Индонезод үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
“Индонезын баруун нутгийн Бенгкулу муж болон нийслэл Жакарта хотод буусан үер, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 31 хүрч, сураггүй болсон 13 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооноос даваа гарагт мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш үер, хөрсний гулгалтад нэрвэгдээд буй Бенгкулу мужид хүчтэй аадар бороо дахин орох төлөвтэй байгааг Цаг уурын газрын мэргэжилтнүүд анхааруулжээ.
“Үер, хөрсний гулгалтын улмаас 184 байшин барилга, 7 сургууль, өөр бусад 40 байгууламж сүйдсэн бөгөөд 12 мянга гаруй хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлсэн” гэж Бенгкулу мужийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Мөн тэрбээр, майхан, хийлдэг завь, хоол хүнс, ундны цэвэр ус, нярай хүүхдийн нэмэлт тэжээл нэн шаардлагатай байгааг онцолсон байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зам тээврийн дэд бүтэц сүйдэж, цахилгаан хангамж тасалдсан тул тусламжийг хүргэхэд хүндрэлтэй байгаа ажээ.
URL: