Японд хаан ширээнээс буух ажиллагаа хэрхэн өрнөх вэ

239204-26042019-1556266005-915678320-1Screen_Shot_2019-04-26_at_4.05.19_PM_copyЯпонд дөрөвдүгээр сарын эцсээр сүүлийн 200 жилд анх удаа эзэн хаан сэнтийгээсээ буух гэж байгаа нь бараг 3000 жил үргэлжилж буй угсаа залгамжилсан хаант улсын хувьд ховор үзэгдэл юм.

Эдүгээ 85 настай Эзэн хаан Акихито 31 жил заларсны эцэст дөрөвдүгээр сарын 30­-нд хаан сэнтийгээс бууна. Ууган хүү, угсаа залгамжлах Хунтайж, 59 настай Нарухито тавдугаар сарын 1-нд шивантиг (хризантем) сэнтийд залрах юм. Энэхүү чухал үйл явдалд зориулсан Япон орон жил тутмын хаврын амралт “Алтан долоо хоног”-ийг санаанд багтамгүй урт буюу 10 хоног болгон сунгалаа.

АКИХИТО ЯАГААД ХААН ШИРЭЭНЭЭС БУУХ БОЛОВ

Акихито эрүүл мэндийн хувьд эзэн хааны үүргээ гүйцэтгэж дийлэхгүй бололтой хэмээн 2016 онд мэдэгдсэн юм. Эзэн хааны эрх мэдлийг дэлхийн II дайны дараа хязгаарласан тул Японы парламент хаан ширээнээс буухыг зөвшөөрсөн нэг удаа үйлчлэх хууль баталж, тусгай хороо 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Акихито хааны Хэйсэйгийн үеийн төгсгөл болгохоор тогтжээ. Акихито нь 2012 онд зүрхний мэс засал хийлгэж, 2011 онд хатгааны улмаас эмнэлэгт хэвтсэн юм. Японд хамгийн сүүлд 1817 онд Эзэн хаан Кокакү хүүдээ хаан ширээгээ шилжүүлэхийн тулд сэнтийгээс бууж байжээ.

НАРУХИТО ГЭЖ ХЭН БЭ

Эзэн хаан Акихито, хатан Мичико нарын гурван хүүхдийн ууган нь буюу угсаа залгамжлах хунтайж нь Нарухито юм. Нарухито нь Японы Эзэн хаадын бүл эрхэмлэж ирсэн Токио дахь Гакүшүин их сургуулийн түүхийн салбарыг 1982 онд дүүргээд Оксфордын их сургуульд хоёр жил суралцжээ. Тэрбээр дипломатч агсан Масако Овадатай 1993 онд гэрлэсэн. Ганц хүүхэдтэй нь эдүгээ 17 настай гүнж Айко юм. Японы хуулиар эмэгтэй хүнийг хаан ширээнд суулгахыг зөвшөөрдөггүй.

ХААН ШИРЭЭНЭЭС БУУХ ЁСЛОЛ ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ

Хаан ширээнээс буух ёслолыг дөрөвдүгээр сарын 30-нд 17.00 цагт явуулах товтой. Ерөнхий сайд Шинзо Абэгийн товч тайлбарын дараа Акихито үг хэлнэ. Ёслолд Абэ тэргүүтэй Засгийн газрын кабинет, ихэс дээдсээс бүрдсэн 300 зочин оролцоно. Токио дахь Эзэн хааны ордонд болох ёслолын үеэр Акихито Эзэн хаан өвөг дээдсийнхөө өмнө сэнтийгээсээ бууж буйгаа мэдэгдэх зан үйл үйлдэх юм.

ХААН ШИРЭЭНД ЗАЛРАХ ЁСЛОЛ

Хаан ширээнд залрах ёслол тавдугаар сарын 1-ний өглөө Эзэн хааны ордонд болно. Ёслолын үеэр Нарухито ариун дагшин сэлэм, эрдэнэс зэрэг эзэн хааны эрх мэдлийг өвлөн авч буйн бэлгэдэл эд зүйлсийг хүлээж авна. Эрх мэдлийг хүлээн авах ёслолд Эзэн хааны угсааны зөвхөн эрэгтэй гишүүд оролцоно хэмээн Японы засгийн газар мэдэгдсэн. Бүтэн цаг үргэлжлэх уг ёслолын дараа Эзэн хааны угсааны эмэгтэй гишүүдэд нээлттэй дараагийн ёслолын ажиллагаа үргэлжлэх юм. Энэ өдөр Нарухито шинэ Эзэн хааны хувиар иргэдэд хандаж анх удаа үг хэлнэ. Хаан ширээ уламжлан авах ёслол 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

ТРАМП ШИНЭ ЭЗЭН ХААНД БАРААЛХАНА

Ёслолын ажиллагаа хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд хатуу хязгаарлалтай өрнөнө. Баяр хүргэгч олны өмнүүр гудамжаар явах ёслолын парадыг 10 дугаар сард товложээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 25-28-нд Японд айлчлах тул шинэ Эзэн хаанд бараалхах анхны гадаадын төрийн тэргүүн болох юм.

ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ УГСААНЫ ИХ УТГА УЧИРТАЙ

Японы Эзэн хааны угсаа асар эртний сурвалжтай. Домгоор бол Японы Эзэн хаан нь нарны бурхан Аматэрасүгаас гаралтай. Японы Эзэн хааны дотоод хэргийн Агентлагаас гаргасан жагсаалтаас үзвэл анхны Эзэн хаан Жиммү манай тооллын өмнөх 660 онд сэнтийд заларчээ. Баттай түүхэн сурвалжаас үзвэл Японы хаадын угсаа лавтай VI зуунаас эхэлж байгааг Эзэн хааны дотоод хэргийн Агентлагийн угсаа гарлын бичигт тайлбарласан байдаг. Уг бичгээс үзвэл Японы түүхэнд төр барьж байсан найман хатан хаан тэмдэглэгдэн үлджээ. Нарухито нь агентлагийн тооцоогоор Японы 126 дахь Эзэн хаан юм.

ЯПОНЫ ЭЗЭН ХААН ЮУ ХИЙДЭГ ВЭ

Акихитогийн эцэг, Хирохито нь уламжлалын дагуу амьд бурханд тооцогддог сүүлчийн эзэн хаан байв. Япон 1945 онд дэлхийн II дайнд ялагдсаны дараа АНУ Хирохитог улс орны нэгдлийн тэмдэг болгон сэнтийд нь үлдээхдээ төрийн бодлогод үүрэггүй, махан бодтой хүн болгож орхисон юм.

“Эзэн хаан нь улс орны болоод ард түмний нэгдлийн бэлгэ тэмдэг байна” хэмээн дайны дараах Японы үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт тодорхой тайлбарласан байгаа. Энэ нь Эзэн хаан улс төрөөс ангид, ихэнх цагаа ёслолын ажиллагаанд зориулна гэсэн үг.

Ойролцоогоор 20 мянган хүн амь үрэгдсэн буюу сураггүй болсон 2011 оны газар хөдлөлт, цунамигийн дараа Акихито, Мичико нар хоргодох газарт буй хүмүүстэй уулзаж байсан нь хүнд үетэй тулгарсан улс үндэстнийхээ сэтгэл санааг дэмжихэд чиглэж байв. Акихито нь сүм хийдэд зочлон өвөг дээдсийнхээ сүнсэнд сэнтийгээс буух гэж байгаагаа мэдэгдэх зорилгоор сүүлийн хэдэн долоо хоногийн турш гэргийнхээ хамт Японоор аялсан юм.

УГСААГ ХЭН ЗАЛГАМЖЛАХ ВЭ

Хаан сэнтийг өвлөх дараагийн хүн нь Нарүхитогийн дүү, хунтайж Акишино. Түүний дараа Акишиногийн 12 настай хүү Нисахитогийн ээлж ирнэ.

“ЧӨЛӨӨНД ГАРСАН” ЭЗЭН ХААН ЮУ ХИЙХ ВЭ

Гавьяагаа эдлэгч Эзэн хаан гэсэн алдар хүртэх Акихито нь хатан Мичикогийн хамт Токио дахь арай жижиг өргөөнд нүүж амьдарна. Чөлөөнд гармагцаа юу хийхээ эргэцүүлж байгаа тухайгаа тэрбээр мэдэгдсэн. Магадгүй, сэнтийгээ орхисноор олон арван жил судалж буй, японоор “хазэ” хэмээх нэртэй бяцхан загасны судалгаагаа үргэлжлүүлэхэд цаг заваа зориулах аж.

Жон Херковиц

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих