Хунтайж Уилльям Шинэ Зеландад айлчилж байна
ВЕЛЛИНГТОН. /BBC/. Кембрижийн гүн Уилльям Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд үйлдсэн халдлагаас амьд үлдсэн хүмүүс болон тэдний ар гэрийнхэнтэй уулзахаар тус улсад хүрэлцэн очсон байна.
Хунтайж Уилльям Австрали, Шинэ Зеландын цэргийн албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хоёр өдрийн айлчлал хийж буй энэ ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Крайстчерч хотын “Аль-Нур” болон “Линвуд” сүмд үйлдсэн халдлагын улмаас 50 хүн амиа алдсан билээ.
Мөн тэрбээр цэргийн албан хаагчид болон лалын шашны удирдагчидтай уулзах төлөвтэй байна. Хунтайж Уиллиам Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерны хүсэлтээр Их Британийн хатан хааны нэрийн өмнөөс энэхүү айлчлалыг хийж байгаа ажээ.
Ташрамд дурдахад, Кембрижийн гүн болон гүнгийн ахайтан нар найман сартай хунтайж Жоржийн хамтаар Шинэ Зеландад 2014 онд айлчилж байжээ.
URL: