УИХ цэцэд очих бас нэг хэрэг тарилаа

4-30-14_bЭрх баригч намын бүлэг өчигдөр хуралдаж, АТГ-ын даргад З.Дашдавааг, дэд даргад Ж.Батсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байна. Энэ асуудал өнөөдөр холбог­дох байнгын хороогоор орж, энэ долоо хоногийн сүүлчээр чуулганаар хэлэлцэх товтой байгаа юм.

Гэхдээ АТГ-ын дарга нарын томилгоонд хуулийн хүрээнд ойлгомжгүй байдал үүсээд байна. Тухайлбал, АТГ-ын даргыг парламент чөлөөлж, томилох хуулийн заалттай. Гэтэл одоогийн дарга Х.Энхжаргалыг УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй байгаа. Зүй нь бол өмнөх албан тушаалтныг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэний дараагаар Ерөнхийлөгч томилох хүнээ санал болгож, парламент түүнийг нь хэлэлцээд явах учиртай. Энгийнээр бодсон ч аливаа томилгоо ийм л дарааллаар явдаг. Гэтэл чөлөөлөх асуудлыг нь шийдэхгүйгээр шууд Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлж оруулж ирсэн хүмүүсийг дэмжиж эхэлсэн нь УИХ өөрийн гэсэн чадамжгүй, толгойгүй, хүний үгээр хөдөлдөг болохоо л харуулж байгаа хэрэг. Парламент Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар очвол унах нөхцөл байдал үүснэ л дээ.

Тухайлбал УИХ-ын Дэгийн хуульд УИХ-д ажлаа шууд харилцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхдээ  тус хуулийн 45.1, 45.2 -ээр зохицуулна гэсэн байдаг. 45.1-д УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Түүнчлэн 45.2-д Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно гэжээ. Тэгэхээр яах аргагүй АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг эхэлж чуулганаар хэлэлцэх учиртай болж байна.

Ер нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудал нэлээд эртнээс яригдаж эхэлсэн. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч УИХ-д санал хүргүүлж байсан ч Хууль зүйн байнгын хорооноос  хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буцааж байсан удаатай. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн зүгээс чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлж байв. Уг албан бичигт УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзжээ. Тиймээс АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байна гэжээ. Энэхүү албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж авсан. Тэрээр хуулийн хүрээнд эхлээд АТГ-ын даргын чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ, дараа нь томилохыг ярина гээд сууж байх бүрэн эрхтэй хүн. Гэтэл энэ мэтчилэн олон асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар бууж өгдөг боллоо.

Ийнхүү эрх баригчид хууль зөрчөөд ч хамаагүй,  Ерөнхийлөгчийн саналыг л эхний ээлжинд биелүүлэх нь зүйтэй гэж үздэг болсон нь энэ асуудал дээр ч ажиглагдаж байна. МАН-ын бүлгийг олонх АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нарыг дэмжсэн. Тэдний талаар товч танилцуулъя.

З.Дашдаваа нь одоогоор ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга, 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан байдаг. Харин АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга, 2016-2017 оны хооронд ШШГЕГ-ын  дэд даргаар ажиллаж байсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.30 № 89 (6056)

Т.БАТСАЙХАН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих