Одоо Ц.Элбэгдоржийн ЭЭЛЖ ирсэн үү
Нийгмийн сүлжээний өчигдрийн трэнд сэдэв нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг баривчилсан гэх мэдээлэл байлаа. Энэ мэдээллийг нэг хэсэг нь болох ёстой зүйл болдгоороо боллоо хэмээн өөгшүүлж, харин хэвлэлийнхэн хэн хаанаас баривчлав гэсэн эх сурвалжийн эрэлд гарсан. Ингэхдээ хуулийн байгууллагаас “баривчилгаа явагдаагүй” гэсэн хариултыг авснаар уг асуудалд хэвлэлээр өндрөө авсангүй. Харин сошиал сүлжээнд өнөө ч сэдэв болон яригдаж байна.
Магадгүй энэ мэдээлэл ямар нэг үйл явдлын урьдчилгаа байхыг ч үгүйсгэх аргагүй. Эхлээд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, “муухай” харагдуулаад, жинхэнэ ажиллагаагаа хэрэгжүүлдэг туршлага манай хуулийнханд бий. Гэхдээ энэ мэдээлэл хуулийнхны тактик мөн эсэхийг хэлэхэд эртэднэ.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуулийн байгууллагад хандсан. Тэрбээр Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Энх-Амгаланд “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлаар батлуулах гэж байсан үйлдлийг шалгуулах”-аар хандсан юм. Ингэхдээ гэмт хэргийн шинжтэй гэх 178 хуудас баримт материалыг өөрийн гараар гардуулж өгсөн. Харин прокурорын байгууллага уг хэргийг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан “Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа-Худаг-Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслүүдийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их хурлын болон, Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг илтэд зөрчсөн” гэх эрүүгийн 180200112 дугаартай хэрэгт хамтатган шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн үйл явдал өрнөсөн.
Ингэж эхэлсэн хэрэг явдал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг байцаалтад дуудсанаар үргэлжлэв. Энэ бол энэ оны 02 дугаар сарын 22-ны өдрийн онцлох үйл явдал байсан. Тухайн өдөр экс ерөнхийлөгч гутлаа тосолж, зангиагаа зүүгээд АТГ-т очиж, Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг өгсөн юм. Энэ тухайгаа тэрбээр “Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр асууж тодрууллаа. Хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудвал бид ирж, асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Ерөнхийлөгчийн өгсөн 178 хуудас материалтай би танилцаагүй. Хавтаст хэрэг рүү хийсэн байгаа. Би ил болгооч гэсэн санал тавьсан, нуух зүйл байхгүй” гэсэн товчхон хариултыг хэвлэлийнхэнд өгөөд буцсан.
Энэ байцаалтын дараа Ерөнхийлөгчийн тавьсан экс Ерөнхийлөгчийг шалгуулах асуудал хэсэгтээ нам жим байв. Мэдээж, хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж буй байх. Харин өчигдөр гэнэт тарсан “Ц.Элбэгдоржийг гэрээс нь баривчиллаа” гэх мэдээлэл олны чихийг дэлдийлгэлээ.
Манайд төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнээ шалгаж, баривчилдаг түүх бий. Гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын бор оймстой хөлийг гозолзуулан баривчилж, сүр дуулиантай хэрэг явдал өрнөж байсан цаг саяхан. Энэ баривчилгааны ард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан гэж таамаглагчид олон. Харин одоо Н.Энхбаярын дараа Ерөнхийлөгчийн суудалд суусан Ц.Элбэгдоржийг баривчлах ээлж ирэв үү? Түүнийг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Тэгэхээр Монгол төрийн тэргүүний сэнтийд суусан эрхмүүд буусан нэгнээ шалгуулдаг бичигдээгүй хууль тогтжээ. Н.Энхбаярыг Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдоржийг Х.Баттулга гэхчлэнгээр гинжин холбоо цааш хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа харуулна.
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай юу. Эсвэл төрд зүтгэсэн нэрээр хулгай хийж, худал хуурмагийг үйлдэгчид Монголыг удирддаг уу?!
Б.Болд
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN
URL: