Ким Жөн Уны хуягт галт тэрэг лхагва гарагт Владивостокт очно
ВЛАДИВОСТОК. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хуягт галт тэрэг лхагва гарагт Владивостокт ирнэ гэж “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн салбар болох “Алс Дорнодын төмөр зам” дахь эх сурвалж “РИА Новости” агентлагт мэдээлжээ.
“Хуягт галт тэрэг Хасан өртөөн дээр өглөө ирнэ, дараа нь Уссурийск руу хөдөлж, тэндээсээ Владивостокт хүрнэ. Өнөөдөр бүс нутгийн галт тэрэгний хөдөлгөөний хуваарь өөрчлөгдөөгүй. Хуягт галт тэрэг Хасан-Уссурийскийн төмөр замаар, дараа нь Транссибирийн төмөр замын Уссурийск-Владивостокийн хэсгээр хөдлөх үед хуваарь өөрчлөгдөж магадгүй” гэж эх сурвалж хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар дөрөвдүгээр сарын 25-нд Владивосток хотын Алс Дорнодын Холбооны их сургуульд уулзана гэж “Коммерсант” сонин урьд нь мэдээлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад “удахгүй” айлчилна гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг даваа гарагт мэдээлсэн билээ. Хоёр орны удирдагч нарын дээд хэмжээний уулзалт хэзээ, хаана болохыг тус агентлаг тодорхой дурдаагүй юм.
Пёньянаас ирсэн хоёр нисэх онгоц Владивосток хотын нисэх онгоцны буудалд мягмар гарагийн өглөө газардсан байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уг нисэх онгоцуудаар Умард Солонгосын аюулгүй байдлын албаны ажилтнууд ирсэн байж магадгүй.
ОХУ болон БНАСАУ-ын удирдагч нар энэ сард ОХУ-д уулзана гэж Кремлийн хэвлэлийн алба урьд нь мэдээлсэн билээ.
URL: