Дипломгүй ч үг, итгэл даадаг залуусыг өндрөөр үнэлье

eebd9e8b7b0a4a03fddcce70ef8ee5e4744a4de1“Гудамжаар нэг диплом өвөртөлсөн ажилгүйчүүд” хэмээн олон хүн ундуйцсан үг чулууддаг. Дээд мэргэжилтэй ч ажил олдохгүй, олдсон ч голоод хийгээгүй цөөнгүй залуус зах дээр бараа зарж, дамын наймааны ченж болсон нь үнэн.

Өнөөдөр Монголд ромбо, диплом моодноос гарах хандлагатай байна. Их сургуульд дөрвөн жил суралцаад төгссөн залуус ажлын ярилцлагандаа л бүдэрч, эсхүл дагалдан ажилтны эхний сард л шантраад гарч оддогыг ажил олгогчид хэлдэг. Тиймээс ч хувь хүний хариуцлага, ухамсар, сэтгэлийн тэнхээ, шантрахгүй урмыг залуучуудад буй болгох нь онол, хичээлээс илүү чухал байгааг учирлах болов.

Сүүлийн үед ажил олгогчид, ажлын заранд заавал “их, дээд сургууль төгссөн байх” гэсэн улиг болсон шаардлагыг хасах болжээ. Харин түүний оронд үг, итгэл, хариуцлага даадаг байхыг л чухалчлах болж. Бас баярлалаа, баяртай, уучлаарай гэх эелдэг үгийг хэлж хэвшсэн байхад л болно гэнэ. Их, дээд сургуулийн диплом биш эзэмшсэн ур чадвар л хүний амьдралд хэрэг болдог гэдгийг ажил олгогчид харжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 21.7 (68.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 (31.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47.7 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлжээ.

Манайд Улсад өнөөдөр ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд орж байна. Гэтэл дээд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгааг судалгаанд дурдсан байна.

Гэтэл үйлдвэрлэл, технологийн газруудад мэргэжилтэй ажилтан хомсдож, гагнуурчин, барилгачин, тоосгочин зэрэг мэргэжилтэй ажилтнууд дутаад байна. Манайд  их сургууль төгссөн “дээд” мэргэжилтнүүд хангалттай байна. Харин нарийн мэргэжлийн буюу малчин, саальчин, гахайчин, тахиачин, оёдолчин, эсгүүрчин ч алга.

Өнгөрсөн онд  ГОВЬ ХК, ГОЁО ХХК-иуд “Монгол ноолуур-дэлхийд” гэсэн зорилгынхоо хүрээнд ажилтай, орлоготой байхыг хүссэн 500 хүнийг цалинтай сургалтад хамруулж байнгын ажлын байраар хангах саналыг тавьж байв. Ингэхдээ нэхэх, ээрэх машин баригч, нөхөн засагч, түүхий эд ангилан ялгагч, оёдолчин зэрэг ажлын байрыг нээлттэй зарласан. Гэсэн ч цалинтай сургалтад хамрагдаж, ажлын байртай болох таатай нөхцлийг охид, залуус төдийлөн тоогоогүй.

Өнөөдөр оёдолчин хамгийн багадаа 1 сая төгрөгийн цалинтай байх юм. Оффисын ажилтнаас хавь илүү өндөр цалин. Тиймээс ч охидоо оюутан биш, оёдолчин болговол арай дөнгүүр амьдралын баталгаа хүлээж байна….


URL:

Сэтгэгдэл бичих