NBA: Солт Лэйкийн залуусын хандыг Даллас дарлаа
2012 он гарснаас хойш хамгийн сайн амжилттай явсан багаар Юта тодроод байсан. Тэд 2012 оны эхний тоглолтондоо Нью Орлеаныг буулган авч, дундаа ганц удаа Лэйкэрст хожигдон 8-1 гэсэн амжилттайгаар өөрийн талбайдаа өнөөдөр Далласыг хүлээн авсан юм.
Үүнээс өмнө тэд Наггэтс болон Клиппэрст сагсан бөмбөгийн хичээл заагаад байсан бол энэ удаад аваргаа хамгаалагч Далласыг арай хүчирхсэнгүй. Эхний гурван үеийн байдлаар 71:71-ээр тэнцээд байсан багуудын хувь заяа тоглолтын 4-р үеэс шалтгаалах байсан ба Далласын сүүлийн үед авсан илүү 3 онооны ачаар 94:91-ээр Мэврикс ялалт байгуулжээ.
Өнгөрсөн улирлын плэй-оффт Жаззыг буулган авахад гол үүрэг гүйцэтгэсэн Новицки биш, энэ өдөр Шон Марионы авсан 22 онооны ачаар Далласчууд улирлын 9 дэх хожлоо авсан юм.
Хэдий 4-р үеийн дундуур С.Ж.Майелсын тохолтын дараа Ютачууд тоглолтыг 3 оноогоор тэргүүлж байсан ч Жэйсон Тэрригийн 3 онооны шидэлт, Шон Марионы тохолт тоглолтын хувь заяаг эргүүлжээ.
Харин Ютагаас Ал Жэффэрсон 22 оноогоор багаа тэргүүлж, түүнд Майелс 17 оноо, Миллсап 16 оноо 13 самбараас бөмбөг авалт, А.Бөркс 10 оноогоор тус болжээ. Гэсэн хэдий ч холын зайнаас 12-оос 3 удаа оновчтой шидсэн, довтолгооны 38,8% гэсэн муу үзүүлэлтүүд Далласыг хараахан буулгаж авч чадсангүй.
Харин Далласаас 2009 оны драфт залуу тоглогч Родриго Бобуа багийн хожилдоо 17 оноогоор тус болсон бол Герман залуу Новицки 12 оноо, “Нуур”-аас ирсэн Л.Одом 11 оноог тус бүр авчээ.
Ингэснээр Даллас 9-7, харин Юта талбай дээрх 2 дахь хожигдлоо хүлээн 9-5 гэсэн үзүүлэлттэйгээр улирлыг үргэлжлүүлж байна.
Г.Зол-Эрдэнэ
URL: