Б. Хурцыг баривчилснаас болж Британи хэдэн сая фунт алдах болоод байна
Их Британы “Prees TV” улстөрийн таагүй харилцаанаас болж Британы компаниуд эдийн засаг нь маш хурдан өсч байгаа улсад сая сая фунт алдах болжбайгаа гэж мэдээлжээ. Тэд манай улсын эдийн засгийг огцом дээшилж, ДНБ нь ойрын гурван жилд даруй гурав дахин өсч, 15 тэрбум фунт болно гэсэн байна. Тиймээс Британи Б.Хурцыг баривчилж, дэмий тоглоом хийлээ гэжээ.
Уг мэдээлэлд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг баривчилсан нь хоёр улсын дипломат харилцааг хямраагаад зогсохгүй Британийг хэдэн сая фунтын алдагдалд оруулж мэдэхээр байна.
Лондоны албаныхан ноён Хурцыг аюулгүй байдлын талаар зөвлөлдье, Уайтхоллынхонтой уулз хэмээн Британид “хуурч” авчраад “Хитроу” буудалд хөл тавив уу, үгүй юу Европын баривчлах тусгай зөвшөөрлийг дагуу саатуулж орхисон билээ. Хүн хулгайлахад оролцсон хэмээн буруутгагдсан түүнийг өнгөрөгч есдүгээр сараас хойш Лондоны “Вэндсворт” шоронд цагдаж буй.
Б.Хурцын өмгөөлөгчдийн хэлснээр түүнийг Британид хөл тавибал герман яллагчдын хүсэлтээр баривчилна гэдгийг Лондоны албаныхан мэдэж байжээ. Монголын талын эл гоморхол дипломат гомдол болж туг улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч арваннэгдүгээр сард Британид хийх байсан айлчлалаа урьдчилан анхааруулалгүйгээр цуцалсан юм. Үүнтэй зэрэгцэн Лондон Монгол Улс дахь Элчин сайд Уильям Диксоныг “яаралтай хэргээр” эргүүлэн татсан. Ерөнхий сайдыг Лондонд айлчлахдаа Уайтхоллын (Whitehall) албаныхантай уулзахыг У.Диксон ятгасан гэх эх сурвалжийн мэдээ бий.
Ирэх таван жилд эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлэх төлөвтэй байгаа энэ улсыг овоо хараандаа аваад байгаа Британийн компаниудад эдгээр дипломат зөрчил их гарз дагуулах шинжтэй байна. Шинжээчдийн тооцоогоор Монголын ДНБ-ий хэмжээ 2013 он гэхэд одоогийнхоос гурав дахин өсч, 15 тэрбум фунтаар хэмжигдэнэ.
Өнгөрөгч долоо хоногийн эхээр хатны зөвлөх (QС) Алун Жонс Вестминстерийн шүүгчдийн зөвлөлд хэлсэн үгэндээ Б.Хурц Британид айлчлахдаа дипломат төлөөлөгчийн халдашгүй эрхээ эдэлж болохоор байсан гэх өмгөөлөгчдийнх нь мэдэгдлийг иш татжээ. “Ази, Ойрхи Дорнодын хөгжиж буй орнууд манай улс уруу төлөөлөгчөө илгээхдээ Гадаад хэргийн яам баривчилчихаж магадгүй гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээн тэрбээр ёжтой хэлсэн байна. Б.Хурцыг баривчилсан нь Британийн Засгийн газрын улстөр, дипломат бодлоготой холбоогүй хэмээн мэдэгдсээр буй Гадаад хэргийн яам сэвтсэн харилцааг сэргээхийн төлөө ажиллаж байна гэжээ.
Г. Лхагва
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: