Оросын хөрөнгө урсаж дууслаа

239083-24042019-1556080660-498061459-KAZ_5606Путины өнгөн дээр Орос бэхэжлээ, хүчирхэгжлээ гэдэг. Дэлхийд гурван том гүрэн байгаагийн нэг нь Орос, нөгөө хоёр нь АНУ, Хятад хоёр л гэдэг. Гэтэл Оростой хийх худалдаа, бизнес нөгөө хоёроос нь хумигдаад байдаг. Цэрэг-стратегийн хүч нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх нэг гүрэн мөн гэдэгтэй маргах хүн байхгүй. харин эдийн засгийн хувьд яагаад сулрав, үл тоогдов гэдэгт асуултад хариулт хайя.

Владимир Милов гэж Эрчим хүчний дэд сайд байгаад одоо сөрөг хүчин болчихсон нөхөр ярьсан байна. “Орос орон 10 жилийн турш эдийн засаг нь унаж байна, 2008 онд нефтийн үнэ анх сүрхий унасан, рубль цэгцэрч чадаагүй. 2018 онд рубль 20 хувиар унасан, экспорт нь импортоосоо давж байгаа ч хамаг капиталаа гадаад руу урсчихсан” гэсэн байх юм.

Путин засгийн эрхэнд 19 жил болчихсон гэдгийг ойлгох хэрэгтэй гэж «Эхо Москвы» гэх нэг эсэргүү сайтад бичжээ. Одоо бараг боллоо, үүнээс дэвшил гарахгүй нь гэсэн санаатай. Орос аврагдах арга алга, Оросууд яагаад мөнхөд ядуу байгаад байдаг юм бэ гэхчлэн бичсэн өөр сайтуудыг л нэрлэж болно. Оросын шинэ хөрөнгөтнүүдийн цухлыг ч бичсэн байх юм. Гайгүй сайн хөрөнгөжиж аваад жаргах гэтэл хамаг мөнгө дансыг нь өрнөдийнхөн хаачихсан. Орос руу олон санкц тавьж ганцаардуулаад, соёлт ертөнцөөс (өрнөд) тусгаарлачихсан. Орост цэрэг-зэвсэг, пуужин танкаар оволзоод байдаг, өрнөдтэй өрсөлдөөд эдийн засгаа нураадаг хэмээн Оросын олигархиудын олонх нь битүү шанална.

Гадаадын хөрөнгө оруулагчид ч Оросоос мөнгөө буцаан татаж байна. 2018 онд Оросын фондоос тэд нэг тэрбум ам.доллараа татан гаргажээ.

Офшор, оншор данснууд Орост бүгд царцаагдсан. Британийн Виржин, Кайманы арал, Маврикт хүртэл оросын баячуудын актив, данс хадгалагдаж, эсвэл царцаагдаж байна. Оростоо татвараас бултаж гадагшлуулсан мөнгө 2018 оны байдлаар дэлхийн 75 улс, 13 тусгай нутагт байна хэмээн холбооны татварын албаны орлогч дарга Алексей Оверчук ярьжээ.

Гадаадын хөрөнгө оруулагчид ч Оросоос мөнгөө буцаан татаж байна. 2018 онд Оросын фондоос тэд нэг тэрбум ам.доллараа татан гаргажээ. 2013 оноос тооцвол оросын хөрөнгийн зах зээлээс 3.1 тэрбум доллар гадагшилсан, гурван 7 хоногт л 330 сая ам.доллар гадагш урсаж байжээ. Оросын фондод 2018 оны нэгдүгээр сард 500 сая ам.доллар оруулаад хавар нь 700 ам.сая доллараа эргүүлээд гаргасан. Намар гэхэд бүр хоосолсон. Тэд хөрөнгөө гурван шалтгаанаар буцааж татдаг. үүнд геополитикийн тун амаргүй ар тал, шинэ санкц тавиулах аюул, нефтийн үнийн уналтыг хэлж болно.

Оросын эдийн засгийн дээд сургуулийн тооцоолсноор 2018 оны гуравдугаар улиралд гадаадын хөрөнгө оруулагчид буцааж татсан буюу оруулах гэж байснаа больсны дүнд Оросын эдийн засгаас зургаан тэрбум ам.доллар алга болжээ. Зөвхөн нэг улирлын байдлаар шүү дээ. Улс орноос капитал эрчтэй гадагшлан буйг ОХУ-д хүлээн зөвшөөрдөг.

Хуулийн дагуу, хууль бусаар гадаад руу гаргадаг. Сүүлийн 10 жилийн тооцоогоор дунджаар жилд 100 тэрбум ам.доллар оросоос алсран одож байна. Өөрөөр хэлбэл нэг их наяд ам.доллар гэсэн үг. Хэлбэр нь тун олон янз. Хувийн капиталаа хууль номоор нь гаргана, хөрөнгө оруулалтаас элдэв буцаан таталт хийгдэнэ, бараа үйлчилгээ, бэлэн мөнгөний контрабанд байнга явагдана.

Opocын ДНБ 2017 онд 1.58 их наяд ам.доллар байсан гэх дэлхийн Банкны тооцоо бий. Тэгвэл сүүлийн 10 жилд яг тийм хэмжээний мөнгөө гадагшлуулчихсан байна. Гадаадад хадгалагдсан Оросын янз бүхийн активууд одоо 3-4 их наяд ам.доллар байна. 2017 онд гэхэд л Оросын төсвийн орлого валютад буулгаж үзвэл 254 тэрбум, зарлага нь 287 тэрбум ам.доллар болж байсан. Энэ нь улсын жилийн төсвөөсөө 15 дахин их мөнгө хилийн чанадад байгаа болж таарч байгаа.

Орос руу байнга санкц тавьж, бусдыг ч тавихыг санаачилдаг АНУ-д Оросын баячуудын мөнгө хэмжээ хязгааргүй их байгаа мэт харддаг.

Крымын хямралаас өмнө нь ч мөнгөө гадагшлуулсан, санкц тавиулаад эх орноо тэтгэх нь үү гэтэл бас гадагшлуулаад л. Хууль бусаар, контрабанд маягаар маш их капитал гардаг. Хамгийн оргил үе нь 2016-2018 он. Сүүлдээ Оросоос авч гарах юм ч үгүй болчих дээрээ тулдаг.

Кипр гэх арлын жижиг улс руу Оросын экспортлогчид хараагаа төвлөрүүлчихсэн, тэр нь хамгийн тохиромжтой, аядуу офшор бүс. Оросын капитал урсаж гарсан төвлөрсөн гадаад улсуудаас Кипр заавал нэгдүгээрт бичигддэг. 2018 оны байдлаар Оросоос гадагш гаргасан хөрөнгийн 40 хувь төвлөрсөн, улиралд л 14.39 тэрбум доллар тийшээ төвлөрч байсан баримт байх аж. Оросын хувьд иргэншиж соёлжсон офшор улсуудад Нидерланд, Швейцарь, Ирланд, Люксембургийг нэрлэсэн байх нь гайхалтай. Европын тэдгээр орнуудын банк-санхүүг оросын оффшорын мөнгө бэхжүүлж өгөөд байдаг болж таарлаа.

Киприйн араас Нидерландыг нэрлэсэн байх ба тэр улсад оросын асар их “юм” байгаа аж. Нидерландын араас Оросууд Британийн Виржин арлыг нэрлэнэ. Тэнд хуримтлуулсан оросын хөрөнгө 40-45 тэрбум ам.долларт эргэлдэнэ. Араас нь Швейцарь бичигдэнэ. 2018 онд Оросуудын хувьд Багамын арлууд тэмдэглэгдэнэ.

Тэнд Оросын хадгалуулсан 7.64 тэрбум ам.доллар бий. Ирланд (22.81 тэрбум), Люксембург (17.61 тэрбум) гэхчлэн Оросын “мөнгөн хөрөнгө оруулалт”-тай улсууд ар араасаа гарч ирээд байхаар юм. Люксембургэд 2016 оны дунд үед оросын 27.58 тэрбум ам.доллар байснаа хорогдсоныг бодохул эргэлдүүлээд мөнгө угаагаад байдаг ч юм шиг. Ирландад жилийн өмнө 2018 оны эхээр Оросын 23.27 тэрбум ам.доллар хадгалагдаж байснаа хагас жилд хагас тэрбумаар багассан. Тэгснээ бүр 17 тэрбум руу буусан бололтой. Бас л эргэлдүүлээд хэрэглээд байдаг мэт.

Орос руу байнга санкц тавьж, бусдыг ч тавихыг санаачилдаг АНУ-д Оросын баячуудын мөнгө хэмжээ хязгааргүй их байгаа мэт харддаг. 2017 оны намар гэхэд АНУ-д цүнхэлж оруулсан “хөрөнгө оруулалт” 10.38 тэрбум, 2018 оны зун гэхэд 1.19 тэрбумыг нь буцааж гаргасан. Одоо хэд байгаа нь түр нууц.

ХУВИЙН КАПИТАЛЫН 50 ХУВЬ ХИЛИЙН ЧАНАДАД, БАЯН ОРОСУУДЫН МЭДЭЛД БАЙСААР ИРСЭН

Оросоос мөнгө гадагшлуулаад байдаг хуулийн 40 гаруй этгээдийн “саарал жагсаалт” гэгчийг Европын  Холбооны Зөвлөлөөс 2017 оны сүүлчээр ил болгосон ба дэлхийн 13 улсад офшорын мөнгөө байршуулсан Орос хүмүүсийн нэрс ярайж байв. Санаанд оромгүй жижиг улсууд руу мөнгөө зөөж гаргасан ч байх шиг. Жишээ нь Британийн Виржин арлаас гадна Ангилья, Багам, Бермуд, Кайман, Гернси, Мэн, Жерси, Маршалл, Теркс ба Кайкос, Вануату арал, мөн Бахрейн, Эмират гээд булангийн хоёр улс ч байх шиг. “Саарал жагсаалт” нь цаашаа “хар жагсаалт” болж бүртгэгдэнэ. Хууль шүүхийн байгууллагын анхааралд өртөнө. Европын холбооноос цаад жижиг арлуудаа хууль мөрдөх, шударга ил тод байхыг шаардана. 2019.01.01-нээс Кайман, Бермуд, Мэн, Гернси, Жерсид оффшор компанийн бүртгэл, татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Тэр нь гадаадын хөрөнгө оруулагчдад үйлчилнэ, цэгцэндээ орно гэж үзэж буй.

Оросын Сангийн яам, Центробанк, Росфинмониторинг гэж эрх бүхий байгууллагууд Оросын хөрөнгө ихээр гадагшилж байгаад хяналтаа сайжруулна. Росфинмониторингийн захирал Юрий Чиханчин ярьж байна. Энэ хэрэг хээл хахуультай холбогддог, хахуульд авснаа гадагшлуулдаг, тэр нь офшорын урсгал болдог. Тэгээд «панамын досье», «диваажингийн досье»-нд бүртгэгддэг, хууль бус санхүүгийн операц гэдгээр тэрбум тэрбумын хэрэг мандаж байна. Хэрэгтнүүдийн ихэнх нь дээд зиндааны түшмэд байна гэжээ. Манайхан ч нэр холбогдоод авсан тэрхүү «панамын досье» гэдэгт нь лав Оросын гаралтай оффшорын 4000 компанийн нэр цохиж явсан даа. 2016 онд анх дэлгэгдэхэд шүү.

Росфинмониторингийн олж илрүүлснээр 2018 оны сүүлчийн байдлаар оросын 4197 оффшор компани, таван тэрбум рубль эргэлдүүлдэг гэсэн нь наад захын мөнгө. Эзэд нь ОХУ-ын губернатор, депутат, сайд дарга нарын гарын хүмүүс. Олон ч хэлбэрээр мөнгө босгодог юм байна. Шууд л хулгайлаад гаргаад байдаг бус худалдааны тэнцлээс, үнийн хөөрөгдлөөс, доллар-рублийн ханшийн зөрүүнээс, нийгмийн чиглэлийн янз бүрийн сангуудын мөнгөний илүүчлэлээс, өндөр орлого бүхий газрын тосны баррелийн үнийн зөрүүнээс, тэр ч бүү хэл өрнөдөөс тавьдаг санкцаас мөнгө босгож гадаад руу гуйвуулдаг гэсэн мэдээ оросын Центробанкны эх сурвалжтай албаны сайтад явж байна. Жил ирэх тусам л өмнөх жилийнхээ мөн үеийнхээс гурав дахин өссөн ч гэх шиг.

Цаашид таамаглая гэвэл юу бичиж болох вэ? Хагас жилдээ л 26.5 тэрбум доллар, 10 сарын хугацаанд 42.2 тэрбум доллар ОХУ-аас гараад явчихдаг юм бол байдал тун таагүй байдлаар эргэх бололтой юм. Хатуу валют хэлбэрээр гадаадын жижиг арлуудад очиж байршаад байх юм бол оросын рублийн ханш байнга тогтворгүй байх аюул нүүрлээстэй.

Гадаадаас, тэр дундаа АНУ-аас санкц үргэлжлэн тавигдана. Орос нь Сирид асар их өртгөөр цэргээ суулгаж байна, Венесуэлд баахан мөнгөө оруулчихсан, Туркэд оросын жуулчдын бизнес саатаж байгаа. Энэ бүхэн оросын эдийн засагт нэмэх бус хасах оноо авчирна. Тэгэхээр баян оросууд мөнгөө аль болох хурдан оросоос зөөж гаргахын хүсэх болно хэмээн Frank RG гэх санхүүгийн аналитик байгууллагын сайтад биччихсэн байна.

Баян орос хүн гэдэгт нэг саяас дээш долларын санхүүгийн активтайг хэлнэ.

Орост эргэж орно, буцаж очино гэсэн итгэл бол ердөө л миф гэж дүгнэжээ. Оросуудын хөрөнгө мөнгөө итгэж хадгалуулдаг банк ба төлөөлөн ажиллагсадаас нь санал асуулга явуулаад тэгж тавлаж шахуу бичсэн байх юм. Санал асуулгаар тандаад үзтэл гадаадын банкуудад оросуудын хадгалуулсан нийт мөнгө нь 315 тэрбум доллар гараад ирж гэнэ. Нийт активынх нь 70 хувийг тооцоод ийм тоо гаргаж ирсэн бол цаана нь 455 тэрбум гэх бас нэг өөр тоо явж байна.

Оросын банкууддаа түүнийхээ гуравны нэгтэй тэнцэх буюу 140 тэрбум доллар хадгалуулж байдаг хэмээн Frank RG мэдээлжээ. Баян орос хүн гэдэгт нэг саяас дээш долларын санхүүгийн активтайг хэлнэ. Тэд нь оростоо нийт 30 мянган хүн байдаг гэсэн нь арай дарагдуулсан тоо хэмээн швейцарийн Credit Suisse банк сөргүүлж тайлбарлаж байна. Хэрэв нэг саяас дээш доллартай орос хүн гэж тоолж үзвэл орост 172 мянган хүн бий гэх. Харин тэр Frank RG –ийн гаргаж ирсэн 30 мянга бол гар дээрээ бэлнээр доллар хадгалсан нь хэмээн залруулга хийсэн ч байх шиг. Frank RG-ийн Рremium & Рrivate banking гэх төслийн удирдагч Любовь Прокопова тайлбарлаж байна: Түүхэн зүй тогтлоор ийм нөхцөл үүсчихсэн, яалт ч алга. Оросууд шударгаар ажиллаж байна, мөнгө олж босгож байна. Гэтэл хууль тогтоомж гэж авах юм алга. Нэлдээ эрсдэл, хүмүүс оросын эдийн засагт итгэхгүй байна, оросын хууль цаазад итгэхгүй байна. Энэ бол банкны асуудал биш, улс орны эрсдэлийн асуудал гэжээ.

Орос эх оронд нь ямар нэгэн муу үйл тохионо, тэгэхлээр хөрөнгөө гадаадад байршуулж хэрэгцээтэй үед дүрвэх буюу мөнгөө эргүүлж авч аз туршихаар оросууд шийдсэн. АНУ-ын санкц улам чангарна. Оросын улсын өрийг худалдан авдагийг хориглож таарна. Тиймээс санкцаас амь зулбах үзэгдэл Орост хүрээгээ тэлнэ гэх дүгнэлт “уралсиба” гэх байгууллагын эдийн засагч Алексей Девятов Английн сэтгүүлчдэд ярьсан байх юм.

Тэгэхдээ гадаадаас орос руу мөнгө буцаж ирдэг тохиолдол байх нь байна. Харамсалтай нь гадагшлуулсан капиталын ердөө таван хувь нь эргэж ирдэг хэмээн Сангийн сайд Антон Силуановоос эшлээд stoletie.ru сайтад бичжээ. Үлдэх 95 хувь нь орост эргэж ирэхгүйгээр гадаадын банкинд хав дараастай. Хатагтай Прокоповагийн тооцоолсноор энэ 95 хувийнх нь 40-60 хувь нь Швейцарийн олон банкуудад бий. Михаил Знаменский, Игорь Рябов гэхчлэн гадаадын банкуудад ажилладаг орос санхүүчид ч ингэж үзэж байна. Оросоос капитал дүрвэлээ гэдэг нь яг үнэн. Гэхдээ бүр байнгын урсгал болчихлоо гэдэг нь арай эрт байна. Оффшороос буцааж авчирсан нь оросын банкууддаа “шинэ мөнгө” болж орж ирдэг хэмээн хашилтад авсан нь яав ч сайныг илтгэхгүй мэт.

Прокопова хатагтайн ярьснаар оросын банкны үйлчлүүлэгчдийн 80 хувь нь депозит хэлбэрээр хүмүүсийн гар дээр мөнгө болж хадгалагдах ба 20 хувь нь хөрөнгө оруулалт болдог. Евгения Тюрикова гэж Sberbank Private Banking банкны эзэн хатагтай ярьж байна. Хувийн капиталын 50 гаруй хувь нь түүхнээсээ оросын хилийн гадна баян оросуудын мэдэлд байж ирсэн. Тэднийг уучлаад, уриад, хөнгөлөлт эдлүүлээд тун цөөхөн нь оростоо мөнгөө буцааж авчирдаг. Засгийн газар нь 2018 онд хоёр дахь өршөөл гэдгээ зарласан, өршөөлийн хугацаа саяхан гуравдугаар сард дууссан. Эхнийх нь 2015-2016 онд өршөөгдсөн, гэвч ийм алхам оросуудын дурыг татаж эх оронч сэдлийг өдөөгөөгүй.

Оросоос капитал дүрвэлээ гэдэг нь яг үнэн. Гэхдээ бүр байнгын урсгал болчихлоо гэдэг нь арай эрт байна.

Тэгэхлээр нь улс төрийн муйхар шийдвэр гаргахаар оролдоод Сангийн сайд асан Алексей Кудринээс няцаагдаад мухардсан. Ерөөсөө доллараас татгалзъя гэх шийдэлд хүрэх гэсэн. Гэвч тэгсэнсэн бол оросын өнөөгийн эдийн засгийн бодит байдалд тохирохгүй. Рубль суларсан дээрээ сулраад хэлж таахын аргагүй байдалд хүргэнэ хэмээн Кудрин сэрэмжлүүлжээ. Доллараас татгалзахыг уриалагч нь Андрей Костин гэх банкир. Путинээс дэмжлэг авчих санаатай хөөцөлдөөд мухарджээ. Түүхий эдийн эдийн засагтай Орос орон, тэгээд яг одоо нефтийн экспортоос үлэмж хамаарч байгаа нөхцөлд доллараар наймаа хийхгүй гэдэг нь утгагүй ба балмад тэнэг явдал. Нефть гэдэг нь худалдан авагчдаа тулгаад байдаг тийм хосгүй бараа биш шүү дээ хэмээн Игорь Николаев гэх профессор ярьж байсан.

Хэрэв албадаж дедолларизац хийвэл тэр нь “Чулуун зэвсгийн эрин үе рүүгээ марш!” гэсэнтэй адил явдал болно хэмээн Альфа-банкны захирал Петр Авен ярьсан нь жинхэнэ афоризм гэлтэй. Гэх мэт бичээд байвал мөн ч их баримт аргумент миний гарт байна. Оросын мөнгө гадаад руу урсаад дуусах нь ч хаашаа юм. Гэхдээ санаа сэдэл монголчууд минь аваасай гэж л бичиж байгаа хэрэг шүү дээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2018 оны намар Владивостокт Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор явахад нь 100 тэрбум рублийн зээл хүсээд ир хэмээн даалгавар өгөөд явуулсан. Түүнийг дагалдан Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын зарим гишүүн тэнд очоод бүх уулзалтад оролцсон ба тэрхүү 100 тэрбум рублийн хувь заяа одоо яасан бэ гэдэгт би асуулт тавих гэж байна. Чамгүй өндөр сонсдох 100 тэрбумаа авч хэрэглээгүйгээр хагас жилийг амандаа ус балгачихсан улстөрчдөөс асууж байгаа хэрэг шүү дээ. Хэрэглэхгүй юм бол яах гэж гуйлгасан юм бэ?

2018 онд рубль 20 хувиар унасан хэмээн дэд сайд асан Владимир Милов амны зоргоор бураагүй л болов уу.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих