Дөрвөн хүний амь насыг “ДҮРЭМ”-ийн дагуу өнгөрөөх үү?
Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд технологиороо өрсөлдөж, хүч үзэж байхад манай улс хэн нь илүү эрх ямба эдлэх талаар хоорондоо “бурууишилсэн сүх” шиг явж байна. Яг үнэндээ байдал ийм л байна. Бид олон улсын жишигт гэж эн тэнцүүлж ярих дуртай. Гэтэл тэр олон улсын жишиг гээч зүйлд нь бидэн шиг сандал суудлаа ярихаас биш ажилгүй яваа улс байгаа болов уу. Тэд хөгжлөөрөө хэн нь бусдыгаа манлайлах талаар хэлэлцэж байна. Бүр сансарт хүн зорчуулдаг болохоор ханцуй шамлан оржээ. Энгийнээр бол дэлхийн хэмжээнд технологийн дайн явагдаж байхад бид ядаж технологиороо эн зэрэгцдэггүй юм гэхэд эхлээд гүйдлээ олчихмоор байна.
Өнөөдөр Монгол Улсад хууль нь эрх мэдлийн дор бөхийж, цагаан дээр хараар бичигдсэн хэлбэр төдий зүйл болсон уу гэсэн хар бий боллоо. Уг нь бид амьд явах, аюулгүй орчинд амьдрах халдашгүй байх дархан эрхтэй. Энэ тухай яриад ч хэрэггүй. Үндсэн хуульдаа онцгойлон шигтгэсэн энэ эрх зүгээр л тунхагийн төдий зүйл мэт болж хувирчээ. Хүнийг тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа нь хүний эрх үнэгүйдэж байгаагийн илрэл биш гэж үү.
Засгийн газрын үйл ажиллагааг шүүх нь шүүн тунгаах хүртэл эрхгүй болох гэж байна. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу Засгийн газрын үйл ажиллагаа шүүхээс гадуур байна гэсэн агуулга бүхий үзэл санааг дэмжчихлээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл биеллээ олоход ойрхон байна.
Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын тогтолцоог өөрчилж бүгдийг гартаа авахаар санаархаж байлаа. Харин одоо Засгийн газар хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг болохыг чармайж байна. Хуулиас давсан эрх мэдэл үгүй гэж ярьдаг ч түүнийг эвдэхээр Засаг нь ингэж ажиллаж байна шүү дээ.
Ард түмний эрх ашигийг төлөөлж, тэдний төлөө ажиллана гэж сонгогдсон хүмүүсийн зоргоор аашилж байгаа нь эцсийн дүнд ард түмний л буруу тухай зарим хуульчид шинвнэлдэх боллоо. Учир нь аливаа улс ардчиллыг ардчилал хэвээр нь хадгалъя гэвэл манаагаа сайн манах ёстой байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, улстөрд тавих хараа хяналт дутмагаас болж тэдний эрх нь хэтийдэж дарангуйлал бий болдог гэж тайлбарлаж байна.
Нэг талаас төрийн гүйцэтгэх дээд байгууллага нь хуулийн байгууллагыг ингэж үгүйсгэж байна. Нөгөөтэйгүүр эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй жишиг тогтоод бүр идээлжээ. Зөвхөн төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэлтгүй хууль тогтоох эрх бүхий байгууллага нь хүртэл хуулиа гишгэлж байхад аргагүй ч юм шиг. Хуулийг үнэнч шударгаар хэрэглэе гэх санаа зориг орж ирэх үү. Хууль гээч зүйл энгийн иргэдэд л зориулагдсан юм шиг л сүүлдээ харагдах боллоо.
Бидний бүтээсэн гээд сайшраад байдаг ардчилал тэгээд энэ гэж үү. Ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар амь насаа алдах тохиолдол их байна. Энд хариуцлага гэж алга. Ер нь очих хаяг, оочих эзэнгүй болохын зэрэгцээ үхсэнийх нь хохь болж дуусдаг болов. Аюулгүй орчинд ажил үүргээ эрхэлж, гудамжаар айдас түгшүүртэй алхаж байна. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, халдашгүй байх эрх хаана хэрэгжиж байна вэ.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн ослоос үүдэн хэдэн арван гэр бүл хагацал үзжээ. Доорх баримтаар жишээ татан өгүүлье.
- Тухайлбал, 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч амиа алдсан.
- 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилганаас 40 настай залуу унаж амь насаа алджээ.
- Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр “Эко Алтан Заамар” уурхайд осол гарч дөрвөн иргэн амь насаа алдсан юм. Уг осол гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тус уурхайн ашиглалтын бүх лицензийн зөвшөөрлийг цуцална хэмээн мэдэгдсэн ч одоог хүртэл осол гарсан талбайгаас бусад зөвшөөрөлд нь үйл ажиллагаа нь хэвийн явагдсаар байна. Уурхайн удирдлагуудад эрүү үүсгэсэн ч одоогоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
- Мөн Налайх дүүрэг дэх нүүрсний 83 цооногийн 70-ыг нь дангаараа эзэмшдэг “Сүмбэрхудаг” компани найман хүний амь насанд хүрчээ. Түүнчлэн Налайх дүүрэг дэх нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдаж, 126 хүн амь насаа алдсан тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт, шалгалтынхаа үеэр мэдээлсэн юм.
- 2018 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 10.05 цагийн орчимд ажил үүргээ гүйцэтгэж явсан залуу галт тэргэнд шүргүүлж амь насаа алдсан.
- Энэ сарын 2-ны өдрийн 10.53 цагт “УБТЗ” ХНН-ийн II ангийн IX хэсгийн замчин ажил үүргээ гүйцэтгэж яваад галт тэргэнд дайруулж амь насаа алдсан байна.
Энэ мэт үйлдвэрлэлийн ослоос үүдэн амь насаа алдах явдал зөндөө байна. Сүүлд Төв цэвэрлэх байгууламжид 11 хүн хордож, дөрвөн хүн лаганд унаж амь насаа алдлаа. Энэ нь Улаанбаатар хотын үйлдвэр болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэж 24 цагийн турш ажилладаг инженерийн байгууламж юм. Өөрөөр хэлбэл, хамгийн хортой нөхцөл бөгөөд энгийн хүн ямар нэгэн хамгаалалтгүйгээр үнэр авах төдий л ухаан алдаж унах эрсдэлтэй. Тийм ч учраас дотор нь ажиллаж буй иргэдийн хамгаалалтын маск, хувцас, техник тоноглол нь дээд зэргийн буюу стандартад нийцсэн байх учиртай. Гэвч үнэхээр тандарт хангадаг масктай байсан бол 11 хүн хордож, амь насаараар дэнчин тавих уу. Эдгээр хүмүүсийн цаана үр хүүхэд, хань ижил, аав ээж, садан төрөл гээд дор хаяж 10-аад хүн бий.
Түүнчлэн лаганд унаж амиа алдсан иргэдийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Эсвэл дүрмийн дагуу аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй хэмээн өөрсдийг нь буруутгаад л өнгөрөх үү. Энэ удаад бас дөрвөн хүний амь насыг “ДҮРЭМ”-ийн дагуу өнгөрөөх үү.
Б.Лхам
24tsag.mn
URL: