёр хууль тийм хүчирхэг сөрөг хүчинтэй парламентын дундуур хэрхэн яаж гүйдэл суудлаа олж батлагдав гэдэг нь бас гайхмаар ч юм шиг.
Энэ бол 33 их наядын драмын сүүлийн бүлэг. Харин эдгээр хууль батлагдахаас өмнө буюу эхлэл бүлэгт юу болов.
…2012 оны сонгуульд АН олуулаа болсны дараа Их эзний нэрээр 1,5 тэрбум ам долларын бондыг олон улсын зах зээлээс төвөггүйхэн босгож чадсан юм.Тухайн үеийн эрх баригчдын нотолдогоор энэ их мөнгөний урсгал бүтээн байгуулалтад шингэсэн гэдэг. Үржүүлэх бус үрэн таран хийж байгаа болохоор тэр мөнгө тэгсхийгээд дууссан. Дараа нь дахиад бонд босгосон. Тэр нь Самурай нэртэй.
2014 оны эхээр арван жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн дүнтэй бондын 24.3 тэрбум нь Монголд орж ирж байв. Энд нэг зүйлийг эргэн сануулахад Японы тал баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иенийг нь суутгасан тухай нэлээн дуулиантай яригдаж байгаад замхарч билээ. Самурай бондын хөрөнгийг хувийн хэвшлийг дэмжихэд зориулна гэсэн ерөнхий яриа л байсан. Харин хэрхэн яаж зарцуулсныг хэлж мэдэхгүй юм.
АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын хэлээд байгаа мөнөөх баахан бонд, замбараагүй зарцуулсан гэж байгаа хөрөнгө гэдэг нь энэ. Эдгээр бондуудын зарцуулалтын төгсгөл дээр буюу АН-ын эрх барьж байсан хугацааны эцсээр монголчуудын нэг хэсэг нь 33 их наядаар гэнэт хөрөнгөжсөн түүх иймэрхүү. Тэгэхээр асуудлын гол нь эдгээр бондуудын мөнгө энэ 33 их наядад хэрхэн шингэсэн бэ гэдгийг нягталж тодруулах шаардлага байгаа юм.
33 их наяд хэр их мөнгө вэ. Монгол Улс 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 11 их наяд төгрөгийг төсөвтөө төвлөрүүлэхээр зорьж /мөрөөдөл гэж тодотгосон ч болох байх/ байгаа. Хэрэв энэ жишгээр тооцвол энэ 33 их наяд гэдэг бүхэл бүтэн улсын маань 3 жилийн төсвийн орлоготой дүйж байна.
Харамсалтай нь ийм хэмжээний хөрөнгө буруу гараар орж, “цэвэр хулгай” гэсэн тодотголд орж байна. Аймаар уу.
Энэ тухайд УИХ-ын ХЗБХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр ээлжит бус чуулган хэлбэрээр долоохон зүйлтэй хуулийг баталсан. Энэ бол татвараас зугтсан, Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өмч хөрөнгө, татвараас зугтсан мөнгөн хөрөнгөө хууль ёсны болгох энэ хуулийг баталсан. Энэ хуулийн үйлчлэл явагдсанаас хойш 33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хөрөнгөө бүртгүүлсэн хүмүүсийг мөрдөхгүй, шалгахгүй гэдэг хуулийг араас нь баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө” хэмээжээ. “Өмч нь хууль ёсны болсон ч хулгайлсан аргыг өнөөдрийн хуулиар шалгах ёстой” гэсэн билээ.
АН-ыг эрх барьж байх үед эдийн засаг сөхөрсөн шалтгааны нэг нь энэ болж мэдэх юм. Өмчтэй болсныг буруутгахгүй. Харин дээр хэлсэнчлэн арга нь зөв үү буруу юу гэдэгт л асуудал байгаа юм. Олон улсын бүх байгууллага энэ 33 их наядаас болж Монгол Улсын үнэлэмж зэрэглэлийг бууруулаад байгааг бодоход зөв гарын хөрөнгө биш гэдэг нь тодорхой байна.
Анхаарал татах өөр нэг асуудал гэвэл араасаа нэхэлтэй мөнгө хөрөнгөний хэмжээ тэрбумаар бус “Их наяд” гэсэн их тоогоор илэрхийлэгддэг болжээ.
М.Нэргүй
URL: