Ким Жөн Ун хуягт галт тэргээрээ Владивостокийг зорьжээ
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Пёньян хотын төмөр замын буудлаас хуягт галт тэргээрээ ОХУ-ын Владивосток хотыг зорьжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дөрөвдүгээр сарын 25-нд уулзана гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /СТЦМА/ мэдээллээ.
“Манай нам, төр, армийн дээд удирдагч, нөхөр Ким Жөн Ун ОХУ-д айлчлахаар дөрөвдүгээр сарын 24-ний өглөө эрт тусгай галт тэргээрээ тус улсыг зорилоо” гэж мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.
СТЦМА-ийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагчийг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Пён Хэ болон О Су Ён, Гадаад хэргийн сайд Ли Ён Хо, Солонгосын ардын армийн Ерөнхий штабын дарга, хуурай замын цэргийн генерал Ли Ён Гиль, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хариуцдаг, Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи нар дагалдан явж байна. Цой Сон Хи АНУ-тай хийсэн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахад оролцож байсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокт уулзана. Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг тайван замаар шийдэх болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудал юм. Уулзалтын үеэр мөн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг янз бүрийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Владимир Путин, Ким Жөн Ун нар Владивостокт анх удаа биечлэн уулзах юм. Үүнээс гадна, ОХУ нь БНАСАУ-ын 14 дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын анхдугаар чуулган дөрөвдүгээр эхний хагаст болсны дараа Ким Жөн Ун гадаад улсад айлчлал хийсэн анхны улс болно. Уг чуулганаар Ким Жөн Уныг БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар дахин сонгосон билээ.
montsame.mn
URL: