Тээврийн хэрэгслийн татвар болон агаар бохирдуулсны төлбөр хурааж эхэллээ

Хотын ерөнхий менежер Ч.Бат, Тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын алба, Нийслэлийн татварын албанаас өчигдөр автотээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр хураамжийн асуудал болон энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа жолоочийн хариуцлагын даатгалын асуудлаар мэдээлэл хийлээ.

Дөрөвдүгээр сараас эхлэн хураадаг байсан тээврийн хэрэгслийн татварыг энэ жил нэгдүгээр сарын 2-ноос эхлэн хурааж эхэлжээ. Мөн энэ жилээс эхлэн агаар бохирдлын төлбөр хураамж авч эхлэх бөгөөд заавал даатгал буюу жолоочийн хариуцлагын даатгалыг хурааж эхэлсэн. Эдгээр асуудлаар холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм.

Нийслэлийн татварын албаны Татварын хяналтын хэлтсийн дарга Б.Ганболд:

-Тээврийн хэрэгслийн татварыг яагаад эрт авч эхэлж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөр хураах ажил эхлээд байна. Нийслэлийн Засаг даргын 894-р тоот захирамж гарсан. Тээврийн хэрэгслийн татварыг энэ жил эрт хурааж эхэлж байгаа шалтгаан нь  Замын сангийн хөрөнгийг эртхэн хуримтлуулж зам засварын ажлаа эртхэн эхлүүлэх зорилготой юм. Нөгөө талаар тээврийн хэрэгслийн тоо энэ жил эрс нэмэгдсэн. Жилд Замын цагдаа, автын бүртгэлээр 30-аад мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. 2012 онд нийслэлийн хэмжээнд 210 мянган тээврийн хэрэгсэл  албан татвар төлөх юм байна лээ. Хуулийн хугацаа нь зургадугаар сарын 1-ний дотор тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөрийг төлсөн байх ёстой. 2012 онд маш олон зам шинээр барьж, өргөтгөхөөр төлөвлөсөн. Тиймээс жолооч нарт хандаж хэлэхэд, Замын сангийн мөнгө эрт бүрдэх тусмаа нийслэлийн зам засварын ажил эрт эхэлдэг гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Татвараа хаана очиж өгөх вэ?

-Нийслэлийн хэмжээнд 13 цэгт үйлчилгээ үзүүлнэ. Татварын бүх хэлтсүүд дээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна. Оношлогооны дөрвөн цэг дээр нийслэлийн татварын албаны байцаагч байнга ажиллаж байгаа.  Оношлогоо хийлгэж байгаа болон шинээр тээврийн хэрэгсэл авч байгаа бүх хүн татвараа төлөх боломжтой. Манай жолооч нар татвараа төлөхгүй явж байгаад цагийг нь тулгаж өөртөө ч тэр, бусдад ч хүндрэл учруулдаг. Энэ онд олон үйлчилгээний төв нээгдсэн учраас аль болох л мөнгөө эрт өгөх хэрэгтэй байна.

-Татвараа хугацаанд нь төлөхгүй бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Татвараа төлөхгүй бол татварын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлээгүй гээд давхар хариуцлага хүлээнэ. Жил болгон зургадугаар сарын 4-18-ны хооронд Нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн газартай хамтран шалгалт хийдэг. Гурвалжин наалтгүй бүх тээврийн хэрэгслийг зогсоож шалгана. Жилээс жилд ийм зөрчлүүд багасч байгаа л даа. Учир нь татвараа хугацаанд нь төлөөгүй жолоочид  өөрт нь маш их хүндрэл  гардаг юм. Татвараа төлөөд дахиад торгууль төлж, дээр нь бичиг баримтаа хураалгадаг.

-Өнгөрсөн жил Авто замын санд хичнээн төгрөг төвлөрсөн бэ. Энэ жилийн хувьд хичнээн төгрөгийн татвар цуглах бол?

-Өнгөрсөн жил замын санд 10.7 тэрбум төгрөгийн цугларсан. Энэ жилийн хувьд 12  тэрбум 495 сая төгрөг цугларах байгаа.

-Агаар бохирдуулсны төлбөрийг яаж тогтоож байгаа вэ?

-Агаар бохирдуулсны төлбөрийг нийтдээ зургаан ангилалд авч байна. Энэ төлбөр улсын төсөвт шууд орж, агаарын бохирдлыг багасгах төслүүдийг санхүүжүүлдэг. Агаарын бохирдлын 20 хувь нь автомашинаас гарч байна. Тиймээс агаар бохирдуулж байгаа жолооч нар шударгаар татвараа төлөх хэрэгтэй юм. Агаарын бохирдлын төлбөрийн тухайд үндсэндээ зургаан ангилалтай. Оношлогоо хийхдээ  тухайн тээврийн хэрэгсэл нэг километр явахад хичнээн грамм нүүрс хүчлийн хий ялгаруулж байна гэдгээр нь төлбөрийн хэмжээг тогтооно. 1800-9500 мянган төгрөг төлөх ёстой. Нөгөө талаар татварын хууль тогтоомж татварын хууль болон хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал байгаа. Нэг километрт 120 грамм хүрэхгүй нүүрс хүчлийн хий гаргаж байвал татвараас шууд чөлөөлөгдөнө. Мөн үйлвэрлэснээсээ хойш дөрвөн жил хүрээгүй тээврийн хэрэгсэл мөн татвараас чөлөөлөгдөнө.

Тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын албаны дэд захирал Н.Зориг:

-Энэ хууль даатгалын компаниудыг ивээн тэтгэсэн ажил болохгүй юу?

-Жолооч хариуцлагын даатгалын тухай хууль 2011 оны сүүлээр батлагдсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа юм. Манайхаас тавьж байгаа шаардлага бол оношлогоонд орохын өмнө татвараа төлсөн байх ёстой. Жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах ёстой. Жолооч хүн бусдад учруулсан хохирлоо төлөх даатгал юм. Өөрөөр хэлбэл, бусдын өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Нэг жолооч хамгийн багадаа жилд 33 мянган төгрөг төлөх ёстой. Энэ тоог Монголын нийт автомашинаар үржүүлэхээр их тоо гарна л даа. Даатгалын компаниудад нэлээд хөрөнгө төвлөрөх байх. Гэхдээ эргээд хохирлоо бүрэн гаргуулах эрхтэй. Хуулиндаа таван сая хүртэлх төгрөгөөр нөхөн төлбөр олгох юм. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч 33 мянган төгрөгөөр даатгуулаад эргээд осол аваар гаргалаа гэхэд таван сая төгрөгийн хэмжээний нөхөн төлбөр авна.

-Жолооч бүр осол аваар гаргаад яваад байхгүй шүү дээ. Тиймээс бүх жолооч нарыг албадан даатгуулах нь хүний эрхэнд халдаж буй хэрэг биш үү?

-Тийм яриа, шүүмжлэл байгаа. Нэгэнт хууль гарсан бол хуулийг хэрэгжүүлж ажиллана шүү дээ. Энэ хууль зөвхөн Монгол Улсад хэрэгжиж байгаа юм биш. Дэлхий нийтээрээ жолоочийн хариуцлагын тухай хууль гарсан, жолооч хүн бол даатгуулах л ёстой байдаг. Манайх харин их оройтож энэ даатгалын хуулийг хэрэгжүүлж эхэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 10 даатгалын компани жолоочийн даатгалыг хариуцан явуулахаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

-Нийт тээврийн хэрэгслийн хэдэн хувь нь насжилт өндөртэй байна вэ?

-Манай улсад нийтдээ 350 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна. Үүний 70 гаруй хувь нь арваас дээш жилийн ашиглалттай байгаа. Манайхаас тавьж байгаа гол шаардлага бол оношлогоонд орохын өмнө даатгуулсан байх ёстой.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Сэтгэгдэл бичих