Шри Ланкаас “Лалын улс” бүлэглэлд холбогдолтой эд зүйлсийг илрүүлжээ
Шри Ланкад Улаан өндөгний баярын өдөр үйлдсэн цуврал халдлагатай холбогдуулан тус улсын аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын орон даяар явуулж буй нэгжлэгийн үеэр “Лалын улс” бүлэглэлийн туг, тэсрэх төхөөргүүдийг илрүүлсэн байна.
Үүнтэй холбогдуулан Калмунай, Чавалакаде, Самантурай хотод хөл хорионы цагийг сунгаж, өглөөний 8:45 минутаас оройны 16 цаг хүртэл болгон нэмэгдүүлжээ. Эдгээр хотод явуулсан нэгжлэгийн үеэр тэсрэх төхөөрөг хийх хэрэгслүүдийг илрүүлсэн ажээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, Самантурай хотын нэгэн байшингаас тэсрэх төхөөргүүд болон “Лалын улс” бүлэглэлийн дүрэмт хувцаснууд, 100 мянган үрлэн холхивч, дрон камер олсон байна.
Өнгөрсөн ням гарагт Коломбо хотын сүмүүд, зочид буудлууд болон зүүн нутгийн хотод амиа золиослогч этгээдүүдийн үйлдсэн цуврал халдлагын улмаас 253 хүн амиа алдсан юм.
Уг халдлагад Шри Ланкагийн лалын шашинт хэт даврагч “Үндэсний Тувхет Жамаат” бүлэглэлийг буруутгаж байгаа боловч тэд халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байгаа юм. Харин “Лалын улс” бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн билээ.
Баасан гарагт Шри Ланка улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена мэдэгдэхдээ, улс даяар өргөн хүрээг хамарсан нэгжлэг явуулах болно гэжээ.
URL: