ТА НАР ЯАГААД ИЙМ ЮМ БЭ?
- Тэд төсвийг яаж удирдсан юм бэ? Сүүлийн 10 жил төсөв тасралтгүй алдагдалтай гарч, тасралтгүй идэхийг л чухалчилсан. Алдагдлыг нь хэн төлдөг?
- Бид л төлдөг.
- Тэд эх орноо барьцаалаад зээл авчихсан. Тэр мөнгө хаачив?
- Тэд хуваагаад идчихсэн.
- Хэн төлж байна?
- Бид төсвөөсөө хэдэн их наядаар нь төлж байна.
Гэтэл бид ёроолгүй сав шиг юу ч хийсэн дүүрч үл чадах ийм шуналтай хүмүүст дахиад л итгэсээр байх уу?
Нэг л их ард түмэн ярьсан хүн. Өөрсөд нь өөрчлөх боломж байсан ч идэхээ л урьдал болгосон. Одоо 2-хон хуудастай ч хэзээнээс ч юм бэлдсэн зээлийн хүүгийн хязгаар тогтоох хуулийн төсөл оруулаад ирэв. ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙНА. БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. ҮНЭХЭЭР ЗӨВ. Биднийг одоо л боддог болж. Зээлийн хүү өндөр байгаад бүгд бухимдаж байгаа. Гэхдээ тэр их өр тавьж байхдаа бодохгүй яав даа, төсвөөс хусч байхдаа ч бодохгүй яав даа. Заа яахав. Хүн л юм чинь алдана, ононо. Алдаагаа мэдэрсэн ч юм бил үү? Даанч уужуу ард түмэн дээ, бид чинь…
Зээлийн хүү бол хүн бүрийг шархлуулж орхисон, ярихад ч их эмзэг сэдэв. Зээлийн хүүнээс болж бид өдөр шөнөгүй зүтгэж, өрөөл бусдын өмнө ч нүүрээ хүртэл бардаг. Хүн өөрийг нь шархлуулсан зүйлтэй нүүр тулбал нэг бол ална, эсвэл зугатна. Харин хэн нэгнээр алуулъя гэвэл бүгд дуу нэгтэй зөвшөөрнө. Учир нь хариуцлгагыг нь өөрөө хүлээхгүй учраас тэр.
Харин сөрөг хүчин маань би алаад өгье гээд бидний эмзэг сэдвийг шийдэх 2-хон хуудас ноорог сараачаад л хуулийн төсөл хийчихлээ. Өө мэдсэн бол 2000 оноос л хийх байсан юм. Бүхэл бүтэн эр өсч, эсгий сунах үеийг алдчихаж. Тэглээ ч ийм амархан юм бол Монгол банк татан буугд. Бөөн эдийн засагч цуглуулчихаад юугаа хийдэг юм. Тэр эдийн засгийн чиглэлээр сурсан болон сурч байгаа хүмүүс эртхэн боль. Асуудал ийм амархан байхад заавал 4 жил сураад, зовон барин дахиж гадагш яваад л магистр, доктор хийх ямар хэрэг байна. Бөөн зардал, хайран залуу нас, хайран хичээл зүтгэл… Тэр дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлээд байгаа мундаг багш нарын ч хэрэг юу байсан юм. Ийм амархан шийдчих зүйл дээр.
БҮХ ЗҮЙЛ ДУУСНА НАЙЗ АА…
1970 –д онд л зээлийн хүү өндөр гэх асуудал дэлхийн улс орон бүрийн сорилт байсан. Олон улсад ч тэр, Монголд ч тэр зээлийн хүүг буулгаж болох олон судалгаа шинжилгээг хийсэн, хийгдэж ч байна, хийгдсээр ч байна. Бараг номын сан дүүрэн материал болох биз. Зөвхөн хүүнд дээд хязгаар тогтооно гээд амархан шийдчих атал яагаад тэгж их судална гэж? Утгагүй юм. Гэхдээ ийм хууль санаачилсан эрх баригчид ганц манайх ч биш, өөр олон улс байдаг. Азаар тэд хэрэгжүүлээд үр дүнг нь хүртэл үзчихэж. Дэлхийн банкны гишүүн улсуудаас 61 улс энэ хуулийг санаачлан хэрэгжүүлжээ. Үр дүн нь бүгд ижил төстэй. Сөрөг нөлөөтэй байсан. Эхэндээ бүгд л баярлаж, ингээд л бүх зүйлс сайхан болох нь гэж итгэж байв. Хүүгийн хязгаар ч тогтов.
Өнөөх банкууд нь хүүний хязгаарт тэнцэх харилцагчдадаа үйлчлээд, мань мэт шиг нөхдүүдийг нэг нүдээрээ ч хялайхаа байв. Уг нь өмнө нь та суух уу? босох уу? гэх мэтээр бөөцийлүүлдэг л байсан. Ингээд жаахан зээл энэ тэр аваад хөдөлчихье гэтэл ямар ч боломжгүй болов. Хүн бүр өөр хоорондоо мөнгө зээлж, өнөөх жинхэнэ мөнгө хүүлэлт чинь эхлэх нь тэр. Юун сайхан ирээдүй. Мөнгөө нэхээд гэрт нь хэдэн том залуучууд хоол хийж идээд л, охид эмэгтэйчүүд рүү нь нүд унагаад л хэд бол хэд л хононо. Зарим нь тэвчээргүй дээ, шууд л хивсэн дээр нь хүндэрч орхино. Ийм зүйл харсан хүн сэтгэцийн хувьд гүн хямралд орох болно. Өөрөөр хэлбэл, энэ хуулинд аз жаргалтай төгсгөл гэж үгүй.
Доорх хүснэгтээс ямар үр дүнд хүргэснийг нь дэлгэрэнгүй харж болно.
Хүснэгт 1. Зээлийн хязгаар тогтоосон улсууд
Орнууд |
Зээлийн хязгаар |
Үр дүн |
Судалсан он, судлаач |
---|---|---|---|
Баруун Африкийн орнууд |
Бичил санхүүгийн зээлд хэт бага хүүний дээд хязгаар |
Бичил санхүүгийн байгууллагууд ядуу болон алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэхээ зогсоосон |
(Helms & Reille 2004) |
Өмнөд Африк |
Зах зээлд зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон |
Зээлийн хүүгийн дээд хязгаараас зайлсхийж (Зээлийн даатгал зэрэг бусад нэмэлт үйлчилгээний зардал бий болгох замаар) зээлийн зардлын ил тод байдлыг бууруулсан |
(Helms & Reille 2004) |
Япон улс |
Бага зээлийн хүүний хязгаар |
Зээлийн нийлүүлэлт буурч, зээл олголт багасаж, хууль бус зээлдүүлэг ихэссэн. |
(Ellison & Forster 2006; Porteous, Collins, & Abrams 2010) |
Латин Америкийн улсууд |
Бага зээлийн хүүний хязгаар |
Бичил санхүүгийн байгууллагуудын зээл олголт буурсан, хөдөө орон нутгаас санхүүгийн байгууллагууд дүрвэсэн, хүүгийн бус шимтгэл, хураамжийг нэмэгдүүлсэн сөрөг нөлөө гарсан. |
(Capera, Murcia, & Estrada 2011) |
Эх үүсвэр: Дэлхийн банкны судалгаа
Дээр дурьдсанчлан зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосны дараа тус улсуудын хувьд дараах нийтлэг зүйл ажиглагдсан байна.
- Зээлийн нийлүүлэлт багасаж, санхүүгийн хүртээмж муудсан. Баталгаажсан орлогогүй, эрсдэлтэй харилцагчдын зээл авах боломж огцом буурсан.
- Санхүүгийн зах зээлийн ил тод байдал буурсан. Ил тод биш байх нь цаад талдаа олон эрсдэл дагуулдаг бөгөөд эдийн засгаа хямрахад хүргэдэг.
- ЖДҮ-н зээл авах боломж огцом буурч, зарим орнуудад энэ төрлийн бизнес дампуурсан.
- Хууль бус зээлийн хэмжээ газар авч, улам бүр нэмэгдсэн байна.
Манай ухаантнууд хөгжингүй орнуудаар жишээ авч ярих их дуртай. Жишээ нь, Япон үнэхээр мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргасан уу? гаргасан. Гэвч зээлийн хүү нь 1 хувь, түүн дээр нэмээд 30% болгож зээлбэл мөнгө хүүлэлт гэж үзнэ гэсэн. Европын бүх улсууд ийм. Бид арай л өөрөөр ойлгоод байх шиг…
МУЙХРААР ЗӨРҮҮДЭЛЖ ЗҮТГЭХЭЭ БОЛЬ
Тэгвэл энэ эмзэг сэдвээ хэрхэн эмчлэх ёстой вэ? Та нар хардаа, ямар нэг зүйлийг хийхэд бүгд л ижилхэн ачаанаас үүрэлцэх ёстой. Гэвч энэ хууль өөрөө ачааны хүндийг шууд л банк болон иргэдэд үүрүүлж буй. Өөрсдөө тэд хаана байна?
Тэгэхээр инфляц бол тэр чигтээ мөнгөний болон төсвийн бодлогын үр дүн байдаг. Тэдний жинхэнэ хийх ажил бол энэ. Гэтэл тэд яадаг вэ? Өнөөх л зээл, өр тавьж, улсаа хүнд байдалд оруулаад валютын ханшаа унагадаг. Тэр нь инфляцад нөлөөлдөг.
Төсвөө алдагдалтай гартал нь иддэг, тэр нь эргээд зах зээлийн эрэлтийг өсгөж, инфляцыг өдөөдөг.
Хэлэх ч үг үл олдоно. Та нар яагаад ийм юм бэ? Зээлийн хүүг буулгахад бидний тал бүрийн хичээл, зүтгэл сахилга бат хэрэгтэй байхад та хэд яагаад ийм амархан, буруу арга замыг нь сонгодог юм бэ? Юманд учир, суманд гичир гэж бийсэн. Та бүхний л бодлого явуулж, өнөө хүртэл чирж авч ирсэн эдийн засгийн жинхэнэ нүүр царай чинь ЗЭЭЛИЙН ХҮҮ.
Нүүрэн дээр нь дүүрэн юм гарсан хүн шууд нүүрээ эмчлэх гээд дайрахаас илүүтэй юунаас болоод байгаа учир шалтгааныг нь олж, түүнийг нь эмчлэх хэрэгтэй байдаг. Тэр нь тосны булчирхайн үрэвсэл, харшил, ходоод, элэг гэх мэт маш олон хүчин зүйлсээс шалтгаалсан байж болно. Яг л үүнтэй утга нэг. Арга зам нь юу вэ? Бид эмнэлэгт очиж, шинжилгээ өгч, өвчнөө оношилж, эм бичүүлж, эм ууж, тариа тариулна. Шаардлагатай гэвэл урт хугацааны турш дэглэм барина. Энэ бол бидний арга зам. Ингэж л өвчнийг эмчилдэг. Өвчнийг бид хуурч чадахгүй. Харин аргалж л чадна.
IKON.MN, Г.БАТЗОРИГ Эдийн засагч, шинжээч
URL: