Боловсрол амжилтын түлхүүр мөн үү | Манлайлагч эмэгтэйчүүдийн хариулт
Монгол Улсын Их Сургууль “5 хариулт” хэмээх сонирхолтой төслийг эхлүүлжээ. Энэ нь нийгмийн тодорхой нэг асуудлыг сонгон авч тэрхүү асуудлыг амжилттай шийдвэрлэж чадсан хүмүүсийг хэлэлцүүлэгтээ урьж, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, ямар гарц олсон, цаашид энэ асуудалд хэрхэн хандвал зохилтой талаар хэлэлцэх зорилготой юм байна.
Тэгвэл өнгөрсөн баасан харагт “5 хариулт” төслийн хүрээнд нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж буй дөрвөн эмэгтэй төлөөллийг урьж, “Боловсрол амжилтын түлхүүр мөн үү” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ.
Боловсрол гэдэгт юуг багтаан ойлгох вэ, боловсрол үнэхээр амьдралын баталгаа болж чадах уу, гадаадад боловсрол эзэмших үү дотооддоо суралцах уу, дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага хаашаа эргэж байна вэ? гэх мэт эдрээтэй асуултуудад уригдсан зочид өөр өөрийн өнцгөөс хариултаа өгсөн юм.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Дэлхийд гарч өрсөлдье гэж бодож байвал наад зах нь шинэ гарсан номыг монгол хэл рүү орчуулагдахыг хүлээлгүйгээр эх хэл дээр нь уншиж ойлгох хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй
Тэрээр “Залуучууд Стив Жобс, Марк Зукерберг гэх мэт цөөхөн, онцгой хүмүүсийн жишээг тэд өндөр боловсрол эзэмшихгүйгээр амжилтад хүрч болоод байхад бид заавал яагаад боловсрол эзэмших ёстой юм бэ гэж асууж магадгүй. Тэгвэл яагаад бидэнд боловсрол чухал вэ гэдгийг тайлбарлая. Жишээ нь би Ерөнхий боловсролын гурван жилийг Австралид суралцаж өнгөрүүлсэн. Сүүлд Хятадын Дундад Хятадын Шинжлэх Ухааны Их сургуульд суралцаж байхдаа бүх шалгалтуудаа сайн өгөөд Йельийн сургуульд өргөдлөө явуулахад нэлээд эргэлзэж байж элсүүлсэн. Учир нь намайг хятад оюутнуудтай адил шалгалт өгөхдөө л сайн хүн байх вий гэж эргэлзсэн хэрэг. Хэрэв би Өмнөд Солонгос, Японы иргэн байсан бол намайг улсаар минь үнэлнэ. Гэтэл монгол залуус ямар вэ гэдгийг тэд мэдэхгүй учраас голч дүн, зорилго тодорхойлсон эссэ зэрэгт тулгуурлаж таныг хэн бэ, хэр амжилттай хүн бэ гэдгийг тодорхойлохоос өөр аргагүй байна.
Монголын компаниуд чадварлаг боловсон хүчнээр цангаж байдаг. Чи тэр компанид бага цалинтай ажилд орсон байж болох ч өөрийгөө чадварлаг гэдгээ харуулж чадвал хагас жил, жилийн дараа бүх нөхцөл, цалин хөлсөө ярьж болдог.
Цаашлаад ажлын талбарт гарч буй зарим залуучууд хандлага, мэдлэг, ур чадвар гээд аль ч талаараа дутахааргүй хэрнээ CV, ярилцлага дээр тэдгээр нь хангалттай харагддаггүй. Тиймээс нэгд, өөрийгөө хангалттай хэмжээнд нээж харуулахын тулд эртнээс бэлдэх хэрэгтэй. Хоёрт, хүлээлтээ хэт өндөр тавих хэрэггүй, эхний ажлаа сонгохдоо цалин хөлсөнд нь болж битгий сонго. Яг үнэндээ Монголын компаниуд чадварлаг боловсон хүчнээр цангаж байдаг. Чи тэр компанид бага цалинтай ажилд орсон байж болох ч өөрийгөө чадварлаг гэдгээ харуулж чадвал хагас жил, жилийн дараа бүх нөхцөл, цалин хөлсөө ярьж болдог” гэлээ.
Мөн “Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалыг ярьдаггүй хурал, чуулган гэж байхаа больсон. Тэр дотроос улс орнууд ирээдүйн боловсон хүчнээ хэрхэн бэлдэж байгаа тухай асуудал бүр ч их хөндөгдөж байна. Саяхан Их наймын улсуудаас хэн нь Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бэлэн байна вэ гэдгийг тандсан том судалгаа явуулахад Герман улс тэргүүлсэн. Гэтэл Япон зэрэг орнууд арав хүрэхгүй жилийн дараа боловсон хүчний хомсдолд орох дүр зураг харагдаж байна. Энэ үйл явц дунд Монгол шиг орнууд хамгийн их хохирол амсах магадлалтай. Маш олон ажлын байрыг автоматжуулж, бидний олноороо Солонгост очиж хар ажил хийдэг үе дуусгавар болно гэсэн үг. Харин чадварлаг боловсон хүчнийг нь өндөр цалин амлаж гадагшаа татаж эхэлнэ. Энэ бүхнийг бид одооноос бодолцож эхлэх хэрэгтэй…Судалгаанаас үзэхэд 2022 онд гэхэд одоо ажиллаж байгаа хүмүүсийн 54 хувийг дахин бэлдэх шаардлагатай тулгарна гэж тооцоолж байна. Одоогийн ур чадварыг нь нэмэгдүүлэх, шинэ ур чадвар олгох сургалтад дахин хамруулж байж ажлын байран дээрээ тогтож үлдэнэ гэсэн үг. Тиймээс залуучууд маань дэлхийд гарч өрсөлдье гэж бодож байвал өнөөдөр миний суралцаж буй салбар хаашаа хөгжиж байна вэ гэдгийг анзаарч, шинэ ном гарлаа гэхэд монгол хэл рүү орчуулагдахыг хүлээлгүйгээр уншиж ойлгох хэмжээний хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй” гэсэн юм.
МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам: Амжилтын үндэс нь боловсрол болон эерэг хандлагын нийлбэр юм
“Би боловсрол бидэнд хэрэгтэй эсэх талаар эргэцүүлэхдээ өөрийнхөө хүндэлж, үлгэр жишээ авдаг хоёр хүний амьдралаас эш татаж, харьцуулж үзсэн юм. Нэг нь албан ёсны боловсрол эзэмшиж байгаагүй ч 1962 онд Таймс сэтгүүлд гарч байсан Японы хамгийн анхны гүйцэтгэх захирал хүн. Түүнийг 8 настай байхад эцэг нь мөрийтэй тоглоомд донтож, 10 нас хүрэхэд нь аргагүйн эрхэнд Осака хот руу явуулж, ажил хийлгүүлж байж Хүү унадаг дугуйн газар “зарц” маягийн ажил эрхлэх болж тэндээсээ хүнд хэрхэн үйлчлэх, дугуйн эд ангийг яаж засахыг сурч авчээ. 1910 онд Осакагийн цахилгааны үйлдвэрт 16 настайдаа ажилтнаар орж, 1917 онд цахилгааны углуурга хийх аргыг олж, энэ талаар менержертээ дуулгахад огтоос бүтэхгүй санаа гэж үзээд тоогоогүй аж. Ингээд тэрээр эхнэртэйгээ ярилцсаны эцэст хувийн компаниа байгуулахаар шийдсэн байдаг.
Энэ хүн бол дэлхийд алдартай, үндэстэн дамнасан Панасоник компанийн үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэ. Мацүшита хожим компаниа өөр хүнд хариуцуулж, бизнесээс хөндийрсний дараа үлдсэн амьдралаа нийгмийг соён гэгээрүүлэхэд зориулж, өөрөө ч олон арван ном бичсэн. Түүний үүсгэн байгуулсан Улс төр, удирдлагын институт жирийн ардын дундаас чадварлаг хүүхдүүдийг сонгож сургаад, ирээдүйн улстөрч, бодлого боловсруулагчийг бэлдэхэд үйл ажиллагаага чиглүүлж байв. Мөн түүний байгуусан “Peace and Happiness through Prosperity” гэх ашгийн бус байгууллага нь нийгмийн асуудлыг судалдаг, судалгааны үр дүнгээ иргэдэд хүргэх үйл ажиллагааг явуулдаг. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл, хэдийгээр энэ хүн өөрөө албан боловсрол эзэмшиж чадаагүй ч хүмүүс боловсрох ёстой гэдэгт итгэж, үлдсэн амьдралаа хүмүүсийг соён гэгээрүүлэх зориулжээ” гэв.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа: Эмэгтэйчүүд илүү сайн суралцаж, өндөр боловсрол эзэмшиж байгаа ч шийдвэр гаргах түвшинд эзлэх хувь нь бага, олж буй орлого нь эрэгтэйчүүдээс доогуур байна
Тэрээр Монгол Улсын боловсролын өнөөгийн байдлыг гаргаж ирэхдээ хүн ам, бүх шатны боловсролын систем, оюутнуудын суралцаж буй мэргэжил болон хөдөлмөрийн зах зээл дээрх хүйсийн харьцааг нарийвчлан үзүүлсэн юм. Түүний илтгэлээс үзэхэд, бүрэн дунд боловсрол хүртэл суралцаж буй хүүхдүүдийн хүйсийн харьцаа тэнцвэртэй байна гэжээ. Гэхдээ 2018 оны ЭЕШ-ын үзүүлэлтийг харвал газар болон түүхээс бусад бүх хичээл дээр охид хөвгүүдээс илүү өндөр үнэлгээ авчээ. Цаашлаад дээд боловсролын хэмжээнд эмэгтэй оюутнуудын тоо давамгайлж байна гэсэн юм.
Хэдийгээр эмэгтэйчүүд илүү сайн суралцаж, өндөр боловсрол эзэмшиж байгаа ч ажлын талбарт эзлэх хувь нь эсрэгээрээ байна.
Түүнчлэн “2018 оны байдлаар бакалавр, магистр болон доктор гэх мэт боловсролын зэргээс үл хамааран 100 эмэгтэй оюутанд 72 эрэгтэй оюутан ногдож байна гэв. Хэдийгээр эмэгтэйчүүд илүү сайн суралцаж, өндөр боловсрол эзэмшиж байгаа ч ажлын талбарт эзлэх хувь нь эсрэгээрээ байна. Тухайлбал, Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгжүүдийн захиралуудын 36 хувь нь, УИХ-ын гишүүдийн 17 хувь нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл, удирдах, шийдвэр гаргах түвшний албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага, олж буй орлого нь эрэгтэйчүүдээс доогуур байгааг харуулж байна юм” гэлээ.
Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэг: Залуус зөвхөн хичээлээ хийх бус эзэмшиж буй боловсролоо туршлага болгохын төлөө хичээх хэрэгтэй
С.Оюунбилэг Австралид улсад очиж англи хэл сурсаныг эс тооцвол гадаадад ажиллаж, амьдарч байгаагүй, өнөөгийн боловсрол туршлагаа дотооддоо эзэмшсэн гэдгээ ярианы эхэнд онцлон хэлсэн юм.
Тэрээр “Академик боловсрол эзэмшихээр зорьж буй залуучуудад олон асуудал тулгардаг. Жишээ нь хөдөө орон нутгааас ирж суралцаж буй оюутнуудын хувьд байрлах байр, сургалтын төлбөр, хэрэглээний мөнгө олох гэх мэт бэрхшээл тулгардаг. Өнөөдөр ч оюутнуудад тохирсон цагийн ажил хомс, санхүүгийн хэрэгцээгээ өөрсдөө хангах боломж хязгаарлагдмал байна. Намайг ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд конкурс өгч, их сургуульд элсэхэд ч энэ асуудал байсан. Гэхдээ энэ нэг талаар сорилт ч гэлээ нөгөө талаар боломж юм.
Цехэд ажиллаж байхад бялууны зах их хэмжээгээр хаягдаж байгааг анзаарч үүнийг баклаварын дипломын ажлын сэдвээ болгосон. Эцэст нь дипломоо амжилттай хамгаалаад зогсохгүй дэвшүүлсэн санаа минь “Атар-Өргөө” компанид ч зардлаа хэмнэхэд тус болсон.
Намайг оюутан болоход манай гэр бүлд миний сургалтын төлбөр хүнд тусаж байсан. Аав ээж минь хашааныхаа талыг худалдаад миний сургалтын төлбөрийг төлсөн нь надад хүнд цохилт болсон юм. Тэр үед би хэзээ сургуулиа төгсөж энэ мөнгийг олоод ээж аавынхаа хашааны талыг авч өгнө дөө гэж санаа зовж байсан. Гэлээ ч энэ байдал нь эргээд надад сэдэл төрүүлж, урагш тэмүүлэх хүч өгсөн. Би суралцахын хажуугаар ажил хийхээр шийдэж, “Атар-Өргөө” компанийн үйлдвэрт шөнийн ээлжинд ажиллаж эхэлсэн. Цехэд ажиллаж байхад бялууны зах их хэмжээгээр хаягдаж байгааг анзаарч, үүнийг баклаварын дипломын ажлын сэдвээ болгосон. Эцсийн дүнд дипломоо амжилттай хамгаалаад зогсохгүй дэвшүүлсэн санаа минь “Атар-Өргөө” компанид ч зардлаа хэмнэхэд тус болсон. Өөрөөр хэлбэл, би ажил хийгээд цалин авч байхдаа дипломныхоо сэдвийг олж, тэр нь эргээд бодит үр дүнгээ өгсөн. Эндээс би хамгийн гол нь боловсролыг туршлага болгож болдог юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс залуус зөвхөн хичээлээ хийх бус эзэмшиж буй боловсролоо туршлага болгохын төлөө хичээх хэрэгтэй” гэж захисан юм. Ярианы төгсгөлд тэрээр дэлхийд өрсөлдөхүйц, үндэсний шилдэг боловсон хүчин байхын тулд гадаад болон дотоодын боловсролыг тэнцвэртэй хослуулж, эх хэлээ чадамгай эзэмших шаардлагатайг хэлсэн юм.
URL: