“Эцэг” хуулиар даажигнах МАН-ынхан

600

Хаврын чуулганаар хэлэлцэх 30 асуудлын доторх “тэсрэх бөмбөг” нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл юм. УИХ доторх улс төрийн хүчнүүд, гудамжнаас шүгэл үлээж буй жижиг намууд “салаавч” гарган элдэв үгсийг тургиж байна. Цаашлаад улс төрийн өрөг дээр заналт дайснууд шиг барилцаж авах мөч ойртож байна. Тэгэхээр энэ хаврын улс төр “салаавчтай”, жагсаалтай “бокстой”, ер байж болох бүх юмтай үргэлжилнэ гэсэн үг.

УИХ-ын түвшинд хэлэлцэгдэх буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бол сүүлийн хоёр жил тойрон яригдсан сэдэв. Анх одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль санаачлан батлуулснаас эхлэл нь тавигдсан. Юу гэвэл энэ хуулийг бий болгосны дараа Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар “Зөвлөлдөх санал асуулга” гээчийг УИХ дахь Ардын нам санаачлан аймаг, дүүргээс иргэдийг авчран Төрийн ордонд хэлэлцүүлэг явуулж эхэлсэн. Оролцогчид нь Үндсэн хуулийн талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй. Тэднийг “Санамсаргүй түүврийн аргаар сонгосон” гэж тайлбарласан ч сонгогдсон хүмүүсийг оролцуулсан, үүгээрээ түрээ барьж төрийн эрхийг дээрэмдэх гэсэн арга гэсэн хэл ам таталж, Ажлын хэсэг нь “зөвлөлдөх санал асуулга хүчингүй,үр дүнг тооцохгүй” гэж мэдэгдсэнээр шуугиан дуулианыг намжаасан. Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нарын зүгээс “УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, шүүхийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн өнөөгийн тогтолцоог боловсонгүй болгоход чиглэгдсэн зэрэг томоохон өөрчлөлтүүдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан” хэмээн зүтгүүлж ирсэн.

Тэгвэл МАН-ын гишүүдийг Үндсэн хуульд өөрчлөлт ярихаас өрсч Тавдугаар шинэ Үндсэн хууль буюу Дээд хуулийн төсөл гэгчийг Н.Энхбаяр нар санаачлан боловсруулж, 21 аймаг, есөн дүүргээр гурван жил тойрон хэлэлцүүлчихээд байгаа. Хуулийн төслөө тэд Монгол орныг улс төр, эдийн засгийн хямралаас гаргаж, ард түмнийг амар сайханд нь жаргуулах гарц гэж нэрлээд байгаа. Мөн эрх баригчдыг олонхиороо түрий барьж Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. “60 тэрбум”-ын авлигаар төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан, 76 гишүүнийх нь 49 нь ЖДҮ-чин УИХ-д Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй гэж мэдэгдэж буй.
Парламентад суудалгүй бусад жижиг нам ч гэсэн дор бүрдээ манай нам ч Үндсэн хуулийн төсөл боловсруулса, тэдний нам ч тийм хууль санаачилсан хэмээн шаагилдацгааж байна. Дөнгөж саяхан мэндэлсэн отгон намууд хүртэл Үндсэн хуулийн төсөл боловсруулаад халаасандаа хийчихсэн яваа. Өөрчлөх, шинэчлэх бол бид заавал оролцох ёстой гэх. 30 нам бүгд бодсон санасан юмтай, халаасандаа хуулийн төсөлтэй бол нэтгэнэ гэдэг нэг удаагийн зөвшилцлөөр шийдэгдэхгүй. Хаврын чуулганы хугацаанд л лав амжихгүй. Намар бүр ч худал болно. Тэгэхээр жижиг намуудын шаардаж байгаачлан Үндсэн хуулийг шинэчилж чадах, эсвэл нэмэлт өөрчлөлт оруулчих хэмжээний чадамжтай, чадвартай УИХ-тай болох хүртэл энэ асуудал нам гацаж, Ардын нам энэ хаврын улс төрийн хамгийн том “зодоон”-д бууж өгөх нь нэгэнт тодорхой болжээ.

Х.Маргад

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=20282

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих