Гэмт хэргийг багасгая гэвэл цагдаагийнхаа тоог нэмэх ёстой

3411

Гэмт хэрэгтнүүдийн улс

Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 36220 гэмт хэрэг гарчээ. 2017 онд 32259 гэмт хэрэг гарч байсантай харьцуулахад 12.3 хувиар өссөн байна. Сэтгэл эмзэглэмээр нь, гэмт хэрэг дотроо хүнд гэмт хэргийн тоо 20 гаруй хувиар огцом өсжээ. 2017 онд 6747 байсан бол 2018 онд 8125. 2019 оны эхний гурван сард өмнөх оны мөн үеийнхээс бага зэрэг бууралттай гарсан ч тайвшрах шалтгаан биш. Бид бүхний өмнө “Гэмт хэргийн жил бүр 10 гаруй, хүнд гэмт хэрэг 20 хувь өссөөр гэмт хэрэгтнүүдийн улс болох уу, ямар нэг дорвитой алхам хийх үү” гэсэн асуудал хурцаар тавигдаад байна. Ийм огцом өсөлтийг “Хүн ам өсөж байгаа учир гэмт хэргийн тоо дагаад өсөж байна” гэдгээр тайлбарлах боломжгүй.

Гэмт хэргийг багасгая гэвэл цагдаагийнхаа тоог нэмэх ёстой

Нэг гэмт хэргийн цаана дор хаяж нэг буюу түүнээс илүү гэмтэн байдаг. Шүүхээс шийдвэрлэгдэж ял сонсоогүй боловч гэмт хэрэг үлдсэн, гэмт хэрэгтний тоо жил хэдэн арван мянгаар тоологдож байна. Монгол Улс цаашид гэмт хэрэгтнүүдээр дүүрч, улам бүр шоронжиж, хуульгүйдэхийн дохио энэ мөн. Энэ байдлаас гарахын тулд бид гэмт хэрэгтэй тэмцдэг гол хүч болох цагдаагийн алба хаагчдынг тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Орон тоогоо нэмэхийн тулд цалин, хангамжийг нь дунджаас дээгүүр болгож өсгөх учиртай.

10 дахин ачаалалтай ажиллаад 20 дахин бага цалин авдаг

Улс улсын мөнгөний ханш, эдийн засгийн чадамж харилцан адилгүй учир дундаж цалинтай харьцуулаад явчих нь зөв байх.

Америкийн нэгдсэн улсад цагдаа нар дунджаас дээгүүр цалин авдаг. Эрсдэлтэй ажил гэдэг утгаараа ийм байдаг. Муж, муж харилцан адилгүй ч ерөнхийдөө жилд 50 000 ам.доллароос буудаггүй. Тухайлбал, Оклахома мужийн цагдаад нэлээд олон жил ажилласан ахлах тушаалын офицер одоогоос гурван жилийн өмнө жилд 62 783 ам.долларын цалин авдаг байжээ. Гэтэл тэд Лондоны цагдаа нарын цалинг сонссон бол лавтайяа ажил хаях байсан биз. Их Британид цагдаагийн офицерын дундаж цалин 80 орчим мянган ам.доллартой дүйнэ. Гал унтраагчид, онцгой байдлынхан нь яг адилхан цалинждаг. Гурван жилийн өмнөх баримтыг л яриад байна. Тухайн үед хямрал бүрэн арилаагүй байсан учир цагдаа нар нь эрсдлийн сан маягтай юм байгуулаад сар болгон цалингийнхаа таван хувийг хураалгаад явдаг байсан гэдэг. Хямралтай байсан ч гэсэн ирээдүйгээ бодоод хэдэн төгрөг илүүчилж чаддаг байж. Цагдаа ядуу байсан бол төмөр авдартаа биш нийтийн санд мөнгө өгнө гэдэг хэцүү нь тодорхой.

Гэмт хэргийг багасгая гэвэл цагдаагийнхаа тоог нэмэх ёстой

Харин Монгол цагдаа жилд дунджаар 7.5 сая төгрөгийн цалин авдаг. 3000 гаруй ам.доллар гэсэн үг. Таван жилийн өмнө дунджаар 5.0 сая төгрөг авдаг байсан, мөн л 3000 орчим ам.доллартой дүйж байсан. Дэлхийн хэмжүүрээр бол цалин нэмэгдээгүй гэсэн үг. Монгол цагдаагийн цалин америк цагдаагаас 20 дахин, британийнхаас 30 дахин бага ажээ.

Монголынцагдаагийн байгууллагын түүхэнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан албан хаагч 100 гаруй байдаг. Олон жилийн түүхэнд шүү дээ. Дундажлаад үзвэл жилд 1-2 цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэсэн үг. Манай цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн өөдөөс гар хоосон шахуу тэмцдэг гэдгийг тооцвол энэ бага тоо. Гэхдээ нэг ч цагдаа албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдах учиргүй гэдэг өнцгөөс харвал маш энэ их тоо.

Ажлын ачаалал их, эсвэл бага байх нь цалинтай шууд хамааралтай нь ойлгомжтой. Тэгвэл монгол цагдаа ачаалалгүй болоод бага цалин авч байна уу гэвэл тийм биш.  Дэлхийн бусад орны цагдаа нартай харьцуулаад цалин нь шударга байгаа эсэхийг харъя. Нэг цагдаад ногдох хүн амын тоо хамгийн бага нь Чех улс байдаг юм байна. Тус улсын нэг цагдаад 178 хүн ногддог аж. Гэхдээ энэ тоо улс орнуудад тэнгэр газар шиг зөрөөтэй бөгөөд Европын холбооны орнуудад 300-400 хүнд нэг цагдаа, Бангладешд 1200 хүнд нэг цагдаа ногддог байна. Монголд бол нэг хороонд 1-2 цагдаа, нэг туслах цагдаа байвал их юм. Гэтэл нэг хороо хамгийн багадаа найман мянган хүн амтай байгаа шүү дээ. Манай улсын хувьд, 4000 хүнд нэг орон тоотойгоор ажиллах жишиг нормативыг 2012 онд баталсан байдаг аж. Гэвч энэ тоондоо ч хүрэхгүй байгаа. “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Алтанбаатарын хэлснээр Монголын цагдаагийн байгууллага одоо баталсан жишиг нормативаас 3100 гаруй хүний орон тоо дутуу ажиллаж байгаа аж. Европын холбооны улсуудтай харьцуулахад монгол цагдаа 10 дахин илүү ачаалалтай ажиллаад 20 дахин бага цалин авч байна.

Нэмэгдлийг биш, үндсэн цалинг өсгөх ёстой

Цагдаагийн албан хаагч нэмэгдэл цалин авдаг. “Төрийн алба хаагчийн нэмэгдэл цалин нь үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байх ёстой” гэсэн хуулийн зохицуулалт цагдаагийн албанд хамаардаггүй. Тусгай үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд нэг жилийг нэг жил гурван сар ажилласнаар тооцох, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах гэх мэт давуу тал олгосон заалтууд бий. Монголын цагдаа албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан бол 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх нөхөн олговорыг ар гэрт нь олгодог. Эдгээр зүаалтууд нь цалин хөлсийг өсгөхгүй байх “чөдөр” болчихож байгаа юм биш биз гэсэн болгоомжлол төрөх болов. “Цалинг нэмчихвэл нэмэгдлүүд нь нэмэгдчихнэ”, “Нөхөн олговрын хэмжээ ихэсчихнэ” гэсэн үзэл гишүүдээс ханхлах бүрэн боломжтой гэдгийг мэдэх учраас ингэж хэлж байна.

Гэмт хэргийг багасгая гэвэл цагдаагийнхаа тоог нэмэх ёстой

2014 онд, тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн барьсан Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай  хуулийг хэлэлцэх үед УИХ-ын нэгэн эрхэм гишүүн “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор өгнө гэж байна. Төсөвт хэр хүндрэл гарахыг тооцож үзсэн үү” гэж асууж байсан юм. Энэ асуултын цаана “Хэмжээ дамжаагүй их мөнгө гарна даа” гэсэн харамсал давхар явж байгааг царай, дууны өнгө нь хэлж өгч байв. Ухаандаа, эрхэм гишүүнийхээр бол Х.Тэмүүжин сайд “Жилд төчнөөн цагдаа амь насаа алдана гэж үзээд тэдэн төгрөг төсвөөс гарна” гэчихсэн сууж байх ёстой байсан юм байна л даа. Тэр үед цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг байсан, 300 дахин нэмэгдүүлэхээр 57 сая 600 мянган төгрөгийн асуудал л яригдаж байсан хэрэг. Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан албан хаагч 100 гаруй байдаг.

Иргэд хуулийн дор амьдрах үүрэгтэй. Үүргээ биелүүлэх эсэх нь төр хэр хүчирхэг, хуулиа хэрэгжүүлж, хянаж чадаж байгаагаас шалтгаалдаг. Харин төр хүчирхэг байх эсэх нь цагдаа, хүчний байгууллагаас шалтгаалдаг.

Дундажлаад үзвэл жилд 1-2 цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэсэн үг. Манай цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн өөдөөс гар хоосон шахуу тэмцдэг гэдгийг тооцвол энэ бага тоо. Гэхдээ нэг ч цагдаа албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдах учиргүй гэдэг өнцгөөс харвал маш энэ их тоо. Тийм ч учраас Цагдаагийн албаны  тухай хуульд багаж хэрэглэлээр нь хангаж, нөхцөлийг нь сайжруулах замаар алба хаагчдаа хамгаалъя гэсэн санаа багтсан байгаа. Гэтэл жилд 50 гаруйхан сая төгрөг нөхөн олговорт өгснөөр төсөвт хүндрэл гарна гэж ярьж байсан юм. АНУ болон бусад оронд цагдаа нар заавал хоёулаа үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл манайд энэ боломж хомс. Ядаж энэ бололцоог нь хангаад өгчихсөн бол олон юм ярьж болмоор.

2017 онд, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Цагдаагийн албан тухай хуулийг хэлэлцэж байх явцад ч 87.11.Энэ хуулийн 87.9-д заасан цагдаагийн алба хаагчид олгох цалин хөлсний нэмэгдлийн хэмжээ нь Төрийн албаны тухай хуулийн 28.13-т заасан зохицуулалтад хамаарахгүй” гэдэг заалт дээр гишүүд нэлээд санал шүүмжлэл хэлж байж батлуулсан.

 УИХ-ын гишүүн төсвийн мөнгөнд тооцоотой хандах үүрэгтэй ч иргэдийн татварын мөнгийг иргэдэд нь зориулахаас татгалздаг байж болохгүй. Цагдаагийн нэмэгдэл цалин нь үндсэн цалингийн 40 хувийн хязгаарт баригдахгүй ч гэсэн энэ заалт нь нийт алба хаагчдын 70 хувь нь олох ахлагч нарт хүртээлгүй. Тиймээс үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлж, орон тоог нэмэн ядаж 2012 онд баталсан нормативтаа хүргэх шаардлагатай. Тэгэхгүй бол гэмт хэрэг цадигаа алдлаа. Цагдаа нар ажлаа хүчрэхгүй байна.

Угтаа бол гэмт хэргийг иргэд үйлдэж байгаа. Иргэд хуулийн дор амьдрах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх эсэх нь төр хэр хүчирхэг, хуулиа хянаж чадаж байгаагаас шалтгаалдаг. Харин төр хүчирхэг байх эсэх нь цагдаа, хүчний байгууллагаас шалтгаалдаг юм. Иргэдээ гэмт хэрэгтэн болохоос нь өмнө хамгаалъя. Цагдаагийн тоо, цалинг нэмье. Хоригдол ялтанд зарцуулдаг мөнгө алсдаа хэмнэгдэнэ.

Эх сурвалж: EAGLE.MN, Х.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих