А.Гансүх: Энержи ресурс компанитай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулахад эрт байна
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүхийг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааны үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “MCS” гэдэг компани Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийх гэж оруулж ирсэн” гэж хэлсэн. Түүний хэлсэн үг олны анхаарлыг татаад байгаа. Энэ ямар учиртай гэрээ юм бэ?
-Х. Баттулга сайд тийм мэдэгдэл хийсэн. Тодруулж хэлбэл, Тогтвортой байдлын гэрээ биш Хөрөнгө оруулалтын гэрээ юм. Ингэж тодруулахгүй бол үг үсгээр хөөцөлдөж худлаа хэлсэн болгох гээд байна. Гэхдээ энэ гэрээ нь Тогтвортой байдлын гэрээтэй ижилхэн утгатай. Татварын орчинг тогтворжуулах тухай гэрээ юм. Тухайлбал, одоо төлж байгаа татварыг л төлнө. Татварын хувь хэмжээ нэмэгдвэл түүнийг төлөхгүй, ирээдүйд бий болох ямар ч татварыг төлөхгүй гэсэн утга бүхий гэрээ л дээ. Харин татварын хувь, хэмжээ буурвал түүнийг дагаж мөрдөнө гэх мэтээр заасан байсан. “MCS” компанийн эзэмшдэг “Ухаа худаг” компани энэ гэрээг эхний ээлжинд 30 жилээр байгуулаад цаашид 20 жилээр хоёр удаа сунгах нөхцөлтэйгөөр оруулж ирж байгаа учир 70 жил гэж яриад байгаа юм. Энэ хугацаанд “Ухаа худаг”-ийн нөөц дуусна л даа. Энэ гэрээг байгуулах асуудлыг Сангийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж байгаа. Сангийн яам бүх яамнаас санал авсны дараа Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д оруулж батлуулах журамтай. Тэр журмын дагуу яамдаас санал авч, манай яам саналаа 2011 оны арванхоёрдугаар сард Сангийн яаманд хүргүүлчихсэн.
-Танай яамнаас эсэргүүцсэн санал өгсөн гэсэн. Үүнийг бизнесийн салбарынхны дажин гэсэн яриа гараад байгаа?
-Тэгсэн. Манай яам энэ гэрээг байгуулахыг эсэргүүцсэн шалтгааныг Х.Баттулга, Ж.Оджаргал гэдэг хоёр бизнесмэний өрсөлдөөн болгож хувиргаад байгаа нь харамсалтай. “Х.Баттулга бизнесмэн учир атаархсандаа гэрээг нь эсэргүүцээд байна” гэсэн яриа гарсан байсан. Үнэн хэрэгтээ Х.Баттулга чинь бизнес хийхээ болиод удаж байгаа хүн. Одоо бол УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд хүн. Тиймээс энэ л байр суурин дээрээсээ энэ асуудалд хандаж байгаа. Гэрээ байгуулахыг татгалзсан шалтгаан нь маш ойлгожтой бөгөөд хуулийн үндэслэлтэй. “Ухаа худаг” гэдэг орд одоогийн зах зээлийн ханшаар дөрвөн тэрбум ам.долларын үнэлгээтэй гарч байгаа. Энэ ордыг “Энержи ресурс” компани 800 гаруй мянган ам.долларын өрөнд авсан. Өөрөөр хэлбэл, Энержи ресурс компани Тавантолгойн орд газрыг эзэмшиж байхдаа лицензийн төлбөрт мөнгө төлж байсан нь 800 гаруй мянган ам.доллар болсон юм билээ. Тэр өрөндөө 400 орчим сая тоннын нөөцтэй “Ухаа худаг” ордыг авсныг нь бид буруу гэж үзэж байгаа юм. Хэрэв үнэхээр л тийм мөнгө гаргасан байдаг юм бол түүнийг нь аудитын шалгалтаар тогтоох ёстой. Үүнийх нь дараа төр гаргасан зардлыг нь төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Алданги, торгууль тооцоод ч хамаагүй төрөөс мөнгийг нь л төлөх учиртай. Гэтэл өрөнд нь стратегийн орд газар өгчихсөн. Газрын баялаг бол Үндсэн хуулийн дагуу нийт ард түмний баялаг шүү дээ. Тиймээс яагаад ард түмний өмчлөлд байх ёстой байгалийн баялгийг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрыг 800 гаруй мянган ам.долларын өрөнд нэг компанид дур мэдээд өгчихөж байгаа юм бэ л гэж асуусан юм. Хэнд тийм эрх байгаа юм бэ. УИХ-аас 2007 онд 27 дугаар тогтоол гаргаж стратегийн орд газруудыг баталсан. Тэр тогтоолд “Энержи Ресурс” компанийн “Ухаа худаг”-ийн орд орсон байдаг. УИХ-ын 27дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтаар Оюутолгой, Таван толгой зэрэг стратегийн орд газруудад төрийн эзэмших хувь хэмжээг эхний ээлжинд тогтоохыг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Гэтэл өнөөдөр болтол “Ухаа худаг”-ийн 50 хувийг төрийн мэдэлд аваагүй л явж байна. Хэрэгжүүлэхгүй юм бол УИХ тогтоол гаргаж яах юм бэ. Тиймээс хуулийн дагуу төр “Ухаа худаг”-ийн ордын 50 хүртэл хувийг авах шаардлагыг л манай яамнаас тавьсан юм. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө төрийн оролцоог тогтоох зарчмын асуудлуудыг шийдэж “Ухаа худаг”-ийн 50 хүртэлх хувийг төрийн мэдэлд авах ёстой л гэсэн юм. Энэ бол хуулийн дагуу шударга шаардлага гэж бодож байна.
-Тэгэхээр та бүхний тавьж буй шаардлагыг хангасан тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах боломжтой гэсэн үг үү?
-Энержи Ресурс компани нь санал болгож байгаа Хөрөнгө оруулалтын гэрээндээ “Ухаа худаг” ордыг стратегийн ордоос хасуулна гэсэн заалтыг оруулсан байна. Үүнийг л зөвшөөрөхгүй гэж байгаа юм. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг зөрчиж байна гэж үзсэн.
- Н.Алтанхуяг дарга сайд, дэд сайд нартаа хэлэлгүйгээр хамтарсан Засгийн газраас гарах гэж байгаагаа зарласан гэж ҮЗХ-ын гишүүд ярьж байсан. Үнэхээр та нарт хамтарсан Засгийн газраас гарах гэж байгаагаа хэлээгүй юм уу?
-Энэ тухай ярьсан хүнээс нь асуух ёстой л доо. Гэхдээ би намын ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд тэр талаар олон нийтэд зарлахаас нь өмнө мэдээгүй байсан гэдгээ хэлмээр байна. Бас сайд нар ч мэдээгүй байсан гэдэг нь ҮЗХ-ны хуралдааны үеэр тодорхой болсон. Үнэхээр намын удирдах байгууллагын гишүүд юу ч мэдээгүй байсан.
-Ардчилсан намын сайд нарын оронд томилох сайд нарын нэрсийг Ардын намынхан санал болгоод байгаа. Харин энэ асуудалд Ерөнхийлөгч нэлээд нухацтай хандах хэрэгтэйг санууллаа. Та үүнийг юу гэж дүгнэж байна?
-Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүгнэлт өгдөг хүн нь би биш. Ерөнхийлөгч зарчмын асуудал л ярьсан гэж хэлмээр байна. Ерөнхийлөгчийн байр суурийг би ойлгохдоо аливаа асуудал хуулийн дагуу явах ёстой, түүнээс биш хэн нэгний дураар “Би өндөр албан тушаалтай дарга учир миний хэлснээр л бүх зүйл болно” гэдэг маягаар асуудалд бүү хандаач л гэсэн үг гэж ойлгосон. Тиймээс би Ерөнхийлөгчийн зөв гэж үзэж дэмжиж байгаа.
-Гэтэл Ардын намынхан дүрэм, журмыг зөрччихжээ. Зарчмын дагуу эхлээд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн оронд дараагийн сайд нарыг тодруулаад ч гэх үү. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилох санал гаргасан. Ардын намынхны санал болгосон хүний талаар ямар бодолтой байна?
-Би Ардын намын дотоод асуудалд оролцмооргүй байна. Энэ бол тухайн намынхны дотооддоо л шийдсэн асуудал шүү дээ. Тэгээд ч би Ц.Дашдорж гэдэг хүнийг таних ч үгүй учир тухайн намынхны хийж буй үйл ажиллагаанд дүгнэлт өгөх ёсгүй. Хэрэв тэгвэл жинхэнэ ёс зүйгүй асуудал болно.
-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, дэд сайд нь хоёулаа Ардчилсан намынх. Тийм ч учраас хийх гэж санаачилсан зарим томоохон бүтээн байгуулалтын ажлыг нь Засгийн газраас гацаах асуудал байдаг тухай Х.Баттулга сайд хэлж байсан. Ийм ямар ажлууд байна вэ?
-Тийм асуудлууд байгаа ч бүгдэнд нь тайлбар өгөх боломжгүй. Хийж бүтээсэн ажил байгаа ч хийгээгүй олон ажил бий. Тухайлбал, 2010 оны зургаадугаар сард Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ дагуу цаасан дээр маш их ажлууд хийсэн байна. Гадаадын зөвлөх компаниуд ирж ажилласан, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж, геологи, геодези зураг зүйн ажил хийж, трассыг тогтоож, туршилтын хөрс хуулалтуудыг хийсэн. Хэрэв хангалттай санхүүжилт байсан бол төмөр зам барих ажил аль хэдийнэ эхэлсэн байх байлаа. Санхүүжилтгүйн улмаас л маш их хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагаар бонд гаргаж, энэ ажлыг санхүүжүүлэх ёстой байсан. Гэтэл Хөгжлийн банк маш удаан ажилласан. Оны өмнөхөн л 20 сая ам.доллар дансандаа байршуулсан шүү дээ. Энэ бол хаанаа ч хүрэхгүй мөнгө. Засгийн газрын мөрийн хөтөлбөр цаасан дээр л хэрэгжээд байгаа атлаа энэ мэт байдлаас болж амьдрал дээр буухгүй байгаа юм. Тиймээс энэ асуудал дээр л манай сайд бухимдсан. Мөнгийг нь шийдээд өгсөн бол цаасан дээрх ажлууд тодорхой үр дүнд хүрчихсэн байх байсанд харамссандаа тэгж хэлсэн байх гэж бодож байна.
-Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ХК-ийг байгуулсан. Сүүлдээ хувьцааных нь тодорхой хэсгийг олон улсын Хөрөнгийн биржүүдээр борлуулж төмөр зам барих ажлын хөрөнгө оруулалтыг бүрдүүлье гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-“Монголын төмөр зам” ХК бол 100 хувь төрийн өмчит компани. Манай үндэсний төмөр замын компани байгаа юм. “Монголын төмөр зам” ХК-ийн хувьцааны 49 хувийг олон улсын Хөрөнгийн биржүүдээр борлуулах замаар хөрөнгө оруулалт татаад төмөр замынхаа шинэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг тодорхой хэмжээгээр хангахаар болсон. Энэ ажил амжилттай хэрэгжиж байгаа. Энэ талаархи шийдвэрийг УИХ-аас удахгүй гаргах байх.
-“Төрийн компанийн хувьцааны 49 хувийг борлуулахад нь томоохон нэг компани борлуулж буй бүх хувьцааг нь худалдаж аваад “Монголын төмөр зам” ХК “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг шиг хувь заяатай болчих вий гэсэн болгоомжлол их байгаа юм билээ. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?
-“Монголын төмөр зам” ХК-ийн хувьцааны 49 хувийг борлуулахаар хязгаарлалт хийж өгсөн учир “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг шиг байдалд орохгүй гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр, Монголын Хөрөнгийн бирж болон Хонгконг, Лондон, Сингапур зэрэг томоохон Хөрөнгийн биржүүдэд хувьцааг тараан байршуулж худалдаалах зарчим баримтлах байх гэж бодож байна.
-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хувь эзэмших хэмжээ сүүлийн үед асуудал үүсгээд байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?
-Одоогийн байдлаар ОХУ болон Монгол Улс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50, 50 хувийг хуваан эзэмшдэг. Энэ хэмжээг өөрчилж, Монголын тал 51 хувийг нь эзэмшдэг болох тухай асуудал яригдаж байгаа. Энэ асуудал хэлэлцээрийн шатанд явж байна.
-Та агаарын тээврийн салбарын асуудлыг хариуцаж ажилладаг учир асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. “Монголиан Эйрлайнес” гэдэг компани “МИАТ”-ийг дамдууруулах гээд байгаа юм уу. Энэ компанийн цаана Х.Баттулга сайд байгаа юм уу?
-Энэ бол цэвэр гүтгэлэг гэж хэлмээр байна. Х.Баттулга сайд нийгэмд шударга байр суурийг баримтлаад зарчим яриад байхаар өрсөлдөгчдийнх нь хийж байгаа гүтгэлэг юм уу даа. Манай агаарын тээврийн салбарт олон л компани байгаа.Тэдний л нэг шинэ байгуулагдаж байгаа компани юм билээ. Ийм нэг компани агаарын тээврийн салбарт зах зээлийн өрсөлдөөнд орох гэж байгаа юм байна. Чөлөөт зах зээл шүү дээ. Далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр бол чухал ач холбогдолтой салбар. Нэг ч гэсэн агаарын тээврийн компани нэмэгдэж л байвал сайн л байна. Өрсөлдөөн дунд компаниуд хөгждөг. МИАТ олон улсын бүх чиглэлд нисдэг дөрвөн том онгоцтой. Олон арван жилийн түүх, боловсон хүчин нь тогтсон компани дөнгөж гарч ирж байгаа компанид ялагдвал одоо яая гэх вэ дээ. Энэ салбарт бид бас зүгээр суугаагүй. Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулаад Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Удахгүй хэлэлцээд УИХ-д өргөн барих байх. Энэ бодлогын бичиг баримтад МИАТ компанийг Үндэсний агаарын тээвэрлэгч компани гэж тодорхойлоод тусгайлан бүлэг гаргаад МИАТ-ыг дэмжих бодлогыг оруулсан.
Р.Сарангоо
URL: