Хогийн цэг хүмүүсийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Хогийн цэг хүмүүсийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг тухай НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Сувдын бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
Хортон шавж, мэрэгчдийн үржих эх үүсвэр нь хатуу хог хаягдал. Тэдгээр амьтнаар дамжин хүн амын дунд халдварт өвчин нэмэгдэх магадлалтай. Жишээлбэл, хот суурин газрын ойролцоо хог хаягдлын цэг байх нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг Итали Улсад 2011 онд хийхэд хатуу хог хаягдлын бүсээс таван км зайд амьдрах нь амьсгалын замын өвчлөлд хүргэх эрсдэлтэй гарсан байдаг. (Heaney et al, 2011, Correa et al. 2011)
Түүнчлэн халдвартай хог хаягдлыг зохистой менежментийн дагуу устгаагүйгээс үүдэн халдварт өвчин дэгдээх эрсдэл ч бий. Тухайлбал, боом, татран, хийт үхжил зэргийн үүсгэгч нь хог хаягдлаас хөрсөнд дамжин бүрхүүл үүсгэн хэдэн арван жил хадгалагдах чадвартай.
Их Британид хийгдсэн судалгааны дүнгээр аюултай болон энгийн хог хаягдлын цэгтэй ойролцоо хоёр км-н радиусд амьдардаг хүн амын дунд төрөлхийн гажгууд, гэдэсний хананы гажиг, хүүхэд бага жинтэй төрөх зэргээр ураг бүрэлдэх үед болзошгүй эрсдэл ихэсдэг болохыг нотолжээ. (Aatamila et al., 2011; Heaney et al., 2011; De Feo, De Gisi and Williams, 2013).
Үүний дээр хог хаягдлыг ил задгай шатааснаар нам температурт шатах, шаталгүй уугьснаас үүдэн олон төрлийн хортой ба аюултай химийн бодисууд бий болдог. Тэдгээр нэгдэл нь шатаж байгаа материалын найрлагаас үл хамааран үүсэх бөгөөд энэ үед үүссэн хорт нэгдлүүд нь хол зайд тархаж, хур тунадастай хамт хөрс, ургамал болон усанд бууж, бохирдуулдаг.
Шаталтаас үүссэн үнсэнд мөн бохирдуулагч бодисууд агуулагдах бөгөөд энэ нь мөн л хөрс, усанд орж бохирдол үүсгэдэг. Түүнийг нь амьтад залгиж, биедээ хуримтлуулдаг бол ургамал тэдгээрийг өөрсдийн навчаараа шингээж авдаг. Бохирдсон хүнсийг идсэнээр бохирдуулагч бодис хүнд дамжина. Өөрөөр хэлбэл, хатуу хог хаягдлыг зориулалтын дагуу устгаагүйн улмаас хүмүүс өөрсдийгөө хордуулж байна гэсэн үг юм.
Ийнхүү ил задгай шаталтаас үүссэн утаа, тортог нь амьсгалын замын эрхтэнд нөлөөлөх бөгөөд ялангуяа, хүүхэд, хөгшид, багтраа өвчтэй болон бусад амьсгалын замын өвчтэй, зүрх уушгины архаг өвчтэй хүмүүст хортой нөлөө үзүүлдэг болохыг Стокгольмын Конвенцын 5-р зүйлд дурдсан байдаг.
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Сувд
URL: