Бэлчээр талхлагдаж, мал усгүйдэж байна
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагдсан дүн гарчээ.
Өнгөрсөн намар орон нутгаас зах зээлд борлуулах малын судалгаа авахад 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах дүн гарсан ч өнгөрсөн өвөл малчид 18.0 орчим сая толгой малыг зах зээлд борлуулсан нь тооцоолж байснаас 2.1 сая толгойгоор илүү байжээ.
Өнгөрсөн оны намар 169.7 мянган малчин өрхөд 68.4 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар төлөвлөж мал аж ахуйн бэлтгэл ажлыг хангуулснаар 8.7 сая толгой малыг отроор, 58.0 орчим сая толгой мал аймаг, сумандаа өвөлжсөн аж.
Энэ оны хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгийн ихэнх сумдад цас их орж эрс хүйтэрсэн, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө ашиглаж дууссаны улмаас хаваржилт хүндэрч Баян-Өлгий аймагт 10 мянга гаруй, Говь-Алтай аймагт 5600 орчим толгой мал зүй бусаар хорогджээ.
Гуравдугаар сарын эхээр бог мал төллөж эхлэн Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь.Сэлэнгэ, Төв аймгуудад төлийн хорогдолгүй, Баян- Өлгий, Ховд, Завхан, Говь-Аптай аймгуудад олон мал хээл их хаяж, төл мал цөөнгүй хорогдсон дүн гарсан байна.
Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Булган, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймагт малын ус хангамж хүрэлцээгүй, шинэ худаг гаргах хэрэгцээ их байгаа, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад үлийн цагаан оготны тархалт ихсэж байгаа тухай мэдээлэл ирж байгаа тул яамнаас эхний удаад “Бэлчээр хамгааллын ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл бэлтгэж яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байгаа аж. Энэхүү тогтоолын төсөлд Үлийн цагаан оготны хөнөөлийг багасгах зорилгоор 645.0 мянган га талбайд тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, бэлчээр хамгааллын өдөртэй болох зэрэг асуудпыг тусгаад байгаа аж. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Мал усгүйдэж, худаг хүрэлцэхгүй байна
Бог мал төллөж дуусах шатандаа, бод мал ид төллөж байгаа үед ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, малын ус хангамжийн хүрэлцээ муу байгаа нь малчдад хүндрэл учруулж байгаа.
Оны эхэнд 29.7 сая эх мал тооллогдсоноос 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байгаа бөгөөд 04 дүгээр сарын 25-ны байдлаар эх малын 53.7 хувь буюу 15.9 сая хээлтэгч төллөж, 15.6 сая төл бойжиж, төл бойжилт 98.6 хувьтай гэсэн мэдээтэй байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгууд 50-иас дээш хувьтай байгаа аж.
Манай улс 2018 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалт бүхий инженерийн хийцтэй 14332, энгийн уурхайн буюу гар худаг 29345, нийт 43677 мянган худагтай одоо байгаа нийт худаг нь 66.5 сая толгой малыг усаар бүрэн хангах боломжгүй гэж сайд мэдээлэлдээ дурдлаа. Малчид өвөл, хаврын бэлчээртээ гол төлөв гар худгийг, зун намрын бэлчээртээ инженерийн хийцтэй худгийг ашигладаг. Нийт гар худгийн 80 орчим хувийг өвөл, хаврын улиралд ашигладаг. Цас багатай өвөл мал усаар дутагдаж тарга хүчээ алдах, явдал байнга тохиолдож, цаашид ч энэ байдал улам хүндрэх төлөвтэй байгааг онцолсон.
Үлийн цагаан оготнотой “гурван тэрбум”-аар тэмцэнэ
Үлийн цагаан оготны бэлчээрт учруулж буй хөнөөл нь бүс нутагт бэлчээрийн талхагдлыг нэмэгдүүлэх, мал идэх өвсний хэмжээг бууруулах, малын тарга хүч авах боломжийг багасгах, зүй бус хорогдлыг нэмэгдүүлэх зэрэг шууд болон шууд бус сөрөг нөлөөг үзүүлж бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд бодитой хөнөөл учруулж буй нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийхдээ онцоллоо.
Бэлчээрийн ургамал хамгааллын ажлын хүрээнд 2019 онд улсын төсөвт тусгагдсан 1.69 тэрбум төгрөгөөр 13 аймаг, отрын бүс нутгийн 528.1 мянган га талбайд үлийн цагаан огтонотой, дөрвөн аймгийн 86.0 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэгдүгээр үе шат буюу 4-6 дугаар сард Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Сүхбаатар, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад, хоёдугаар үе шат буюу 9-11 дүгээр сард Дорноговь, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймаг, аймаг дундын отрын бүс нутагт зохион байгуулах гэрээг аймаг, орон нутгийн удирдлагатай байгуулан тэмцэх ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Харин 9-11 дүгээр сард үлийн цагаан оготнотой энгийн механик болон биологийн аргаар тэмцэх ажлын гэрээг 5 дугаар сард багтаан аймгуудтай байгуулж бэлтгэл ажлыг хангуулан ажиллахаар төлөвлөсөн байна.
Бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготны тархалтыг хэвийн хэмжээнд хүргэх зорилгоор голомтлон тархсан 11 аймгийн 50 гаруй сумын 645.0 мянган га бэлчээрт энгийн механик, биологийн болон микробиологийн аргаар төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, малчид, иргэд, цэргийн алба хаагчдын оролцоотойгоор тэмцэх ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа учир үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд энэ онд шаардагдах 3.0 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлүүлэх, тэмцэх ажилд бүх нийтийн оролцоог хангах, бэлчээр хамгааллын өдөр зарлуулах зорилгоор Засгийн газрын хуралд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч нэгтгээд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.
Малын тоо 1990-2018 он хүртэл 29 жилийн хугацаанд 24.6 саяас-66.5 саяд хүрч бэлчээрт үзүүлэх ачаалал 2.1 дахин, малчин өрхийн тоо 74.5 мянгаас 169.7 мянга болж 2.3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэг малчин өрх 1990 онд дунджаар 330 толгой малтай байсан бол 2018 онд нэг малчин өрх дунджаар 390 толгой малтай болж 60 толгойгоор нэмэгдсэн. Мөн төв болон хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн малын тоо 29 жилийн хугацаанд 9.7 саяаас 30.7 саяд хүрч, малын тоо 21.0 сая толгойгоор нэмэгджээ.
Дээрх тоо баримтаас үзэхэд бэлчээрийн даац хэтэрч бэлчээр талхлагдан доройтох, малын чанар муудан мал аж ахуйн үйлдвэрлэлээс олох малчдын орлого буурч ядуурал ажилгуйдэл нэмэгдэх, мал аж ахуйн салбарын байгаль цаг уурын эрсдлийг даван туулах чадварыг бууруулах зэрэг сөрөг нөлөө үзүүлжээ.
Малчин өрх, малын тоо өсөж байгаатай холбогдон цаг хүндэрсэн үед малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутгуудыг байгуулах шаардлагатай бий болсоор байгаа аж.
Н.Энх
Эх сурвалж: Shuud.mn
URL: