Ц.Нямдоржид хамгийн их талархаж буй нь О.Содбилэг гишүүн

3223

С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн эзнийг олох Монголын ард түмний хүлээлттэй сэдэв болоод байна. Тийм ч учраас 1998 оны тэр хар өдрөөс хойш энэ хэргийн талаар элдэв таамаг, дуулиан шуугиан, тэр ч бүү хэл энэ хэргийг ярьсаар сонгуульд орж ялдаг нам, улстөрчид олноор бий болсон.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Орхон аймгаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг баривчилж хорьсон. Гэвч тэд энэ хэргийг үйлдсэн гэдгийг өнөөг хүртэл тодорхой баримт дээр тулгуурлан нотлоогүй байх шиг. Харин хэргийг хүлээлгэх гэж эрүүдэн шүүсэн талаарх бичлэг олон нийтийн төдийгүй улс төрчдийн хувьд хэрэгт сэжиглэгдэн барьвчлагдсан хүмүүсийг суллах шийдвэрт хүргээд байх шиг. Эл хэргийн талаарх элдэв цуурхал олон ангит кино шиг үргэлжилсээр эдүгээ 21 жилийг ардаа үджээ.

Онц ноцтой энэхүү хэргийг хэн үйлдсэн хэн захиалга өгсөн гэдэг нь олны анхаарлын төвд байсаар байна. Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчийг олох гэж мөн ч олон жил улс төр хийж ирсэн.

Хэрэг гарсны дараа захиалагч хэн байсан бэ гэдэг дээр хэд хэдэн таамаг нийгэмд үүсч байлаа. Талийгаач Ш.Отгонбилэгийг хэргийн захиалагч гэж тухайн үеийн шар сонинуудаар олонтаа нийтэлж  байсан. Мөн тухайн үеийн УИХ-ын гишүүд Ш.Отгонбилэгийг эл хэрэгт сэжиглэж байна гэдэгээ хэвлэл мэдээлэлээр зарлаж байжээ.

Түүнийг ингэж  хэлэх болсон нь Ц. Амгаланбаатарын мэдүүлгээс үүдэлтэй гэх юм билээ. Хэргийн захиалагч эцсийн байдлаар илрээгүй байхад Ш.Отгонбилэгийг захиалагч мэтээр ард иргэд олон жил төсөөлж яваа. Бурхан болсон аавынхаа нэрийг эл хэргээс цэвэрлэх гэж О.Содбилэг гишүүн хэд хэдэн удаа яаран мэдэгдэл хийж твиттерээр жиргэж байсан. Энэ нь эргүүлээд түүнийг хардах хэмжээнд хүргэдэг сул талтай.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулган дээр хэлсэн О.Содбилэг гишүүний хэлсэн  үг олны анхаарлыг ихээхэн татав. Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ: “Хэдэн зүйл асуух гэсэн юм. Эрүүдэн шүүж, тамлаж мэдүүлэг авч, хэрэг зохиосон гэдгийг УИХ-ын гишүүд үзчихлээ.Сэтгүүлчид үзчихлээ. Саяхан бас иргэний нийгмийн байгууллагынхан бас үзсэн юм шиг бололтой байна. Одоо тэгээд ер нь хэнд үзүүлж болох, болохгүйг нь хэн шийдээд байгаа юм бэ? Яагаад олон нийтэд ил тод болгохгүй байгаа юм бэ? гэдэг асуулт байна.

Хоёрдугаарт: Шинэ нөхцөл байдал бий болоод, эрүүдэн шүүж ял тулгасан байна гэдэг нь ойлгомжтой болчихсон байхад энэ хүмүүсийг яагаад суллахгүй байгаа юм бэ? Хэзээ суллах юм бэ? Ял аваад таслагдсан байгаа хүмүүс нь манай Орхон аймгийн иргэд байгаа. Тэгээд ээж аав нь өндөр настай хүмүүс нилээн хэдэн жил хэцүүхэн байна.Энэ хүмүүсийг одоо бушуухан ээж аавтай нь уулзуулж, ар гэрийнхэнтэй нь уулзуулж, хэзээ суллах юм бэ? Хэн шийдэх юм бэ? Энэ их удаашралтай яваад байгаа харагдаж байна л даа. Ноцтой хүний эрхийн зөрчлийн асуудал гарч ирээд, одоо өдөр болгон шинээр мэдээлэл, шинэ нөхцөл байдал гарч ирээд байна шүү дээ. Тэр хэрэгт оролцсон хүмүүсийг нь машинаараа зөөж, хүргэж өгсөн хүн гэж гарч ирлээ. Ингээд шинээр мэдээлэл гарч ирээд, энэ хүмүүсийг ял тулгаж, яргалж ял тулгасан нь үнэн болох нь харагдаад байхад яагаад суллахгүй байгаа юм бэ? Гэдэг асуудал байна. Энийг хэн шийдэх вэ? Тэгээд одоо нууцлалаас гаргахыг нь хэн шийдэх юм бэ?  УИХ-ын гишүүд үзчихлээ, сэтгүүлчид үзчихлээ, дараа нь иргэний нийгмийн байгууллагынхан үзчихлээ. Би бас асууж байсан. Хуулийнхан хэзээ үзэх юм бэ? Яг энэ салбарынхан. Хууль хүчний байгууллагынхан хэзээ үзэх юм бэ? Эмнэлгийнхэн хэзээ үзэх юм бэ? Эсвэл ингээд сунжруулаад яваад байх сонирхол байгаа юм уу? Энийг тодруулж асуумаар байна.” хэмээсэн юм.

3224

Улс төрийн зорилготой гэмт хэрэг гэх тодотголтойгоор 21 жилийн хугацаанд илрээгүй энэ хэргийн яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр суллах талаар ам нээж байгаа О.Содбилэг гишүүний энэ үйлдэлийг сэтгэл хөдлөлөөр гэх үү эсвэл хэргийн сүүлчийн сэжигтэнүүдийг суллаж явуулаад С.Зориг агсны хэргийг эзэнгүй үлдээх гээд байна уу гэж хардах.

Хэдийгээр талийгаач эцгийнх нь нэр эл хэрэгт баримт нотолгоогүйгээр холбогдож хэвлэлийн бай болж байсан ч хэргийн гол сэжигтэнүүдийг шууд суллаад явуул гэж ярих нь улс төрийн алба олон жил хашсан хашир туршлагтай хүнд байж боломгүй үйлдэл юм.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж эл хэргээр 21 жил улс төр хийж сайдын суудлаа хашсан. Гэтэл эрүүдэн шүүсэн ажиллагаа явагдсан байна. Би яллагдагч нараас уучлал гуйлаа, суллана хэмээн ярих нь бас хардлага төрүүлмээр. Ер энэ хүн С.Зориг агсны хэргийг илрүүлэх сонирхолгүй байгаа нь энэ олон жилийн дараа харагдаж байна. Гэм буруугүй хүмүүсийг эрүүдэн шүүж, нэр төрийг нь хохироосон юм бол сайд Ц.Нямдоржд дараагийн сэжигтэн баймаар юм. Тиймгүй бол Ц.Нямдорж гэм буруугүй хүмүүсээр шоу хийж энэ олон жилийн туршид сайдын суудал хашсан гэж үү.


URL:

Сэтгэгдэл бичих