МАН Баянзүрхийг “дээрэмдэж” байна
Улстөржилтийн хөлд төрийн ажил гацаж, иргэдийн амьдрал үрэгддэгийн бэлээхэн жишээ нь Баянзүрх дүүрэг боллоо. Нэг нам тогтвортой засаглаж чадахгүйгээс үймээн самуун нь дээд цэгтээ тулчихаад байгаа энэ дүүрэгт хөгжил ярих боломжгүй болоод удаж байна. Хөгжил ярих нь битгий хэл төрийн ажил ч хэвийн явагдахаа болилоо.
Баянзүрх дүүргийн хоёр хороонд ИТХ-ын төлөөлөгчийн дахин сонгууль болсноос хойш дүүргийн тамгыг булаацалдах байдал улам хурцдав. Сонгуулийн дүнгээр МАН-ын төлөөлөгчид ялалт байгуулсан гэх. Гэвч АН-ынхан хууль бус сонгууль болсон, мөнгө тараасан хэмээн эсэргүүцэж сар гаруйн хугацаанд тамгын газрын байрыг “манаж” байгаа юм. МАН-ынхан хоёр ч удаа дүүрэг рүү нэвтрэх гээд чадсангүй. Өчигдөр л гэхэд хотын даргын захирамжаар томилогдоод байгаа Э.Бат-Амгалан нарын найман хүн тамга, тэмдгээ авахаар очоод мөн л нэвтэрч чадсангүй. Тэд бөхчүүд дагуулан төрийн эрхийг хүчээр авах гэж байна хэмээн Баянзүрх дүүргийн АН-аас мэдэгдээд байгаа юм.
Ийнхүү эрх баригч намынхан бүхэл бүтэн дүүргийг хууль дүрмээр нь биш хүчээр “дээрэмдэж” байна хэмээн дургүйцэх нэгэн ч байна. Хоёр ИТХ-тай болж, иргэд үйлчилгээ авч, төрийн албан хаагчид амар тайван ажлаа хийж чадахгүйд хүрээд байгаа Баянзүрх дүүргийн маргаан хэзээ цэгцрэх бол.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: