“Улс дотор улс байгуулах”-ыг санаархсан Америк эр цаазын ял сонсох уу

америк_bТайландын эрх баригчид АНУ-ын иргэнийг газар нутгийнх нь бүрэн бүтэн, тусгаар тогтнолд заналхийлсэн хэмээн буруутгаж, орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

Эрэн сурвалжлагдаж буй АНУ-ын иргэн Чад Элвартовски гэгч найз бүсгүйн хамт Тайландын усан хилийн гадна буюу Пхукетын эргээс 24 км-ийн цаана 60 метрийн өндөрт байрлах төмөр сууцанд барьж, хууль бусаар амьдарч байжээ.

Элвартовски өмнө нь Афганистан, Герман, Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазуудад программчлалын инженерээр ажиллаж байхдаа биткоины арилжаанд хөрөнгө оруулалт хийж, саятан болсон нэгэн аж.

Тэрбээр саятан болсныхоо дараа ажлаа орхиж, дэлхийн аль ч улс оронд харьяалагдахгүйгээр задгай далайд эрх чөлөөтай амьдрах “seasteading” хөдөлгөөнийг санаачилжээ.  Элвартовски өөртэйгээ ижил сонирхолтой, аль нэг улсын хууль дүрмэнд захирагдахгүй эрх чөлөөтэй амьдрахыг твиттер, инстаграм хуудсаараа дамжуулан бусдад уриалж, энэхүү сууцаа өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр Тайландын эргийн ойролцоо барьсан аж.

Түүний үйлдлийг “улс дотор улс байгуулах оролдлого” гэж Тайланд үзэж, хэрвээ түүний үйлдэл тусгаар тогтнолд заналхийлсэн нь тогтоогдвол Элвартовски найз бүсгүйгийнхээ хамтаар цаазаар авах сонсож магадгүй гэлээ.

Тайландын эрх баригчид Элвартовскигийн дээрх сууцыг олж илрүүлж, сууцыг нь буулгахаар болсон тухайгаа хэвлэлээр мэдэгдсний дараа саятан эр найз бүсгүйнхээ хамтаар ор сураггүй алга болжээ.

Хоёр сарын өмнө байгуулагдсан энэхүү сууцыг цагдаагийнхан өнгөрөгч амралтын өдөр л мэдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих