ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙН ЭСРЭГ ЖАГСАГЧИДТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХЭЭР БОЛЛОО

Идэр есийн хүйтэн жавар та чигнасан өдөр иргэд үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж, хувцсаа зузаалан төв талбайд цугларлаа. МҮЭХ-ноос зохион байгуулж буй энэхүү жагсаалд тус холбооны 13 салбар, эрүүл мэндийн салбарын 37 байгууллага, орон нутгийн төлөөлөл, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбоо гээд олон байгууллагын төлөөлөл нэгджээ. Тэд үнийн хөөрөгдлийг даруй бууруулахыг Засгийн газраас шаардахаар ийнхүү жагсаж буй. Жагсаалд оролцогчид амны хаалт дээрээ “валют”, “үнэ”, “шатахуун” хэмээн бичиж, “Үнийн хөөрөгдлийг бууруулъя”, “Улсад маань эзэн байна уу”, “Цалинтай ядууралд нэрвэгдлээ” гэсэн уриа лоозон барьжээ. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Бид өнөөдөр улс төржих бус, иргэд маань бүтэн талх идэж чадахгүй байгаа болохоор жагсаж байна. Улс оронд нь ийм нөхцөл үүсчихээд байхад манай төр засгийнхан эрх мэдэл, суудлын төлөө тэмцэлдэхээс өөрийг хийхгүй байна.

Тиймээс иргэд тэднийг ажлаа хийж чаддаг болтол нь тэмцэх хэрэгтэй” гэв. Тэнд цугласан хүмүүсийн заримаас сэтгэгдлийг нь сонсоход иргэн С.Доржго тов “Би ийм үйл ажиллагаа зохиох гэж байгааг сонсоод дэмжихээр ДарханУул аймгаас зорьж ирлээ. Ганц би ч биш, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгаас хүмүүс ирсэн байна. Энэ тэмцэлд хүн бүр оролцож байж л ялалт байгуулна. Тэгэхгүй бол хэсэг бүлэг хүмүүсийн үгийг төрийн удирдлагууд сонсохгүй болоод удаж байна” гэлээ. Жагсаал эхэлснээс хойш цагийн дараа Засгийн газрын төлөөлөл ирж “Валютын өсөлтийг төр эрх мэдэлдээ ав, өргөн хэрэглээний барааны үнийг бууруул, шатахууны үнийг өмнөхөөс бууруул” гэсэн шаардлагын хуудсыг хүлээж авснаар дүн өвлийн хүйтэнд малгай ороолтоо цанттал зогссон 1000 орчим хүний ихэнх нь тарав. Харин зарим нь шаардлагын хариуг өгтөл Төрийн ордноос хэнийг ч оруулж, гаргахгүй байхаар дөрвөн талын хаалгыг хааж зогсоцгоосон юм. Тэд 16.00 цаг хүртэл зогссоны эцэст Засгийн газар өнөөдөртөө багтаж хэлэлцээр хийхээ амласнаар жагсаал өндөрлөв.


URL:

Сэтгэгдэл бичих