Х.ЭНХЖАРГАЛЫН ЭЦСИЙН НАЙДВАР Ц.НЯМДОРЖ БОЛСОН УУ?
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан тушаалаас нь буулгах гээд дийлэхгүй байгаа.
Х.Энхжаргалыг АТГ-ын даргаас чөлөөлүүлэхгүй гээд М.Энхболд хууль санаачлуулж байгаад УИХ-ын даргаасаа буусан гэдэг. Дараа нь Х.Энхжаргалыг солих гэж хууль гаргасан ч Дээд шүүхийн дарга Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан хоёр өргөдлөө өгөөд явчихсан. Сүүлд нь энэ асуудал дахин яригдахад АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлаа өгсөн.
Х.Энхжаргалын албан тушаалтай холбоотой зодоон дахиад л эхэлж байна.
Энэ удаад Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хүч хавсарч үзээд дийлэх үү гэдэг асуулт тавигдаж байна. Гэхдээ тэд бас л дийлэхгүй хоцорч магадгүй байна.
Учир нь Х.Энхжаргалын ард байдаг улс төрийн нөлөө бүхий хүмүүс уйгагүй ажилласны дүнд гарц гаргалгаа олоодохжээ.
2019 оны 4 дүгээр сарын 16-нд Х.Энхжаргал, С.Эрдэнэ, М.Энхболд нар Б.Чойжилсүрэнгийн “NOVOTEL” зочид буудалд уулзсан байна. Тэд “Х.Энхжаргалыг хамгаалахын тулд Ц.Нямдорж сайдад ЦЕГ-ын дарга С.Баатаржаваар дамжуулж нөлөөлөх хэрэгтэй” гэдэг тохироонд хүрчээ. С.Баатаржав, Х.Энхжаргал хоёр худууд, тийм учраас С.Баатаржав “ажиллаж” таарна гэж тэд тооцоолсон байна.
Сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр М.Энхболд боломж л олдвол Ц.Нямдорж сайдыг магтах болсон нь ийм учиртай аж. Ажиллагаа амжилттай болж Ц.Нямдорж ч арганд нь орж байгаа бололтой.
Харин энэ бүхэнд УИХ-ын таван гишүүн ихэд дургүйцэж үүнийгээ Ц.Нямдорж сайдад илэрхийлжээ. Тэд Ц.Нямдорж сайдад “Өнөөдрийг хүртэл хамт тэмцчихээд та ингэж болохгүй. Х.Энхжаргалыг хамгаалбал юу ч гэхэв дээ” гэж гомдоллосон аж.
Энэ хооронд АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө ч зүгээр суугаагүй байна. Тэрбээр хэд хоногийн турш УИХ-ын зарим гишүүнтэй ээлж дараалан уулзжээ. Энэ уулзалтуудын дүнд М.Энхболдын талын гэгддэг голдуу гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуд нь дэмжлэг авахаар болсон байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ЗГХЭГ-ын дарга байхдаа холбогдсон нүүрсний наймааны хэрэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Байгаль орчны сайд байхдаа холбогдсон шонхрын наймааны хэрэг зэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч Хотгор шанагын уурхайтай холбоотой асуудлаа цэглүүлж, саналаараа дэмжинэ гэдгээ Х.Энхжаргалд илэрхийлжээ. Тэдэн дээр нэмэгдээд ЖДҮ-гийн хэрэгт холбогдоод байсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө цагаатгуулаад оронд нь дэмжиж санал өгнө гэж амласан байна. Дээрээс нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэж Х.Энхжаргалыг улайран хамгаалагч бий.
Ийм байдлаар Х.Энхжаргал хэд хэдэн “кноп”-той болж, Ц.Нямдорж сайд тусалчихвал тэсээд үлдчихнэ гэж үзэж байгаа юм байна. Нэг үгээр хэлбэл, энэ бүгдийг тооцоолсон Х.Энхжаргал ажлаа өгөхгүй гэж шийдсэн байна.
Гэхдээ АТГ-ын дарга Х.Энхжаргалд хууль ёсны зөвлөгөөг хууль хяналтын байгууллагын зарим удирдлагууд өгөөд эхэлсэн байна. Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан томилогдсоныхоо дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг дуудаад “Хэрэг дарна гэдэг зарчимгүй бөгөөд асуудалтай зүйл шүү. Хоёр жил шалгалгүй, зарим хүнд давуу тал олгодог хэрэгт бүртгэлтийн байгууллага байж болохгүй” гэж сануулсан байна. Харин Х.Энхжаргалын хувьд “Ажлаа өгөхгүй” гэсэн байр суурь дээрээ хатуу зогсч байгаа ажээ.
Түүний ард МАНАН бүлэглэлийнхэн гэгддэг М.Энхболд, С.Баяр, С.Эрдэнэ нар найдвартай зогсч, албан тушаалд нь үлдээхээр чадлаа шавхан ажиллаж байгаа. Тиймээс Х.Энхжаргал МАНАН-гийн сүүлчийн хамгаалалт, цайзын хувьд үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байгаа бололтой.
Удахгүй улс төрийн энэ далд зодоон ил болж, нэг талд Аюулгүйн зөвлөлийн гурван гишүү ба зарим гишүүн, нөгөө талд АТГ-ын дарга ба нэр бүхий гишүүд, МАНАН бүлэглэлийнхэн гарч ирээд үзэлцэнэ.
Хамгийн сонирхолтой нь МАНАН бүлэглэлийн эсрэг хатуу зогсч ирсэн, зогссоор байгаа гэж ярьдаг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж АТГ-ын дарга Х.Энхжаргалын эцсийн найдвар болох уу гэдэг юм.
URL: