Монгол хүн хөгжилд хүрэх боломжгүй юм байна
Өнөөдөр Монгол оронд эрхээ эдлэх нэрийдлээр хэтэрхий зоргоороо авирласан, дураа дагасан хүмүүсийн нийгэм нэртэй “бөөгнөрөл” бий болжээ. Үүнд хэн нэгнийг буруутгах биш монголчууд өөрсдөө л буруутан нь юм. Нэгэнт л дур зоргоороо авирлах эрх гэдгийг нь ардчилсан хувьсгал олгочихсон юм. Тухайн үед ардчилсан хувьсгалыг хийгчдийн дунд философийн мэдлэгтэй ганц ч хүн байгаагүйгээс зөв зүйл хийх буюу зүйтэйг шударга хэмээн, бүх хүнийг тэнцүү байхыг тэгш хэмээн, ухамсарыг ухаан хэмээн, гэмшилийг нандин чанар хэмээн, зөвийг эрх хэмээн нэр томъёонуудыг дэндүү алдаатай орчуулсан юм. Худал нэр томъёо, ойлголтыг хэрэглэснээсээ болж ганц нэг хүн бус бүхэл бүтэн үндэстнээрээ үнэн мэдлэгээс тасарч оюуны терроризмд өртөж бүр эмгэнэлт байдалд хүрээд онц байдал зарлах хэмжээнд хүрчээ. Монгол хэл хэдий баялаг, дэлхийн мэдлэг буух бүрэн боломжтой ч гэсэн нэр тоъёоны алдаанаас болж бид буруу ойлгож, бурууг хэрэглэсээр, бурууг түгээсээр л явна. Ардчиллын урдаа барьдаг ганц уриа лоозон болсон “эрх” гэдэг ойлголт нийгэмд хэдийнэ байр сууриа эзэлжээ. Хаа сайгүй л эрх ярина. Хувийн эрх, улс төрийн эрх, тэгш эрх, туйлын эрх, засгийн эрх гэх мэт. Төрийн эрх гэдгээр төр юу дуртайгаа хийж, дургина л гэж ойлгогдоно. Эрхээ эдлэх нэрээр иргэд нь ч , төр засаг нь ч хүссэнээ авч, хүссэнээрээ цадаж,хүссэндээ өгч, хүссэнийгээ луйвардаж, хүссэнтэйгээ барилцаж, хүссэн газраа хогоо хаяж, хүссэн зүйлээ үйлдэх боллоо. Энэ бидний хүссэн амьдрал уу. Эрх гэдгээ жинхэнээр нь эдэлж чадсан учраас л монголын нийгэм ийм л дампуу байдалд хүрчихлээ. Бидний хэрэглэж буй “эрх” англи хэлний “right”, герман хэлний”Recht”, орос хэлний” право” гэх үгтэй ижил бол “зөв” гэдэг үг дүйцнэ.Зөв гэх чухал ухагдахуун гарч ирсэнээр чи зөв зүйлийг хийж, зөвтэй байвал зоригтой байна. Яагаад гэвэл зөв зүйл хийж байгаа болохоор айгаад байх зүйл байхгүй. Мөн итгэлтэй байна. Чөлөөтэй, тэмүүлэлтэй бас зорилготой байна. Хэрвээ хэн нэг нь зөв зүйл хийж байвал түнийгээ чөлөөтэй үйлдэх боломжтой гэнэ. Тэгэхээс биш эрх чөлөө биш юм.
Сайныг ёс суртахуун гэж, сайхан муухайн тухай ойлголтыг гоозүй гэж ойлгоцгооно. Зөвийн тухай, сайны тухай, сайхны тухай үнэн мэдлэг байхгүй үед зөв байх, сайн байх, сайхан байлгах тухайд яриад ч хэрэг байхгүй. Нэгэнт буруу ойлголттой хүмүүс бурууг л хийнэ. Тэд төрд гарсан ч нэгэнт цаад зөвийг нь мэдэхгүй учраас хулгайч, луйварчин, олигархи,гэмт хэрэгтэн л болно. Тэдэнд буруу өгөх арга байхгүй.Ийнхүү чухал нэр томъёог буруу, хазгай хэрэглэснээр, мэдлэг эхнээсээ үгийн бантан, өгүүлбэрийн бантан, утгын бантан, текстийн бантан, учирын бантан болсноор монгол хүний амьдрал, оюун ч гэсэн бантан болж хувирсан. Ийм нэр томёоны бантан дунд монгол хүн хөгжилд хүрэх боломжгүй юм байна.Үүгээр мэдлэгийн асуудал дууссангүй.
Монголд оронд сэргэн мандалт, соён гэгээрлийн хувьсгал огт явагдаагүй. Үүн дээр нэмээд жинхэнэ үнэн мэдлэгийг зөв орчуулж,тайлбарлаж, ойлгож авч чадаагүй, ямарч боловсролгүй учраас оюуны дархлаагүй болсон үндэстнийг шашин бүрэн эзэгнэсэн юм.
Мэдлэг олгодог байгууллагууд нь шашинтай хүч хавсран, хольсон хороо монголчуудын тархи руу хангалттай чихсэнэээр бид улам л зөв гэсэн, үнэн гэсэн зүйлээсээ холдсон. Мухар сүсэг, худал мэдлэгүүдийн хямарцаг хаа сайгүй тэнүүчилж ерөнхий боловсрол, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууд, төрд хүртэл өөрийн хорт үрээ нэгэнт тарьчихсан. Буддизмын диктатураас арай гэж салчихаад байсан орон ардчиллын буянаар эргээд бүр мухар сүсэг, худал мэдлэгийн дарангуйлал дор нэг мөсөн шургачихсан юм. Өнөөгийн монголд боловсролын талаар яриад ч хэрэггүй, энэ тогтолцоо монгол хүнийг дэндүү жижигрүүлж, бяцхан хүсэлтэй амьтан болгосон байна. Арван жилээс дээд сургуульд орж, дээд сургуулиас нэг ажлын байранд очиж, авгай хүүхэд, байр машин гэсээр эцэст нь дарга болоод дуусах жижигхэн хүсэлтэнгүүдийг л бэлдсээр. Монголын ирээдүйг харах, хөгжлийг харах харц бүдгэрсэн байна.Монгол хүнийг үүрд боол байх хувь тавилантай л золгуулж, монгол хүнийг хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй хөшингө, хойрго болгожээ. Хорин жилийн өмнө зааж байсан зүйлүүд өнөөдөр ч гэсэн улиг болон заагдсаар, давтагдсаар л байна.
Дээр нь нэмээд наркотикын гуравдугаар зэргийн бодис хэрэглэн онгодоо оруулдаг нөхдүүдийн хувийн санаа, яруу найраг нэртэй мэдлэгийн үнэргүй зүйлсээр мэдлэг бичигдэх ёстой сурах бичигүүд дүүрчихэж. Монголын боловсролын салбар мухардалд орж жинхэнэ үнэн мэдлэгээр цангасаар, мэдлэг гээд заагаад байдаг байдаг зүйлсүүд нь яг л тэр хэвэндээ шинэчлэгдсэнгүй мөн хөгжсөнгүй. Социализмын үед орж ирсэн мэдлэг боловсрол цааш хөгжсөнгүй шууд л зогсчихсон нь тодорхой бөгөөд мэдлэг боловсорлыг зүгээр л өнгөрсөн үеийнхээ хогон дээр чулуудчихан юм. Сүүлийн хорин жил шинийг сурах, мэдлэг эзэмших хүсэл монгол хүнд даанч төрсөнгүй бололтой. Философич Ницшегийн хэлснээр “хүсэл байхгүй газар шүтлэг их” байдаг гэдэг үгийн жинхэнэ амьд жишээ монгол орон л болж байна. Мэдлэг гэж нэрлээд байгаа бүхэндээ дэндүү үнэмшчихсэн. Түүнийгээ шалгадаггүй, үнэн гэдгийг нь мэддэггүй зүгээр л түүндээ хэт мансуурчихсан үндэстэн л болсон байна. Нэг л мансуурсан бол хэзээч бодохгүй, хэзээч эргэлзэхгүй, хэзээч ухамсарлахгүй байсаар л дуусна. Мэдлэг боловсрол олгодог ч үгүй, олж авдаг ч үгүй. Сурч чаддаггүй, мэдлэг авахын тухайд бүр таг сонсголгүй, хараагүй амьд биенүүд сурсан нэрээр аргалж, мэхэлж, цээжилсээр түүнийгээ цааш нь буруу ярьсаар, дамжуулсаар л дуусч байна. Уншсан номоо хагас дутуу ойлгож, хагас дутуу үзсэнүүд, буруу орчуулсанууд өнөөдөр монголын боловсролын дайснууд болсон.
Ардчилал гэдэг нь нэгэнт байхгүй. Мэдлэг бүр ч байхгүй. Оюуны дархлаагүй маанаг болсон үндэстэнд ирээдүй байна гэж үү. Монголд юу ч байхгүй болохоор хэнээс юу ч хараад юу ч горьдоод хэрэгггүй. Боолын амьдаралтайгаа эвлэрч дарлуулж худал хуурмаг бүхний золиос л болоод дуусах сонголт л үлдэж дээ. Бидэнд ямарч үнэн мэдлэг ирээгүй, оюунаа хордуулчихсан ийм үед мэдлэг эзэмших хөгжих ямарч боломжгүй юм байна. Яана даа монголчуудаа.
А.Ганбаатар
URL: