Сирийн байдал сэрдхийлгэх болов
Бослого үймээнд нэрвэгдсэн Сири улсад байдал улам бүр хурцадсаар байна. НҮБ-ын тайланд дурдсанаар, өнгөрсөн оны 3 дугаар сард эмх замбараагүй байдал дэгдсэнээс хойшхи хугацаанд 5 мянга гаруй сири иргэд амь үрэгджээ. Уржигдар гэхэд, Америкийн дуу хоолой радио станцын мэдээлснээр бол, 30 гаруй хүн амиа алдсан байна. Дээрх мэдээлэл үнэн болохыг Арабын орнуудын Лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби нотлов.
Харин арабуудын хувьд Сирид үүссэн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэх тал дээр санал хоёр хуваагджээ.
Египет, Алжир, Ирак, Ливан, Судан зэрэг улсууд Арабын улсуудын Лигийн ажиглагчдын үйл ажиллагааг үргэлжлүүлье гэж байгаа бол харин Катар мэтийн улсууд Ливид хэрэгжүүлсэн шиг «агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглосон» тогтоолыг НҮБ-аар гаргуулах гэж яарч байна.
Байдал нэгэнт хурцдаад байгаа энэ үед Катарын Эмир Хамад бен Халифа ат-Тани мэдэгдэл хийж «Сирид энгийн номхон иргэдийг хөнөөж байгаа явдлыг таслан зогсоохын тулд арабын орнуудын цэргүүдийг тус улсад оруулах» санал гаргасан нь гал дээр тос нэмсэн явдал боллоо. Ер нь бол катарчууд «Арабын хавар»-ын үеэр Тунис, Египет, Ливийн хувьсгалчдыг дэмжиж байсан, тэгээд ч энэ удаад Сирийн хувьсгалыг дэмжихээр шийджээ.
Дамаскийн эсрэг авсан Арабын улсуудын Лигийн хориг арга хэмжээг санаачилсан улс бол Катар. Каддафийг бөмбөгдөж байсан НАТО-гийн нисэх хүчний бүрэлдэхүүнд Катарын сөнөөгч онгоцууд багтаж байлаа.
Гэвч Арабын орнуудын хүчээр Сирийн эсрэг байлдааны ажиллагаа явуулах Катарын шейхийн төлөвлөгөө биелнэ гэдэг бол тун эргэлзээтэй гэж шинжээчид үзэж байна.
Учир нь Сирийн хөршүүд болох Ирак, Ливан, Иордан улсуудын аль нь ч дайтахыг хүсэхгүй байгаа ба арабын бусад орнууд ч Асадыг эсэргүүцэгчдийг ингэж ил шууд дэмжихгүй байгаа билээ. Бүс нутагтаа хамгийн томд тооцогдох Египетийн арми гэхэд Сирийн хувьсгалчдад туслахаар очихын тулд Израилийн нутгаар дамжих хэрэгтэй болно, тэгэхээр энэ бол огт бүтэшгүй төлөвлөгөө.
Хоёрдугаарт, эмирийн санал биелүүлэхийн тулд тэнгисийн болон агаарын десант буулгах хэрэгтэй болно. Гэвч ийм ажиллагааг арабын орнуудын армиудын аль нь ч гүйцэтгэж чадахгүй. Эмир энэ бүхнийг сайн ойлгож байгаа ч түүний дээрх санал бол барууныхан болон түрэгүүдийг Башар Асадын эсрэг шийдэмгий ажиллагаа явуулахад турхирч байгаа хэрэг гэж тоймчид үзэж байна.
Хямралт байдалд дүн шинжилгээ хийдэг Олон улсын группын дэд ерөнхийлөгч Ален Делетроз ингэж дүгнэж байна. «Катарчууд бол бүс нутагтаа бол тун амбиц ихтэй хүмүүс. Сая хүрэхгүй хүнтэй тус улс хөрш болох Саудын Аравид юу чаддагаа харуулахыг эрмэлзэж байгаа. Байгалийн хийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд хамгийн баянд тооцогдох энэ орны хувьд бүс нутаг дахь өөрийн талынхнаа санхүүжүүлэх, тэгснээрээ геополитикийн байр сууриа бэхжүүлэх нөөц боломж асар их бий».
Асадын армийн албан хаагчид анги байрлалаа орхин зугтах нь олонтоо гарах болж бараг 40 мянган албан хаагч босогчдын талд орсон тухай сүүлийн үеийн мэдээ байна. Зөвхөн армийн дээд удирдлага, өөрөөр хэлбэл дээд тушаалын генерал, хурандаа нар Асадад үнэнч гэдгээ харуулан үлдсэн бол бага тушаалын офицерүүд, цэргүүд бүхэл бүтэн анги нэгтгэлээрээ оргосоор. Оргодлууд «Сирийн чөлөөт арми» гэгчийг байгуулсан ба дээр нь генерал Мустафа Ахмад аш-Шейх хоёр, гурван өдрийн өмнө тэдний эгнээнд нэгджээ.
Ер нь бол, Сирийн армийн бага тушаалын офицерүүд болон цэргүүдийн дийлэнх нь суннитууд, харин генералууд нь Башар Асадын талынхан буюу шиит шашны алавитууд ажээ. Суннитууд Сирийн хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг тул шашин нэгт ахан дүүс рүүгээ гал нээнэ гэдэг юу л бол.
Энэ улсад хямрал улам даамжирсаар байгаа учраас дотоод хэрэгт нь гадны улс орнууд цэргийн хүчээр оролцоно гэдэг нь бараг гарцаагүй болж таарч байна. Хэрвээ Асадын дэглэм засгийн эрхэнд байсаар байвал Ойрхи Дорнодын бүс нутаг дахь геополитикийн байдал түгшүүртэй хэвээр байх болно, учир нь Дамаскийн нөлөө Ливан болон Иракт маш хүчтэй байдаг.
Өөр нэгэн хувилбар бол хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор тусгай зурвас бий болгох явдал. Үүнийг Франц улс санал болгосон бөгөөд Дамаскийн эрх баригчдын хяналтаас нэгэнт гараад буй хотуудын хүн амд хүнсний болон бусад хэлбэрийн тусламж үзүүлэхэд чиглэх аж. Гэхдээ энэ бол ихээхэн хөрөнгө мөнгө шаардсан тун түвэгтэй асуудал юм.
Чухам үүний учир НАТО иймэрхүү ажиллагааг түрэгүүдээр хийлгэх санаатай байгаа гэнэ. Урьд өмнө нь Иракийн нутагт тусгаарлах бүс байгуулж байсан түүх бий бөгөөд 500-700 мянган курдуудыг хамгаалахын тулд 20 мянган турк цэрэг дайчлагдаж байв. Дээр нь 30 орчим улс, олон улсын болон төрийн бус 50 шахам байгууллага энэ ажиллагаанд хамрагджээ. Тэгэхээр дээрх ажиллагаа дэндүү зарлагатай гэдэг нь ойлгомжтой.
Түүний сацуу, барууны шинжээчид цэргийн хүч хэрэглэхээс өөрөөр Сирийн асуудлыг шийдвэрлэх боломж алга гэдэг дээр санал нэгтэй байна. Онолын хувьд, Сирийн эсрэг байлдааны ажиллагаа эхэлсэн тохиолдолд иранчууд барууны холбоотны хүчинд цохилт өгөх магадлал бий.
НАТО-гийн хувьд цэргийн ажиллагаа эхлүүлэхийн тулд хэд хэдэн шалтаг, шалтгаан хэрэгтэй болно. Үүний тулд, Сирийн сөрөг хүчнийхэн ливичүүдийн адил хүсэлт гаргах хэрэгтэй гэж Х.Клинтон хэлсэн нь бий. Түүнээс гадна, тухайн бүс нутагт орших Катар мэтийн улсуудын дэмжлэг хэрэгтэйн дээр хууль зүйн үндэслэл заавал байх ёстой. Ерөнхийдөө бол Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах 4 хувилбар бий.
Сирийн сөрөг хүчнийхэн “үхлээ, хатлаа” гэж айлган, тус улсын агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглосон бүсийг НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлөөр тогтоолгохыг оролдоно. Мэдээжийн хэрэг, Орос, Хятад хоёр үүнийг нь эсэргүүцэж таараа, гэсэн хэдий ч 2003 онд Ирак руу довтолсон хувилбар давтагдана. Үйл явц ливи маягаар өрнөх нь мэдээж.
Хоёрдугаарт, Арабын орнуудын Лиг ээлжит хуралдаанаараа “тэвчээр алдагдаж Сирийн эсрэг байлдааны ажиллагаа явуулахаас аргагүйд хүрсэн” гэх утгатай мэдэгдэл хийж магадгүй. Иймд тохиолдолд Орос, Хятадын саналыг авах нь илүүц бөгөөд НАТО үүнд ямар ч хамаагүй нэр цэвэр үлдэнэ.
Гуравдугаарт, Сирийн эрх баригчдад тун дургүй түрэгүүд зүгээр суухгүй нь мэдээж. Тэд иргэдийнх нь эсрэг ямар нэгэн халдлага үйлдсэн тухай үлгэр зохиож чадах бөгөөд НАТО-гийн аль нэгэн гишүүн улсад халдсан тохиолдолд эвслийн бүх орнууд түүнийг хамгаална гэсэн дүрэм Умард Атлантын эвслийнхэнд байдаг гэнэ. Энэ тохиолдолд Орос, Хятад хоёроос зөвшөөрөл аваад байх шаардлагагүй юм.
Дараагийн хувилбар бол, Сири, Израиль хоёрын дунд яс хаян дайн өдөөх. Израильчууд Сирийг “Хезболла” гэдэг террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг дэмждэг гэж байнга буруутгадаг тул Сири рүү довтолсон байхад дэлхий нийт энэ үйлдлийг нь төдийлөн буруушаахгүй болов уу.
Сирийн эсрэг ажиллагаа явуулах үндсэн шалтгаануудын нэг бол Орос улсыг Газар дундын тэнгисээс хөөн гаргах явдал. Үүний тулд, үзэл суртлын ямар нэгэн зэвсэг бодож олох ёстой. АНУ “ардчиллын оч”-ийг дэлхий дахинд түгээж байгаа учраас засгийн эрхэнд дэндүү удаан байгаа дэглэмүүдийг унагах нь зүйтэй гэсэн байр суурь нь олны дэмжлэгийг хүлээх магадлалтай.
Гэхдээ оросууд зүгээр суухгүй нь мэдээж. Ойрхи Дорнодод үлдээд байгаа цорын ганц холбоотноо өмгөөлөн хамгаалах, өөрөөр хэлбэл НАТО-гийн агаарын цохилтыг няцаахын тулд тэд сиричүүдэд С-300 гэдэг зенитийн пуужингаа нийлүүлж буй тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарч байна. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах систем хэдийгээр хуучирсанд тооцогддог ч чамгүй хүчирхэг хэвээр байгаа. Түүнээс гадна, оросууд Сирийн гол гол аж үйлдвэр, цэргийн объектуудын ойролцоо маш орчин үеийн радарын станцуудаа байрлуулаад байгаа бололтой.
Энэ пуужин нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хамгийн хүчирхэг системүүдийн нэг. Радар нь 100 хүртэлх тооны байг хянаж, тэдгээрээс 12-ынх нь эсрэг шууд нь гал нээх чадалтай. Хамгийн гол давуу тал бол С-300-г байлдааны бэлэн байдалд оруулахад ердөө 5-хан минут хэрэгтэй гэнэ.
Өмнө нь оросууд энэ пуужингаа Иранд нийлүүлэх бодолтой байсан ч АНУ, Израиль хоёрын шахалтад автан наймаа хийгээгүй байна. Одоо бол харин Сирийн худалдан авах пуужингуудын төлбөрийг Ираны тал хийхээр болсон бололтой. Энэ мэтээр нөхцөл байдал тун түвэгтэй болсоор байгаа учир Сирид байдал цаашдаа хэрхэн өрнөж болох талаар урьдчилан дүгнэлт хийхэд арай л эрт байна.
Б.Адъяахүү
Эх сурвалж: “Монцамэ”
URL: