ДЭЛХИЙН НЕФТИЙН ҮНИЙН ӨСӨЛТ МОНГОЛД ИРЭХ САРААС НӨЛӨӨЛЖ ЭХЛЭНЭ

3322

Дэлхийн зах зээл дээр брент нефтийн үнэ 74 ам.доллар даваад байна. Оны сүүлээр 44 ам.доллар байсан газрын тосны үнэ дөрөвхөн сарын дотор 40 хувиар өсчихлөө. Цаашдаа буюу энэ оны эцэс гэхэд 74-өөсөө буухгүй, 100 ам.долларт ч хүрч магадгүй гэсэн таамаг шинжээчдийн дунд голлож эхэлжээ. Саявтар шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн нь ийм учиртай аж. Шинжээч Г.Мөнх-Эрдэнэ энэ долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн саруудад өрнөсөн өсөлт дараа дараагийн сард бензиний үнэ дээр нэмэгдээд ороод ирнэ.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ импортын компаниудын худалдаж авч байгаа үнэд сарын дараа нөлөөлдөг. Импортын компаниуд энэ сард худалдаж авах шатахуунаа хоёр, гурван сарын нөөцтэйгөөр өмнө нь авчихсан байх тохиолдол бий. Ийм тохиолдолд ханш уналаа ч өмнө нь өндөр үнээр авсан шатахуунаа зарж дуусаагүй бол үнээ буулгах аргагүй. Өмнө нь авсан шатахуунаа зарж байж л үнээ буулгах боломж гарч ирнэ. Тийм онцлогтой бизнес” гэж онцолжээ. Түүний ярианаас харахад өнгөрсөн саруудад дэлхийн зах зээл дээр үүссэн нефтийн үнийн өсөлт ирэх сараас бидэнд мэдрэгдэж эхлэх нь. Мэдрэгдээд ч зогсохгүй шатахууны үнэ цаашдаа ч нэмэгдсээр байх нь тодорхой болчихож.

Шатахууны үнэ цаашид ч өснө

Шатахууны үнэ цаашид ч өснө гэдгийг тоо баримттайгаар жишээлье. Тоо баримттай тайлбар хэлэхээс өмнө Сингапурын биржийн үнэ манай улсын шатахууны үнэд яаж нөлөөлдгийг энгийнээр тайлбарлая. Хэдэн жилийн өмнөөс манай улс Сингапурын биржийн үнээр шатахуунаа худалдаж авдаг болсон учраас дэлхийн зах зээлийн үнийг хардаг болсон юм. Сингапурын биржийн өмнөх сарын нефтийн ханш манай улсын энэ сард худалдаж авах шатахууны ханшид нөлөөлдөг. Тодруулбал, Сингапурын бирж дээр газрын тосны үнэ хоёрдугаар сард нэгдүгээр сарынхаас өссөн. Энэ өсөлт манай улсын шатахуун импортлогчдын гуравдугаар сард худалдаж авах шатахууны үнэд нөлөөлсөн юм. Шатахуун импортлогчид гуравдугаар сард өссөн үнээр авсан шатахуунаа дөрөвдүгээр сард худалдаанд гаргасан. Өөрөөр хэлбэл шатахууны үнийн дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт Монголын хэрэглэгчдэд хоёр сарын дараа мэдрэгдэж эхэлдэг. Энэ сард шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн нь ийм шалтгаантай. “Роснефть”-ийн оны эхний таван сарын импортын үнийг сонирхлоо. Нэгдүгээр сард 531, хоёрдугаар сард 533 ам.доллар байсан бол гуравдугаар сард огцом өсч 572 ам.доллар болжээ. Өсөлт дөрөв, тавдугаар сард ч үргэлжилж байна. Дөрөвдүгээр сард 613 ам.доллар, тавдугаар сард 643 ам.долларт хүрчээ. Тодруулж хэлбэл оны эхний сараас 112 ам.доллараар өсчихөж. Тэгэхээр шатахууны үнэ лав л зургаа, долдугаар сар хүртэл тасралтгүйгээр өсөх нь тодорхой болжээ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ шинжээчдийн таамагласнаар өсөөд байвал дотоодын шатахууны зах зээл бүр ч хэцүүхэн байдал үүсч мэдэхээр байна.

Нефтийн үнийг АНУ өсгөж байна

Дэлхийн зах зээл газрын тосны үнэ сүүлийн таван жилд маш өндөр савлагаатай байгаа аж. Брентийн ханш 30, 40 хувиар өссөн үеүд бий гэнэ. Хамгийн өндөр савлагаа нь 2018 онд ажиглагджээ. Түрүү жилийн савлагаа 80 хувь давсан юм байна. Шинжээч Г.Мөнх-Эрдэнэ шатахууны үнийн энэ савлагааг маш том улс төр, геополитикийн сэдэв болж хувирсантай холбон тайлбарлажээ. Газрын тосны зах зээлд сүүлийн үед хүчтэй орж ирсэн АНУ-ын бодлогоос бүх зүйл шалтгаалж эхэлжээ. АНУ цөмийн хөтөлбөрийг нь дэмжихгүй гэх шалтгаанаар Иранд хориг тавихад нь нефтийн үнэ өсч, буцаагаад хоригоо зөөллөхөд газрын тосны үнэ бууж байсан юм. Гэвч хэдэн өдрийн өмнө Д.Трамп Иранд тавьсан хоригоо ахиад чангалангуут газрын тосны үнэ өсч эхэллээ.

Нефтийн өсөлтөд нөлөөлсөн дараагийн шалтгаан бол худалдааны дайн. Оны сүүлээр худалдааны дайн хурцдах төлөв анзаарагдаж байсан бол саяхнаас Д.Трамп, Си Жиньпин хоёр найрамдах янз руугаа орчихлоо. Сүүлийн үед ажиглагдаж байгаа нефтийн үнийн өсөлтийн өөр нэг шалтгаан нь энэ. Худалдааны дайн зөөлөрвөл эдийн засаг өснө, эдийн засаг өсвөл газрын тосны хэрэглээ нэмэгдэнэ, хэрэглээ нь нэмэгдсэн ямар ч барааны үнэ өсдөг нь зах зээлийн хууль юм.

Долларын өсөлт шатахууны үнэд нөлөөлдөг

Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ 5-10 хувиар буухад Монголд зарж байгаа Аи-92-ын үнэд нөлөөлөхгүй гэж шинжээч онцолсон байна. Үүний гол шалтгаан нь сүүлийн таван жилийн турш аажмаар өсч буй ам.долларын өсөлт гэнэ. Импортлогчид шатахууныг ам.доллараар худалдан авч иргэдэд төгрөгөөр зардаг учраас эцсийн хэрэглэгчид дэлхийн зах зээлийн үнэ, төгрөгийн ханшийн сулрал гэсэн хоёр эрсдэлийг үүрдэг аж. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом унавал манайд мэдрэгдэх юм байна. Жишээ нь өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буухад манай улсад шатахууны үнэ 300 төгрөгөөр суларч байв.

ЭХ СУРВАЛЖ:EAGLE.MN


URL:

Сэтгэгдэл бичих