З.Батбаяр: Ус уул уурхайгаас илүү ашиг өгөх учиртай
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын орлогч дарга З.Батбаяртай ярилцлаа.
УС ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖ ЧАНАРАА АЛДСАН
-Дэлхий нийт усны асуудалд маш чухлаар хандаж байна. Харин манайд уул уурхай, улс төр л ярьж байна.
-Монголчууд тэр тусмаа Улаанбаатарчууд хамгийн үнэ цэнэтэй усыг хэрэглээндээ зарцуулж байна. Өвөг дээдсийн хэлдэг дөрвөн уулын дундах Алтан тэвшийн хөндийгөөс гарч буй ус чанарын хувьд үнэхээр сайн. Ийм усаар л бид хоолоо хийж, шалаа угааж, “ОО”-доо татаж байна байна шүү дээ.
Газрын доорх ус бол бас нэгэн баялаг. Үүнд ямар нэгэн нэмэгдэл боловсруулалт ч хэрэггүй. Ерөнхийдөө усны хэрэглээний асуудал замбараагүй байгаа нь үнэн. Гэтэл эдийн засгийн хувьд хамгийн гол бүтээгдэхүүн ус. Усанд үнэлгээ тогтоогоогүй. Үүнээсээ болоод эдийн засгийн шинж чанараа алдсан.
-Та усыг үнэ төлбөргүй гэлээ. Гэтэл хэрэглэсэн хэмжээгээрээ литр тутамд төлбөр төлж байгаа шүү дээ. Яагаад үнэгүй гэж?
-Усанд өөрийнх нь үнэ байхгүй. Манайхан өнөөдөр нэг литр усыг нэг төгрөгөөр авч байна. Хувийн худаг гаргасан айлууд литр тутамд аравхан төгрөгийн төлбөр төлж байгаа. Гэтэл энэ чинь усны үнэ биш. Бид усанд төлбөр төлөөгүй. Өөрөөр хэлбэл, усны зардлыг төлөөд усаа үнэгүй хэрэглэж байгаа гэсэн үг. Энэ нь эргээд худагт ус хүргэж байгаа жолооч, тухайн худагт ажиллаж байгаа хүний цалин зэрэгт зарцуулагдах жишээтэй. Өнөөдөр манай гэр хорооллынхон нэг литр усанд нэг төгрөг төлж байгаа бол орон сууцанд амьдарч буй иргэд 25 мөнгө төлж байгаа юм.
-Усны үнийг тогтооход төрөөс ямар бодлого баримталж байна вэ?
-Уул уурхайн компаниуд нэг шоо метр усыг 150 төгрөгөөр худалдан авч байна. Харин үүнд жинхэнэ усны үнэ яваад байгаа юм. Усыг бид ингэж л үнэлж байна. Үнийг нэмэх боломжтой. Талхыг үнээр худалдаж авч иддэг хэрнээ ундаалах усаа огт үнэгүй хэрэглэнэ гэж байж болох уу. Үүнийг л манайхан ойлгох хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн үнэлгээ хангалттай биш. Гэр хороолол болон орон сууцанд амьдарч байгаа иргэдийн усны хэрэглээний үнийг нэмэхээс илүүтэй усыг түгээхэд гаргаж буй зардлаа багасгахад анхаарах бодлого барьж байгаа. Ийм тохиолдолд усны үнэ одоогийнхоос буурах боломжтой. Харин уул уурхайн компаниудад ус ашиглалтын үнийг нэмэгдүүлэх ёстой. Одоогийн 150 төгрөгийг 4500 төгрөгт хүргэж болно. Мөн зайлшгүй нэмэх шаардлагатай төлбөрийн нэг нь ус бохирдуулсны төлбөр. Зарчим нь хэн хэдий чинээ усыг бохирдуулна тэр төдий чинээ төлбөр төлнө. Ус бохирдуулсны төлбөр бага гарах тусам бид баяртай байна. Яагаад гэвэл ус бохирдохоо больж байна гэсэн үг.
-Гэр хорооллынхон болоод орон сууцны иргэд усны төлбөрт бас л харилцан адилгүй үнэ төлж байна. Энэ нь дээр таны хэлсэн усны өөрийн зардалтай холбоотой байх. Манайд хэчнээн тооны худаг байдаг вэ?
-Орон сууцанд байгаа иргэнд усыг хүргэхэд зардал нь харьцангуй бага. Хоолойгоор дамжуулна. Насос ажиллана тэгээд л болоо. Харин гэр хороололд бол арай өөр. Манайд гурван янзын худаг бий. Цэвэр усны хоолой дээр барьсан худаг байгаа. Энэ тохиолдолд зөвхөн хоолойныхоо крантыг нээх хаах л төдий үйлдэл хийнэ. Ийм худгийн усыг нэг төгрөгөөр өгч байгаа. Тиймээс ийм төрлийн худагны усны зардал болох үнийг бууруулах боломжтой. Жишээ нь, ийм худаг нийслэлд хаана байгаа вэ гэвэл Дөлгөөн нуурын зүүн талд байна. Хоёр дахь нь өрөмдөж гаргасан худгууд орно. Ийм худаг Улаанбаатарт харьцангуй цөөхөн. УСУГ-аас зуслангуудын амуудад энэ төрлийн худаг гаргасан. Гурав дахь нь усан сан буюу ус хадгалах савтай худгууд бий. Хотын хэмжээнд нийтдээ ийм 370 гаруй худаг байдаг.
БИД УСНЫ ИХ БОЛОМЖИТ ЗАХ ЗЭЭЛИЙН КРАНТ ДЭЭР СУУЖ БАЙНА
-Ус бохирдуулж буй газартай хэрхэн хариуцлага тооцож байна вэ. Усны бохирдол хэзээ бүрэн арилах бол?
-Төлбөр төлөхгүйн тулд өөрсдөө байгальд ээлтэй, нэгдүгээр технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт, ус бохирдуулж буй газрууд өөрсдөө цэвэршүүлэх байгууламж барих хэрэгтэй. Ингээд цэвэршүүлэх байгууламжтай болоод ирэхээр ус бохирдуулсны төлбөрт санаа зовохгүй болно. Хоёрдугаарт, усаа цэвэршүүлсэн тохиолдолд эргүүлээд арьс ширний үйлдвэртээ ашиглана. Тэгвэл цэвэр усанд төлбөр төлөхгүйгээр эдийн засгийн хэмнэлттэйгээр үйлдвэрлэлээ явуулаад байх бүрэн бололцоотой. Түүнээс биш, Усны газрын бид нар ашиг олох гээд төлбөр авах гээд байгаа юм биш ээ.
-Энэ хэрээр усны хэмнэлт, эдийн засгийн зардал буурах нь мэдээж. Гэтэл Туул голын усны түвшин харсаар байтал багассаар байна шүү дээ.
-Ус бохирдох бүрт нөөц дундарч байдаг. Мөн замбараагүй хэрэглээнээс болоод Туул голын өнөөгийн байдал дэндүү эмгэнэлтэй, эмзэг байдалд хүрлээ. Туул гол бохирдоод загас ихээр үхлээ гэхэд хэн хариуцлага хүлээх вэ. БОАЖ-ын Сайд огцрох уу. Хотын дарга огцрох уу, эсвэл Усны газар ажлаа өгөх ёстой юү. Хариуцлагын асуудал ойлгомжтой байх ёстой. Улаанбаатар хотод бий болж буй бохирдол Туул голд үзүүлсэн нөлөөлөл нь Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт суманд илэрч байна.
Тухайлбал, Алтанбулаг сумынхан Улаанбаатар хотын иргэдээс бид ус бохирдуулсны нөхөн төлбөр авах ёстой гэсэн санал тавьж байгаа. Учир нь, Туул голоос хүн байтугай мал ундаалахад бэрх болсон талаар хэлж байна билээ. Бохирдлын хувьд шүү дээ. Байдал ийм л байна.
-Туул голоос гадна Сэрүүн Сэлбийн гол сэтгэл өвтгөсөн хэвээр байна. Магадгүй усны замбараагүй хэрэглээний үр дагавар гэж үзэж болох уу?
-Сэлбэ голын хувьд борооны усаар 60 хувь тэжээгддэг боловч сүүлийн жилүүдэд үндсэн тэжээл нь багассан. Модыг нь огтолсон. Усны эх хэсгээр ахуйн зориулалттай гүний худаг хэт олныг гаргасан. Сүүлийн үед зуслангийн айл бүр хашаандаа худаг гаргаж байгаа байдал нь Сэлбэ гол тасалдахад нөлөөлж байгаа юм. Нийслэлийн зуслангийн айлуудаас хашаандаа худагтай нь хэд вэ гэхээсээ худаггүйг нь тоолж гаргахад амархан болсон байж ч магадгүй хэмжээнд оччихоод. Гэтэл тухайн гудамжинд нэг худаг байхад л хангалттай баймаар.
-Цэвэр усны нөөцөөр Монгол дэлхийд толгой цохидог. Харин усаа “цэнхэр алт” болохыг нь хэр мэдэрсэн гэж бодож байна вэ?
-Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түлхэц юм бол усных нь асуудлыг бүрэн шийдвэрлэх ёстой. Усны асуудлыг шийдвэрлэхдээ усны нөөц, бохирдол талаас нь анхаарах хэрэгтэй. Ус хэнийх юм бэ гэдэг нь ойлгомжтой байх нь чухал. Бид зөвхөн усаа үнэлээд, усаа зараад суугаад байхад л Оюутолгойн зэс, Тавантолгойн нүүрснээс хэд дахин илүү ашиг олохоор харагдаж байна. Ингэж ярихаар хүмүүс хэт туйлширч байна гэж бодох байх л даа. Манайх уул уурхайг хөгжүүлэхгүйгээр усны компаниудыг түлхүү хөгжүүлээд Өвөр Монголын уул уурхайн усан хангамжийг бариад байх боломжтой. Өөрөөр хэлбэл, монголчууд усны зах зээлийн боломжит крант дээр сууж байгаа гэсэн үг.
Би нэг түүх цухас өгүүлье. 1965 онд Ю.Цэдэнбал дарга Хятадад айлчлаад Мао Зидун даргатай уулзсан юм билээ. Энэ үеэр Мао Монголын гол, мөрнүүдээс ус татаад Хятадын хойд хэсэг буюу Цагаан хэрмээс хойших нутгийг усаар хангах төслийн саналыг анх тавьж байсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь тухайн үедээ эдийн засгийн ач холбогдол гэж харахаасаа илүүтэй цэвэр улс төрийн болоод үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзээд цааш нь хэлэлцээр хийх хэмжээнд хүртэл нь дэлгэрүүлж яриагүй юм билээ.
-Манайд Өвөр Монголын уул уурхайн компаниудын усан хангамжийг бариад байх хэмжээний тийм их усны нөөц бий гэж үү?
-Бид нийт ашиглаж болох усныхаа дөнгөж хоёрхон хувийг л хэрэглэж байна. Ашиглаж буй усны 80 хувь нь гадаргын ус. Тиймээс усан сан байгуулах, борооны болон шар усны үерийн усыг цуглуулж хадгалах хэрэгтэй. Үүгээр газар тариалангаа дэмжээд явах бүрэн боломжтой. Ийм зүйл хамгийн хөгжих боломжтой аймагт жишээ нь Говь-Алтайг нэрлэж болно.
МОНГОЛЧУУД ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨМНӨ АСАР ИХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН
-Манайх дэлхийн усны экосистемд ямар байр суурь эзэлж байна вэ?
-Дэлхийн цэвэр усны нөөцийн 25 хувь нь Байгаль нуурт хамаардаг. Байгаль нуурын гол онцлог нь юу вэ гэхээр Монголын голуудаар тэжээгдэж байдаг. Энд усаа цутгадаг нь Сэлэнгэ мөрөн. Эргээд дэлхийн томоохон мөрнүүд Байгаль нуураас эх авч байна.
Байгаль нуур нь Монголын голоор тэжээгдэнэ гэхээр монголчууд хүн төрөлхтний өмнө ямар их үүрэг хүлээж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Мөн дэлхийн цэнгэг усны нэг хувь нь Хөвсгөл нуурт бий.
-Томоохон гол, нууруудын усны түвшин буурч байна гэсэн сэтгэл түгшээсэн судалгааны дүн жил бүр гардаг. Та Монгол орны усны нөөцийн хэмжээг тоо баримтаар сонирхуулахгүй юу?
-Улсын хэмжээнд аваад үзвэл усны нөөц хангалттай бий. Гэхдээ Монгол өргөн уудам нутагтай учраас усны хүрэлцээ хангамж харилцан адилгүй. Жишээлбэл, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн усны нөөцийг аваад үзэхэд дэлхийн аль нэг улсын дундаж хэмжээнээс харьцангуй их. Гэтэл говийн аймгуудын усны нөөц дэлхийн дунджаас хэд дахин бага байгаа юм. Монгол Улсын хэмжээнд ашиглаж болох усны нөөц 610 гаруй шоо км. Үүний 80 хувь нь гадаргын ус, 20 хувь нь газрын гүний ус. Монголчуудын усны хэрэглээний 80 хувь нь газрын гүний ус, 20 хувь нь гадаргын ус. Харин Улаанбаатар хотын усан хангамжид 99 хувь нь газрын гүний усыг ашиглаж байгаа нь эргээд нөөц багасахад нөлөөлж байгаа.
ЗҮЙР ҮГСЭЭС “ХАР УС ХАРАМЛАДАГГҮЙ” ГЭДГИЙГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ
-Усны асуудал бол мөнхийн сэдэв. Монголчууд эртнээс хар ус гэж ярьсаар ирсэн нь өнөө болтол биднийг чандмань эрдэнэ гэгдэх усны үнэ цэнийг мэдрэхгүй, мэдрэх хүсэлгүй болгож хувиргасан байх талтай юу.
-Дэлхийн хэмжээний “Их-20” уулзалтаар өмнө нь валют, цөмийн зэвсэг ярьдаг байсан бол өнөөдөр усны асуудлыг л ярьдаг болсон. Ус бол хэн нэгний өмч биш, нийт хүн төрөлхтний өмч юм байна гэсэн ойлголттой болж байна. Гэтэл монголчууд мөнөөх л байдгаараа усыг огт тоодоггүй хэвээрээ. Монголын олон сайхан зүйр цэцэн үг байдаг. Гэхдээ тэндээс “Хар усыг харамладаггүй” гэсэн үгийг авч хаях хэрэгтэй. Харин ч хамгийн харамлах ёстой зүйл нь ус болоод байна. Гэтэл Улаанбаатар хотоор жишээ авахад, газрын доорх усны нөөцдөө үнэхээр хайнга хандаж байгаа. Уг нь газрын доорхи ус нэгдүгээрт, маш цэвэр, байгалийн шүүлтүүртэй. Хоёрдугаарт, нөхөн сэргээгдэх чадвар нь удаан.
Бидний хийсэн судалгаагаар голын ус жилдээ 18 удаа ус нь солигдоод цэвэршдэг бол газрын доорх ус 500 жилийн хугацаанд бүрэн цэвэршдэг гэсэн дүгнэлт гарсан. БНСУ-аар жишээ авахад тэнд 20 мянган том, жижиг нийлсэн усан сан байна. Усан сандаа бороо, үерийнхээ усыг цуглуулаад л хотынхоо болоод хүн амынхаа усан хангамжийн асуудлыг бүрэн шийдсэн. Ингээд үзэхээр Монгол Улс усаа огт үнэлэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай л санагдаад байгаа юм.
-“Ус” үндэсний хөтөлбөр хэр хэрэгжиж байна вэ?
-Хөтөлбөр 2021 он хүртэл хэрэгжинэ. Жил жилдээ ажлаа төлөвлөөд явж байгаа. “Ус” үндэсний хөтөлбөрийн давуу тал нь 2021 он хүртэл усны салбарт юу хийх хэрэгтэй, үүнд хэдэн төгрөг шаардлагатай гэдгийг гаргаж ирсэн. Хөтөлбөрт заасны дагуу өнгөрсөн онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. 2012 онд Туул гол дээр усны нөөцийн цогцолбор барих ТЭЗҮ-ийг хийнэ. Усны төлөвлөгөөний дагуу улс орны хөгжил явдаг. Одоо гэхэд Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулж байна.
-Усаа хэмнэж, гамнах нь эцсийн дүндээ иргэн бүрээс хамааралтай. Та иргэдэд хандаж юуг уриалах вэ?
-Ус бол бид бүгдийнх. Усны асуудал Усны газар, БОАЖЯ, би, чи, бидний хүүхдэд ч хамаатай зүйл. Тэгэхээр өөрөөсөө эхлээд усаа хайрлаж гамнах алхмыг хийж эхлэх хэрэгтэй. 36 жил шүдээ угаах усаараа нэг жилийн дотор л шүдээ угаачихаж болохгүй. Энэ нь бид үр хойчийнхоо ууж хэрэглэх уснаас хулгайлж буй хэрэг. Эдийн засгийн хамгийн гол зорилго нь бага зардлаар их ашиг олох. Үүнтэй адил албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүр дор бүрнээ усаа хэмнэхэд суралцаасай гэж уриалах байна. Хэмнэж, гамнахыг хаана хаанаа л хийцгээе.
URL: