Монголын ард түмнийг ядуу байлгах эрх баригчдын арга, сэдэл
Монголын төрийн эрхийг сүүлийн 20 жил барьсан “МАНАН”-гийн явуулж байгаа үйл ажиллагааг харахад гудамжинд яваа охидыг хүчирхийлэхээр чирэх гэмт хэрэгтний дүр төрхийг санагдуулах нь жигшил төрүүлнэ.
Ядуу гэр бүлээс гаралтай, Бразилийн түүхнээ тодорсон боловсролгүй “ажилчин” ерөнхийлөгч Лула да Сильва баян хоосны ялгаа тэнгэрт тулсан улсаа найман жил удирдах хугацаандаа улс орноо танигдахааргүй өөрчилж Бразил улсад нүүрлэсэн авлигыг үгүй хийснээрээ орчин үед хамгийн лут асуудал болон дэлхий дахинаа тавигдаж буй “аюулт тахлаас” аварсан хэмээн ард түмэндээ хайрлагдан хүндлэгдэж, асар хурдтай эдийн засгийн хөгжил бүхий хүчирхэг гүрний зиндаанд аваачиж чадсан байхад, Монголын улс төрийн хүчин гэгдэх олигархижсан намууд, тэдгээрийн дэвшүүлэн гаргаж ирсэн удирдагчид төр засгийн эрхийг барьсан 20 жилийн хугацаанд авлигын “аюулт тахлыг” тарааж, улс орноо цөлмөн хоосруулж, ард иргэдийнхээ амьдралыг туйлдуулан дэлхийн сүүл баригчдын эгнээнд аваачлаа.
Гэтэл харамсалтай нь эрх баригч авилгач луйварчин алуурчдын бүлэглэлүүдийг саймшран магтаж дэмжин хамгаалагчдын сүрэг бий болж, тэднийг амь бөхтэй оршин тогтнох, улс үндэстнээ үгүй хийх бололцоог хангаж байгаа нь ард иргэд зөв бурууг ялгаж салгаж ухаартлаа нэлээн будилдаг бололтой.
Энэ бүхэн ард түмний үйлийн үр л юм даа.
Эрх баригчид яагаад ард түмнийг ядуу байлгах хэрэгтэй болов?!
Үүнийг тайлбарлахын тулд 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байх үед нь Доржийн Нэргүй гэдэг эмэгтэйтэй сэтгүүлч З.Мэндсайханы хийсэн ярилцлагын хэсгээс иш татан сонирхуулъя
-Гудамжинд суугаа хүмүүс, тэнэмэл хүүхдийг хараад “Бидний явуулж буй эдийн засгийн бодлогоос эдгээр хүмүүсийн амьдрал шууд шалтгаална” гэж танд бодогддог уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд
-Харин ч эдийн засаг нийгмийн бодлого маань ирээдүйд Монгол орныг ийм хүмүүстэй болгоно гэж боддог гэж шууд хариулсан байдаг. Энэ бол Олон Улсын Валютын Сангийн программ ба бодлогын курс, Австралийн Үндэсний их сургуулийг төгсөж, Австрали улсын Валлонгоны их сургуульд эдийн засгийн магистерийн зэрэг хамгаалсан хүний үг. Бас энэ бол өнөөгийн бидний замнаж яваа нийгмийн маань мөн чанар нь юм.
Нэг хэсэг нь гудамжинд гарч байж нөгөө хэсэг нь сайхан амьдарна гэдэг энэ онол бол “ардчилал”-ын замд Монгол орныг чиглүүлж өгсөн гадаадын зөвлөхүүдийн зааж сургадаг үзэл баримтлал нь, “ардчилалын замаар хөгжсөн” орнуудын төрийн бодлого нь болохоор “ардчиллыг” хамгаалан эргэлт буцалтгүй замнахаар улангасан зүтгэж байгаа, 20 жил төр засгийн эрх мэдлийг гартаа атгасан “МАНАН” бүлэглэлийн хувьд “Хэрэв чи эрх барьж, бодлого тодорхойлж байгаа бол ард иргэдээ ядуу байлгаж байж өөрөө сайхан амьдарна. Тэр ард иргэд бол чиний санаа тавих асуудал биш” гэсэн бэртэгчин санаа бодол яс маханд нь нэвчтэл боловсорч, итгэл үнэмшил нь бололгүй ч яах билээ.
Хэрэв “нэг хэсэг нь ядуу байх ёстой” гэж бодож байгаа л бол ер нь хүний төлөө санаа тавихгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд ийм сэтгэл зүйгээр бэлтгэгдсэн хүмүүст эх орон ард түмнийхээ төлөө юм хийх, иргэдийн амьдралд санаа зовох, олон нийтийн хүсэл шаардлагыг ойшоон үзэж хүлээн авах сэтгэл төрөхгүй нь мэдээж. Түүнийгээ ч манай өнөөгийн эрх баригч “МАНАН” бүлэглэл батлан харуулсаар байгаа.
Ард иргэдээ хуурах гэсэн өнгөцхөн хандлага, гэмт хэрэгтнийг өөгшүүлж, шударга ёсыг хүссэн жирийн иргэдийг нухчин дарах, айлган сүрдүүлэх гэсэн зандалчны мугуйд бодлого, үйл ажиллагаатай нь та бид өдөр бүр л нүүр тулж ч байгаа.
Тэд ард түмнийг ядуу байлгахын тулд ямар арга хэрэглэв
Уг нь иргэдийг баян чинээлэг болгох амархан. Хүн бүр л үйлдвэрлэгч болоод нийгмийн баялагийг бүтээж, тэр чинээгээрээ нийгмээс хувиа хүртэж байхад л болоо.
Тэгвэл үүнийг хаахын тулд ердөө л ниймийн аливаа хуримтлалыг ямар ч үр ашиггүйгээр үрж, төрийн санг хоослоод байх, ажлын байр бий болгодог юм аа гэхэд тэр нь нийгэмд баялаг бүтээхгүй байхад л болоод явчихдаг ажээ.
Ямар сайндаа Айвенхоу Майнзийн санхүүжилтээр ажлын байр бий болгосон нэртэй гудамжны хог цэвэрлүүлж байх вэ дээ.
Эрх баригчид зөвхөн өөрсдөө хожиж ард түмнийгядууруулах зорилгоо хэрэгжүүлэх олон ч арга хэрэглэж байна. Тэр аргуудаас нь заримыг дурьдая.
1. Цалин нэмэх, мөнгө тараах арга.
Цалин нэмэж, ард иргэдэд бэлэн мөнгө тараагаад нөгөө талд нь үнийн өсөлтийг сул тавих арга юм.
Бүх хэрэглээгээ зөвхөн гаднаас хангадаг манай улсын хувьд импортын бараа худалдааг хэн эрхэлдэгийг бодоод үз дээ!
Дэлгүүр худалдааны бүх лангууг алийг нь сонгохоо мэдэхгүй алмайртал нь дүүргэж байгаа гадаадын элдэв хүнс, бараа, бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг эзэд нь Монгол улсын хамаг хөрөнгийг эрх мэдлээ ашиглан луйвардаж авсан нөгөө л эрх баригч бүлэглэлийн хүрээний цөөн хэдэн этгээд шүү дээ.
Ийм их барааг вагон вагоноор нь зөөж авчирах мөнгө зөвхөн тэдэнд л бий. Тэдний дэргэд Эрээнээс бараа зөөдөг захын наймаачдын импортын эзлэх хувь далайд дуслын төдий.
Тэгэхлээр бэлэн мөнгө тараагаад юмны үнэ өсгөж байгаа нь улсын татварт төвлөрсөн мөнгөн хөрөнгийг иргэдэд хүртээсэн дүр үзүүлж, үнэн хэрэгтээ иргэдийн гараар “суйлуулчихаад”, мөнгө тоссон гараа иргэд буулгаж амжаагүй байхад нь нөгөө хэдэн этгээд хурааж аваад халааслачихаж байгаа юм. Ингэснээр улсын мөнгөн сан хоосорч, ард иргэд улам ядуурч, харин импортыг гартаа атгаж байгаа эрх баригч бүлэглэлийн цөөн хэдэн хүн улам их баяжина гэдэг нь ойлгомжтой.
2. Дэд бүтэц, хөшөө дурсгал хөгжүүлэх арга.
Бүтээн байгуулалт өрнүүлж байна гэж сүржин сурталчилах зам талбай болон хөшөө дурсгал нь асар их зардал мөнгийг шаарддаг, иргэн таны амьдралд өчүүхэн ч нэмэр үл өгөх үр ашиггүй сүйтгэл юм. Гэхдээ санаачилж буй цөөн хэдэн хүндээ мэдээж ашигтай. Хөшөө гэх ганц багана босгоод ч юм уу олон тэрбум төгрөг “цохиж” болно. Улсын төсвөөс хулгай хийх нэг боломж нь тэр. Тийм ч учраас энэ жил Улаанбаатарт хичнээн олон хөшөө, хүүхдийн тоглоомын талбай шинээр босгож, байгуулж, төв гудамжны явган болон авто зам засварын ажил хийгдэв дээ. Зөвхөн “Тусгаар тогтнолын талбай” гэж нэрлээд ганц хөшөө босгоход 2 тэрбум төгрөг зарцуулсан гэж хэвлэлд бичигдэж байсныг иргэд санаж байгаа байх. Бас ирэх жил тэр байгуулсан босгосноосоо нэлээдийг нь түрж нураагаад өөр нэг “бүтээн байгуулалт” хийнэ. Дараа жил нь дахиад шинэ хөшөө, тоглоомын талбай, явган хүний зам шинээр барина. Тэглээ гээд хэн ч эндээс хичнээн их хөрөнгө үрэгдэж усгагдаж, улсын төсвийн хөрөнгө бас дахин үр ашиггүй урсаж байгааг анзаарахгүй. Ийнхүү ард түмний амьдралд үр өгөөжгүйгээр татварын мөнгийг урсгах, мөнгө угаах нэг “суваг” нь энэ юм.
Гадаадын иргэд ирээд сайхан зам талбайтай юм, олон сайхан хөшөө дурсгалтай юм гэж магтан гайхаж болох ч монголын иргэн та ядуугаараа л үлдэнэ.
Дэд бүтэц хөгжлийн үндэс гэх “эдийн засгийн алуурчдын” сурталчилгаа өнөөгийн олон хүнд итгэл үнэмшил болон толгойг нь гашилгачихаад байнга. Дэд бүтэц хэрэгтэй ч идэх хоол өмсөх хувцас орон байр, амьдралын орлого нь түүнээс илүү чухал. Иргэн бүр баялаг үйлдвэрлэгч болчихоод, хуримтлалаасаа дэд бүтцэд хөрөнгө оруулах чадалтай болсон нөхцөлд л энэ нь тухайн улс хөгжсөний илэрхийлэл болно. Харин тэгэж чадаагүй байж дэд бүтцэд хөрөнгө цацах нь улсаа өрөнд оруулж, “хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөх”-ийн үлгэр болох билээ.
“Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” гэдэг үгийг өнөөгийн бид ойлгох ухааны бядгүй л болж дээ.
3. Хяналтгүйгээр гадны зээл авах
Өнөөдөр Монгол улсын гадаад өр 8.1 тэрбум ам.доллар буюу 9.5 их наяд төгрөгт хүрснийг хэвлэлээр зарласан. Харин энэ их зээл хаашаа орсныг хэн ч мэдэхгүй. Лав л ард иргэдэд түүнээс наалдсан юм байхгүй гэдгийг хэн нь ч хэлэх байх. Гэхдээ үүнийг ард иргэд та бидний халааснаас хүүтэйгээр буцааж төлнө гэдэг нь мэдээж. Гаднаас авч өөрсдийнхөө халаасанд хийчихээд ард иргэд та бидний халааснаас буцааж төлж байгаа нь луйвар биш гэж үү!
Ард түмний татвараас бүрдэж бий болсон нийгмийн хуримтлал буцаад зээлийн төлбөр болоод гарчихаар улс хоосорч иргэд ч улам ядуурна. Хамгийн ноцтой нь гаднаас авах зээлийн хэмжээ ямар ч хяналтгүйгээр дэндүү өсөж байгаа нь монгол улсыг бүхэлд нь зээлийн өрөнд худалдаж мэдэхээр байгаа билээ.
4. Гадаадын хөрөнгө оруулалтыг тэлэх
“Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх гэлээ”, “Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо тэдэнд таатай болгоё”, “Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжихгүй” гэх мэт сурталчилгааг монголын иргэд байнга сонсож, улс төрчид амны уншлага болгож байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалт гэгч нь колончилогдох зам мөр гэдгийг саяхан болтол зөвхөн цагаан арьстан цөөн эздийн дарлал дормжлол дор, хар арьстан олонхи сонгох, сонгогдох ч эрхгүй боолчлогдож байсан ӨАБНУ-ын жишээнээс бид мэдэх билээ.
Харамсалтай нь эх орноосоо урвагчдын хар санаа, хорт үйл биелэлээ олж гадаадын хөрөнгө оруулалт тэлсээр…
Үр дүн нь ч эхнээсээ харагдаж, монгол хүн хөл тавих эрхгүй харийн эзэмшил өдрөөс өдөрт нэмэгдэж, монголчуудын амьдрах орон зай улам багасаж, монгол иргэд харийн эздийн дуулгавартай боол болох нь өссөөр байгаа. Тэглээ гээд нийгмийн амьдрал сайжирч ажилгүйдэл ядуурал буурсангүй, харин ч улам ядууран доройтох нөхцлийг бий болгосныг 40 тонн алтыг нь ямар ч татваргүйгээр хуу хамаж, гол усыг нь бохирлож байгалийг нь сүйтгэн нутгийн иргэдийг нь амьдрах аргагүй болгож хаясан “Бороо гоулд”-оос эхлээд олон жишээгээр бид хэлж чадах билээ.
Харин эрх баригчдын бүлэглэл тэднээс ашиг хүртэж, тэднийг магтан дуулсаар байгааг Оюутолгойн гэрээнээс ч ард иргэд харсаар л байгаа.
Байгалийн баялгаа харийнханд өгч ямар ч хяналтгүйгээр гадагш нь зөөлгөж байгаа эрх баригч “МАНАН” бүлэглэл, тэдний байгуулсан хамтарсан Засгийн газар “Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шороог ашиглая” гэсэн Эрдэнэт хотын 30 мянган иргэдийн хувьцаат хөрөнгө “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хүсэлтийг их л зэвүүцэн, эрс татгалзсан хариугаар няцааж байгаа нь монголчуудыг ажлын байртай, орлоготой, нийгмийн баялгийг бүтээгчид болчих вий гэхээс ямар их айж байгаа тэдний санаа зорилгыг хамгийн тодорхой илчлэн харуулж байна бус уу!
5. Тендер зарлах
Эрх баригч МАН, АН-уудын томилсон төрийн албан тушаалтны тодорхой бүлэглэлийн хүрээнд гардан гүйцэтгэж, улсын төсвийн хөрөнгийг хувааж луйварддаг албан ёсны үйл ажиллагааны нэрийг “тендер” шалгаруулалт гэж тодорхойлж болох юм.
Ялангуяа бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх “тендер” гэгчийн хөрөнгө оруулалтын 10 хувь нь шууд авлигын зардал болдог гэдгийг тендерийн ажил авч хийж байсан бүхэн мэднэ. УИХ-ын гишүүдээсээ эхлээд үүнийг нэгэнт ил тод зарлачихсаныг ч бүгдээрээ санаж байгаа байх. Нэгэнт авлигынх нь хувийг өгөөд “тендер”-ийг нь авчихсан болохоор ямар ч ажил хийлгүйгээр хөрөнгө оруулалтын мөнгийг нь “идчихэж” болдогийг сонин хэвлэлүүд нэг хэсэг бишгүй л гайхаж шуугицгаасан. Тэглээ гээд эрх баригч “МАНАН” бүлэглэл үл цочиж, тэдний гар хөл болсон хууль сахиулагчид үл тоосон.
Улс орны юу байгаа бүхнийг луйвардаж байгаа эрх баригч намуудын бүлэглэлүүд энэ байтугай юманд цочихгүй болчихсон нь гайхах ч зүйл биш л дээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэгч чухамдаа энэ.
Үүнтэй холбогдуулж зарим нэг тоо баримтыг тодотгож сануулахад, энэ 2011 онд зөвхөн авто зам засварын ажилд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа тухай ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын хэлсэн мэдээллээс хичнээн нь авлигад очсон болохыг бодоод үз дээ. Хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 10 хувь нь гэхээр 70 тэрбум нь авлигад зарцуулагдана гэсэн үг.
Төрөөс ингэж тэрбумтанууд төрдөг юм. Харин энэ хөрөнгө оруулалтаас иргэн таны амьдралд ямар өөрчлөлт гарч, яаж сайжирсныг бас эргэцүүлээд үзээрэй.
6. Төсвийн байгууллагыг тэлэх
Улсын мөнгөн хуримтлалыг үр ашиггүй сорох нэг суваг бол төсвийн байгууллагыг өргөжүүлэн тэлэх явдал гэдэг нь хэнд ч тодорхой. Тэгвэл ийм тэлэлтийг байнга хийж ирсэн.
Нэг марзан нөхрийн наргиан болгож хэлсэнчилэн “Эрэгтэйчүүдийг жирэмслүүлэх”-Жендерийн тэгш байдлын Үндэсний хороо, Хүнийг хамгаалдаггүй-Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэнцүү-Авлигатай тэмцэх газар, Шударга бусад төөрсөн-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Хөдөлмөрийг үл тэвчих-Хөдөлмөрийн төв бирж, Бохирдол нэмэгдэхэд баярладаг-Агаарын чанарын алба, Аюултай хог булшлах-Цөмийн энергийн газар гэх зэргээр нийгэмд ямар ч хэрэггүй, бие биедээ албан тушаал бэлэглэх зориулалттай байгууллага жилээс жилд нэмэгдсээр байна.
Тэдгээр байгууллага нь дотроо ч орон тоо нь нэмэгдэх жишээтэй. Тухайлбал прокурорын тоог 150-аар нэмэгдүүлэхээр одоо яригдаж байна. Гэтэл дотооддоо ингэж тэлэх нь бас чамлалттай санагдаж гадагшаа тэлэх боллоо. Зөвхөн энэ онд АНУ-ын Сан Франциско, БНХАУ-ын Хонконг, Япон улсын Осака хотноо Монгол Улсын Консулын газар, Италийн Ромд элчин сайдын яам байгууллаа. Эдгээр нь тэгээд монгол улсад ямар ашигтай вэ?!
Одоо дурсахаас ч айдаг болсон социализмын үед Аж үйлдвэрийн комбинат гэж иж бүрэн үйлдэрийн цогцолборыг байгуулж “ажилчин ангийн арми” гэгдэх нийгмийн шинэ давхрагыг бий болгож байлаа. Ажлын байрыг тэгэж бий болгож байсан юм. Гэтэл өнөөгийн Засгийн газар “Хөдөлмөрийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх жил” гэж зарлаад Хөдөлмөрийн бирж гэж төсвийн байгууллага бий болгосноор хөтөлбөр төгсөж байна. Нөгөөх нь харин монгол иргэдээ гадаадад ажиллуулахад зуучилдаг, гадаадын ажилчдыг монголд ажлын байраар хангах ажлыг эрхлэх чиглэлтэй шахам болоод явчихлаа.
7. Төрийн байгууллагын үйл ажиллагааны гадаад арга хэмжээг ихэсгэх
Улсын төсвийн хөрөнгийг үрж барах өөр нэг сайхан арга нь улсын хөрөнгөөр гадаадад явж “юм үзэж, нүд тайлах” зугаалга болоод байгаа билээ.
Төр засгийн тэргүүнүүдээсээ эхлээд төрийн захиргааны том жижиг дарга нарын ажил амралт, эмчилгээ сувилгаа нь бүгд гадаадад явагддаг болж, зарим нь бүр тэндээ өөрсдийн хаус, зочид буудлаас эхлэн, эзэмшил хотхонтой болчихоод, гадаадаас хааяа ажилдаа ирж үзэгддэг болоод байгаа.
Дарга нарынхаа царайг бараг мартах дөхсөн доод ажилтнууд нь ажлаа танилцуулахын тулд, гарын үсэг зуруулахын тулд, бүр заримдаа хов жив ярихын тулд дэл сул охид хүүхнүүд дагуулаад хойноос нь явж, эрж хайдаг явдал ч гардаг болсныг ард иргэд телевиз сониноос л сургийг нь дуулж байгаа.
Тэгээд сүүлдээ бүр хавтгайрч, сонгуулийн бохир луйвраа хийлгэхийн тулд, иргэдийн санал худалдаж авахын тулд, албан тушаалдаа үлдэхийн тулд, хороо захиргааны сайн дурын идэвхитэн сонгуультан, удирдлага дороо ажиллагсдаа гадаадад зугаалуулах ажлыг авлигын чанартайгаар өргөн хүрээнд зохион байгуулдаг боллоо.
Энэ мэтчилэн иргэний “ухаантай” үнэмлэхтэй болгох, сонгуулийн дүн тоолох цахим төхөөрөмж авах … гэх мэтээр хэдэн арав, зуун тэрбумаар нь мөнгийг үр ашиггүй “цацаж салхинд хийсгэх” аргыг сэдсээр…
Монгол Улсын төсөв жил ирэх тусам суга өсөж энэ онд 3.5 их наяд төгрөг байсан бол, ирэх онд 6.8 их наяд болж батлагдах гэж байна. Харин төсөв нь ингэж их өсөн нэмэгдсээр байхад улам их зээл авч, ард иргэд нь улам ядуураад байгааг УИХ-ын гишүүдээсээ эхлээд ойлгохгүй байгаагаа хэвлэлээр гайхаж сууна.
Уншигч та ч бас гайхаж, энэ байдлаас ангижрахыг хүсэж сууна уу? Тэгвэл өнөөгийн эрх баригч “МАНАН”-гийн удирдлага болоод тэдгээрийг дэмжиж буй гишүүдийг нь хаа тааралдсан газраа үнс шороогоор цацаж нүүр рүү нь нулим, хараан зүх! Энэ бол Монгол Улс аврагдах эхний гарц мөн !!!
О.Лхагвадорж
URL: