Н.Батсуурь: Монголыг Африк шиг болгох сонирхол гадны компаниудад бий
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурьтай ярилцлаа.
-Төрийн ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон чуулга уулзалтын үр дүнгийн талаар яриагаа эхлэх үү?
-Чуулган маш үр дүнтэй боллоо. Чуулганы эхний өдөр болсон “Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал” үндэсний чуулган, дараагийн өдөр “Байгаль орчны ажилтны улсын зөвлөлгөөн”, “Байгаль орчны салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн” гэсэн гурван сэдвийн хүрээнд болсон.
Монгол Улсын бүх аймаг, сумдаас нийт 1000 орчим төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Тэд сум орон нутагт нь тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Энэ нь ч манай яамны цаашдын ажилд ихээхэн гүүр болж өгсөн гэж бодож байна. Бидний зорилго бол байгаль орчны засаглал, шинэчлэл гэж чухам юу юм бэ гэдгийг гаргаж ирэхийг зорьсон. Энэ чуулганы нэг онцлог нь уул уурхайн олборлолтын талаар асуудалтай байгаа 100 сумын төлөөлөл хүрэлцэн ирсэнд байгаа юм.
-Тэгэхээр энэ онд танай яам байгаль орчны ямар асуудалд анхаарч ажиллах гэж байна вэ?
-Монгол Улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийн шинэ үе рүү орж байна. Тэр дундаа уул уурхайн салбар эдийн засгийн гол хөшүүрэг, зүтгүүр нь боллоо. Тиймээс байгаль орчны нөхөн сэргээлт, эрүүл байгалийг бий болгох тал дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй юм. Түүнчлэн зөвлөлгөөнд оролцсон хүмүүсийн саналыг үндэслэж 2020 он хүртэл байгаль орчны чиглэлд баримтлах стратеги төлөвлөгөөг гаргасан.
-Энэхүү төлөвлөгөөндөө юун түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр тусгав?
-Төр захиргааны байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь маш муу байна. Үүнийг цаашид сайжруулах нь чухал. Мөн уул уурхайн компаниуд хэрэгтэй зүйлээ авчихаад ухсан газартаа нөхөн сэргээлт хийдэггүй. Эцэст нь хариуцлага тооцох эзэнгүй болж хоцрох тохиолдол их байна. Тиймээс үүнийг даруй шийдвэрлэх хэрэгтэйг төлөвлөгөөнд тусгасан.
-Та эзэнгүй болж хоцордог гэлээ. Тэгвэл эзэнгүй болж хоцорсон, сүйдсэн хэчнээн мянган га газар байгаа юм?
-Одоогоор уул уурхайн олборлолтод өртсөн, эзэнгүй болж сүйдсэн дөрвөн мянган га газар бий.
-Эдгээр газрыг хэн нөхөн сэргээх болж байна вэ?
-Төр л үүнийг хийнэ.
-Тэгэхээр төрөөс жилд хэдэн төгрөг төсөвлөсөн юм бол?
-Санхүүжилт муу байгаа. Одоогоор яг төдөн төгрөг гээд хэлчих тоо алга. Чуулга уулзалтын үеэр гаднаас орж ирсэн хөрөнгө оруулалтыг тэр чигээр нь уухайн тас авах хэрэггүй тухай ярилцсан. Сүүлд нь гарах хор уршгийг нь сайтар тооцож үзэх цаг болсон. Өөрөөр хэлбэл, төслийн хэрэгжилтийг зорилгоо болгодог байсан бол одоо байгаль орчноо хамгаалах талыг юун түрүүнд тавих нь зүйтэй гэсэн саналыг оролцогчид хэлж байсан.
-Одоогоор Монголд уул уурхайн олборлолтын эрхтэй хэчнээн компани байна вэ?
-Ийм эрхтэй 200 орчим компани бий. Зөвлөлгөөний үеэр орон нутгийн төлөөлөгчид хэлэхдээ “Олборлолт явуулж буй уул уурхайн томоохон компаниуд хариуцлагатай байгаа. Харин жижиг компани, хувиараа гар аргаар олборлогчид байгалийг алт сөнөөж байна” гэсэн. Тэд л байгаль сүйтгэж буй юм.
-Монголын 2.7 сая иргэдэд Оюутолгой, Тавантолгойн стратегийн ач холбогдол бүхий томоохон ордууд хангалттай хүрэлцэх юм биш үү. Тэгэхээр бүх ордыг нэгэн зэрэг ашиглах хэрэг байна уу?
-Үндэсний эрх ашгийн үүднээс авч үзвэл чиний асууж байгаа асуулт маш зөв. Гэхдээ нэг хэцүү зүйл байна. Манай улс ардчилсан, хүний эрх чөлөө, хувийн бизнесийг дэмждэг орон. Тиймээс тэдний уул уурхайн бүтээгдэхүүн олборлох эрхийг нь төрөөс боож болохгүй. Харин тэр компаниудад эдийн засгийн үүднээс өндөр шахалт үзүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ашигласан газраа маш сайн нөхөн сэргээдэг байх, нийгэмд үр бүтээлтэй зүйл хийх зэрэг олон улсын стандартын дагуу шаардлага ” тавьбал жижиг компаниуд багасах болно. Түүнээс биш одоо олборлолт явуулж байгаа компаниудын эрхийг шууд зогсоочихож болохгүй.
-Манай улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын уул уурхайн компаниуд ихэвчлэн аль улсынх байна вэ?
-Тоог нь сайн санахгүй байгаа ч БНХАУ-ын компаниуд хамгийн олон бий. Хамгийн гол нь олондоо биш. Тэртээ тэргүй гадаадын хөрөнгө оруулалттай бүх компаниуд өөрсдийн эрх ашгийг бодно шүү дээ. Тэд
мөнгө олохын тулд маш их заль мэх хэрэглэнэ. Харин бид тэдний залиас илүү зальтай байх ёстой. Тэд монголчуудыг Африк шиг болгох сонирхол агуулж байгааг мартаж болохгүй.
-Чуулганд ой хамгаалагчид хүрэлцэн ирсэн байна лээ. Тэд “Нийгмийн хангамж их муу байна” хэмээн гомдоллож байсан. Цаашид төрөөс энэ талаар хэр анхаарч ажиллах вэ?
-Одоо ой хамгаалалт өөр системээр ажиллаж эхэлсэн шүү дээ. Дээр үе шиг ганц нэг ой хамгаалагчтай байдаг цаг өнгөрсөн. Энэ нийгэмд тийм боломж ч байхгүй. Тиймээс ой хамгааллыг нөхөрлөл хэлбэрээр байгуулах нь хамгийн оновчтой шийдэл юм.
-Яагаад оновчтой шийдэл гэж үзэж байгаа юм бэ?
-Ганцхан ой хамгаалагч тухайн ойд байлаа гэж бодъё. Гэтэл түүнд бусадтай хуйвалдан ашиг олох боломж асар өндөр. Харин олон нүд нэгийгээ хянаж байвал энэ байдал арай гайгүй болно шүү дээ.
-Гэхдээ ой хамгаалах нөхөрлөл байгууллаа ч гэсэн айл, хүнгүй ойн хэсэг байдаг. Тэр хэсэгт хулгайн мод тээвэрлэгчид хамгийн ихээр байдаг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Иймэрхүү газар ой хамгаалагчдаа илүү байршуулах хэрэгтэй юм биш үү?
-Заавал тэднийг олноор байршуулаад байх шаардлагагүй. Одоо цагт техник технологи хөгжчихсөн. Сансраас хянаад, ОХУ шиг нисдэг тэргээр очиж үйлдэл дээр нь барих боломж тун ойртож байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Л.Баатархүү
URL: