Монгол хүний тархины хогийн тухай

712-1555482965imagesМонголчууд санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ?
Санхүүгийн эрх чөлөөгүй бол улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, нийгмийн эрх чөлөө, соёлын эрх чөлөө үхдэл болдгийг Монголын өнөөгийн ядуурал, авилгал хээл хахуулийн түвшин харуулж байна.
Монгол хүн бүр санхүүгийн эрх чөлөө болон бизнесийн боломжийг олж авахын тулд төрийн эрхэнд гарах гэж үхэн хатан зүтгэж байна. Ардчилал нэртэй өнөөдрийн Монголын төр санхүүгийн эрх чөлөө болон бизнесийн боломжийг олж авах цорын ганц хэрэгсэл, эцсийн зогсоол болсон тул төрийн эрх мэдлээс нэг зулгаагаад авсан бол бусдын санхүүгийн эрх чөлөө болон бизнесийн боломжийг уландаа гишгэх, боомилох, цаашлаад системтэйгээр дарангуйлах замаар л өөрийн байр суурийг бататгахаас өөр сонголт үгүй.
Санхүүгийн эрх чөлөө болон бизнесийн боломжийг улс төрийн эрх мэдэлд хүрэх замаар олж авах шившигтэй оролдлого нь авилгал, хээл хахуулиар илэрч байна.

Монгол хүний тархи есөн жорын хогоор дүүрч, үг дуугарах ч чадал үгүй боомилогдсон байхад бид юуг хийж бүтээнэ, босгоно гэж ярих билээ? Тархины хогоосоо салж байж сая хийж бүтээх тухай яригдана.

Монгол хүний тархины хогийн тухай
Монголын ард түмэн санхүүгийн эрх чөлөөгөө олж авахын тулд дараах тархины хогоосоо салах хэрэгтэй. Үүнд:
Тархины хог #1 - Төр төмбөгөр ёс ёмбогор гэсэн бурангуй феодалын үеийн тархины хог:
Ардчилсан төрд төрийн тэнгэр нь ард түмэн байдаг учираас Монгол хүн өөрийн улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, нийгмийн эрх чөлөө болон соёлын эрх чөлөөгөө гуйж авах биш шаардаж авах Зөв (Right) нь хаа ч хүчинтэй. Тиймээс Монголын ард түмэн төрийн өмнө сөгдөж хэрхэвч болохгүй. Цээж тэнэгэр, тэргүүн өндөр байх нь Хүний Зөвийн Түгээмэл Тунхагаар (Universal Declaration Human Rights) баталгаажсан байдаг. Түүнд нь харшилсан үйлдэл бол гэмт хэрэг.
Тархины хог #2 – Тэгш эрхийг орхигдуулсан дан ганц эрх чөлөө бол тархи угаалтын хэрэгсэл:
Ардчилал зөвхөн эрх чөлөө биш. Тэгш эрх ба эрх чөлөө хоёрыг Монголын ард түмэн төрөөсөө шаардах нь Хүний Зөвийн Түгээмэл Тунхагаар баталгаажсан байдгийг ойлгож шаардах ёстой. Тэгш эрх байхгүй бол эрх чөлөө үхдэл болдог.
Тархины хог #3 – Мухар сүсэг 1000 хэлбэрт хувирах чадвартай:
Монголын ард түмэн “ Учир”(Reason), “Учирлах” (Reasoning) мэдлэгийн салбарыг яаралтай нутагшуулахгүй бол ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээл гэх мэтийн хүн төрөлхтөний үнэт зүйл мухар сүсэгийн төлөвийг олж, бурангуй эрх баригчидийн хоосон уриа лоозон болж, ард түмнийг хууран мэхлэх хэрэгсэл болж хувирдаг аюултай. Мухар сүсэг нь мэдлэгийн бүх салбар, нүх сүв рүү нэвчин орох чадвартай тархины хорт хавдар.
Тархины хог #4 – Бусдад өгөх зүйлгүй гуйлгачин хүн л гуйлга гуйдаг:
Монгол хүний “Тэнгэрлэг” (Dignity) болон ”Зөв” -үүд (Rights) нь дэлхийн хаана ч хүчинтэй учираас Монгол хүн бүр өөрийн “тэнгэрлэг” болон “Зөв”- үүдээ эрхэмлэн нандигнаж, гадаадын улс оронтой харилцахдаа Монгол хүн бид ядуу, буурай хөгжилтэй, жижиг үндэстэн гэж өөрийгөө дорд үзэж, жижгэрч, гуйлга гуйж болохгүй ба үүнийг гадаад дотоодын харилцааныхаа бодлогын зарчим болгох хэрэгтэй.
Тархины хог #5 – Дутуу ойлголт, алдаатай орчуулгууд мэдлэгийн суурь салбар Монголд нутагших боломжийг боомилж байна:
Монгол оронд Моралийн Философийн (Moral Philosophy) мэдлэгийг хөгжүүлээгүйгээс болж Монголын төр цаашлаад Монголын ард түмэнд итгэх хүн төрөлхтөн өдрөөс өдөрт цөөрч байгаа нөхцөл байдалыг үндэстний онцгой байдалын түвшинд авч үзэж, Монголын төрөөс моралийн философийг нутагшуулах, нийт Монголчуудын соёл болгохыг шаардах цаг нь болжээ.
Тархины хог #6 – Буруу ярьж, зөв ойлгох ямар ч боломжгүй. Буруу үг буруу ойлголтод л хүргэнэ:
Монгол хүний сүнсний хөгийг хөдөлгөдөг Монгол хэлний агуу “Үг”-үүдийг шинжлэх ухааны  нэр томёоноос авч хаясан асуудалыг үндэсний онцгой байдалын түвшинд авч үзэж, засч залруулахгүй бол Монгол хүн “Тэнгэрлэг” бөгөөд “Зөв” байж эрх чөлөөтэй,  эрх тэгш амьдрах ямар ч боломжгүй. Хүн төрөлхтөний оюуны ”хурц бөгөөд шижир” төлөвшилийн “Код” болох” үг”  нь буруудахад “ухаан” нь “контент” (Content) нь буруудаж, хувь хүний амьдрал цаашлаад улс орны амьдрал там болдог гэдгийг ухаарах цаг болсон.
Өнөөдөр Монголын амьдрал тамаас долоон дор байна. Монгол хүн адгууснаас долоон дор болсон. Тамд болон адгуусанд эрх чөлөө, тэгш эрх гэж байхгүй шүү дээ. Монгол хүний амьдралыг тамын тогоо болгож байгаа тархины хогоосоо салж, хүн болсон цагт л дээр дурсан эрх чөлөөнүүдийг олж авах боломжтой. Тэгвэл бидэнд эдгээр тархины хогоосоо салах ажилд ханцуй шамлан орох л үлдлээ.
Санхүүгийн болон зах зээлийн эрх чөлөөний тухай
Монголын төр Монгол улс бол чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон гэж олон улсад тунхаглачихаад уул уурхай, эрчим хүч, эрчимжсэн хөдөө аж ахуй гэсэн цөөхөн хэдэн зах зээлийг хөгжүүлнэ гэж ард түмэнд тулгаж байгаа нь Монголын ард түмний санхүүгийн эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байгаа гэмт үйлдэл гэдгийг Монголын ард түмэн ойлгох цаг болжээ.
Монголын ард түмэн санхүүгийн эрх чөлөөгөө олж авахын тулд Монголын төрөөс дараах хоёр төрийн бодлогыг шаардах нь зүйтэй:
1.Санхүүгийн эрх чөлөөгөө олж авахад:
АНУ-ын Yale Их Сургуулийн профессор Нобелийн шагналт эдийн засагч Роберт Шиллер (Robert J.Shiller) нь дэлхийн улс орнуудад ардчилсан, хүмүүнлэг санхүүгийн тогтолцоог (Demicratization and humanization of financial system) хөгжүүлэх санаачлага гарган ажиллаж байна. Монголын төр Монгол хүний санхүүгийн эрх чөлөөг баталгаажуулахын тулд профессор Роберт Шиллертэй  хамтран ажиллаж, Монгол улсын ардчилсан, хүмүүнлэг санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх төслийг боловсруулан яаралтай, шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. Эсвэл Монгол оронд эрх чөлөө үгүй,  чөлөөт зах зээлийн эдийн засаг үгүй болж, диктатурын засаглалд шилжиж, хүн төрөлхтөний шившиг болох аюулын харанга дэлдэж байна.
2.Зах зээлийн сонголтын эрх чөлөөгөө олж авахад:
Зөвхөн ийм, тийм л аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж төрөөс тулган шаардах нь бизнесийн орчинг бичил, гаднаас хараат болгохоос гадна тэр бичил зах зээлээ булаацалдах, нэг нэгнээсээ дээрэмдэх зэрэг зэрлэгшилийг хөхүүлэн дэмжиж, харин Монгол хүмүүс хамтран хийж бүтээх бололцоог боогдуулж байна.
Монголын төрийн тулган шаардаж байгаа бичил зах зээлээс Монголын ард түмэн эрх чөлөөгөө олж авахын тулд хүн төрөлхтөний нийтлэг зах зээлийн төрөл зүйлийг үндэслэж Монгол үндэстний дэлхийн зах зээлийг “дизайн” хийж, өөрийн орондоо нутагшуулан хөгжүүлэх хэрэгтэй.

Монголын ард түмэн дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх санхүүгийн эрх чөлөөгөө олж авахаас гадна дэлхийн зах зээлийг Монгол орондоо нутагшуулж болдог загваруудыг бусад орнуудын туршлагаас суралцах хэрэгтэй.

Тухайлбал :
-Ердөө 9 километр квадрат талбайг эзлэх Английн City of London нь дэлхийн зах зээлийг өөрийн орондоо бүтээж болдогийн нэгэн тод жишээ.
-АНУ-ын Нью-Иорк хот дахь Wall Street нь дэлхийн зах зээлийг өөрийн орондоо бүтээж болдогийн бас нэгэн жишээ.
-АНУ-ын Калифорни мужийн цахиурийн хөндий нь дэлхийн зах зээлийг өөрийн орондоо бүтээж болдогийн өөр нэгэн жишээ.
 АНУ-ын эдийн засагч Алвен Рот (Alvin Roth) нь 2012 онд зах зээл гэдэг нь дизайн хийж бүтээдэг эд болохоос биш өөрийн жамаар бүрэлдэн тогтохы нь хүлээж суудаг эд биш шүү гэсэн онолоороо Нобелын эдийн засгийн шагнал хүртсэн байдаг. Тэгвэл Монголын төр эдийн засагч Алвин Роттой хамтарч, Монгол үндэстний дэлхийн зах зээлийг дизайн хийж,  Монголдоо дэлхийн зах зээлийг нутагшуулан хөгжүүлэх төслийг боловсруулан яаралтай хэрэгжүүлэхийг Монголын ард түмэн Монголын төрөөс шаардах хэрэгтэй.
Монгол үндэстний дэлхийн зах зээлийг дизайн хийх тухай
Монгол үндэстний дэлхийн зах зээлийг дизайн хийсний дараа тухайн зах зээлийн тоглогч нь мэдлэгт тулгууралсан аж үйлдвэрийн “кластер“-уудыг хөгжүүлэх байршлуудаа Монголын төртэй хамтран сонгох шаардлага гарна.
Зах зээлүүдийн сонголт нь баян байвал мэдлэгт тулгууралсан аж үйлдвэрийн “кластер” -ууд нь баян Монгол иргэн, баян Монгол улсыг бүтээдэг жамтай.
Монгол үндэстний дэлхийн зах зээлээ дизайн хийж мэдлэгт тулгуурласан аж үйлдвэрийн кластеруудаа хөгжүүлэх нь үе үеийн Монголчуудын хийж бүтээх хөгжлийн агуу үйлс байх болно.
Монголын үндэстний дэлхийн зах зээлийг дараах байдлаар дизайн хийх нь гарцаагүй:
ОХУ, Зүүн Европийн орнууд, Баруун Европ, Хойд Европ, Өмнөд Европын зах зээлийг чиглэсэн мэдлэгт тулгуурласан кластерийг “Хангайн бүс”-д чөлөөт бүсийн статустайгаар, дэлхийн хотын менежментийн загвараар байгуулах.
Өмнөд Ази, Төв Ази , Ойрхи Дорнод, Африк тивийн зах зээлийг чиглэсэн мэдлэгт тулгуурласан кластерийг “Барууун бүс”-д чөлөөт бүсийн статустайгаар, дэлхийн хотын менежментийн загвараар байгуулах.
Хойд Америк, Латин Америкийн зах зээлийг чиглэсэн мэдлэгт тулгуурласан кластерийг “Зүүн бүс”-д чөлөөт бүсийн статустайгаар, дэлхийн хотын менежментийн загвараар байгуулах.
БНХАУ, Япон, Солонгос, Зүүн өмнөд Ази, Австрали, Шинэ Зеландын номхон далайн зах зээлийг чиглэсэн мэдлэгт тулгуурласан кластерийг “Говийн бүс”-д чөлөөт бүсийн статустайгаар, дэлхийн хотын менежментийн загвараар байгуулах.
Дээр дурьдсан дөрвөн тодорхой зах зээлийг чиглэсэн мэдлэгт тулгуурласан кластеруудийн зохицуулалт болон засаглалыг зохицуулдаг улс төр, шинжлэх ухаан, соёлын төвийг “Төвийн бүс” буюу Хархорумд дэлхийн хотын менежментийн загвараар байгуулах.
Монгол хүний зах зээлийн эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө бүрэлдэн тогтохын хэрээр хязгааргүй сонголтыг бий болгож, улмаар Монголын ард түмэн дэлхийн зах зээлд өрсөлдөхдөө нэг нэгнээ нөхөж, дэм дэмэндээ гэсэн нөхөрлөлийн соёл төлөвшиж, Монгол улсын тусгаар тогтнол дархлаатай болно.
Зах зээлийн эрх чөлөөгөөр баталгаажсан Монголын ард түмний санхүүгийн эрх чөлөө болон ардчилсан хүмүүнлэг санхүүгийн тогтолцоо нь дээр дурьдсан мэдлэгт тулгуурласан кластеруудын дэргэд олон улсын санхүүгийн төвийн статустай санхүүгийн чөлөөт бүсийн дэд кластеруудыг байгуулснаар амьдралд бодитоор хэрэгжинэ.
Чөлөөт бүсийн сонгодог загвар нь компанийг орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, дэлхийн тэргүүний оюуны чадвартай хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг чөлөөтэй болгож, 16 төрлийн шууд бус татварыг оногдуулдагийг анхаарах хэрэгтэй.
Мэдлэгт тулгууралсан аж үйлдвэрийн кластерууд нь зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамааран аж үйлдвэрийн олон дэд кластеруудаас бүрддэгийг бас анхаарах хэрэгтэй.
Олон зуун жил түгжигдсэн Монголын ард түмний үр сад урд болон хойд хоёр хөршийнхөө дээгүүр дүүлэн гарч, нийт хүн төрөлхтөний “хурц бөгөөд шижир” шинэ мэдлэгтэй болж,  дөрвөн зүг найман зовхисоос Монголын шинэ хөгжилийн “Цунамиг” үүсгэх нь гарцаагүй.
Шинэ хөгжлийг шинэ мэдлэгтэй шинэ үе бүтээдэг жамтай.
Шинэ эрин үеийг ямар ч “бурангуй дарангуйлагч” төр зогсоож чадахгүй хүн төрөлхтөний сургамж, туршлага бий.
Жич: Монголын ард түмэн “Монголынхоо” төрөөс санхүүгийн эрх чөлөөгөө олж авч чадахгүй байх вий гэж гутрах хэрэггүй. Хүн төрөлхтний түүхэнд санхүүгийн эрх чөлөөгөө олж авсан үндэстнүүдийн туршлага тодоор бичигдэн үлдсэн. Тухайлбал:
1.18-р зууны Еврэй үндэстэн дэлхийн бүх санхүүгийн төвүүдэд өөрийн санаачлагаар Еврэй үндэстний Financial Community-уудыг байгуулж, нөхөрлөл, хамтын хүч болон хамтын ажиллагааны механизмаар өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн.
2.19-р зуунд Жорж Пибоди (George Peabody)-оор удирдуулсан Америкчууд мөн л адил тухайн үеийн дэлхийн санхүүгийн төвүүдэд үндэстний Financial Community-уудыг байгуулж, нөхөрлөл, хамтын хүч болон хамтын ажиллагааны механизмаар өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн.
3.21-р зуунд Монголчууд дэлхийн тавцанд хүчтэй тоглогч болж түрэн гарч ирэхийн тулд Еврэй үндэстэн болон Америкчуудаас суралцаж, дэлхийн бүх санхүүгийн төвүүдэд өөрийн санаачлагаар, нөхөрлөл болон хамтын хүчийн механизмаар Монгол үндэстний Financial Community -уудыг байгуулж, дэм дэмэндээ дээс эрчиндээ байдгийн адилаар Монгол загварын “Alliance Capitalism – хамтын капитализм”-г хөгжүүлэхгүй бол санхүүгийн боолчлолоос гарч чадахгүй.
4.Түүнчлэн, Монголчууд зах зээлийн эрх чөлөөгөө олж авахын тулд дэлхийн бүх мэдлэгт тулгуурласан кластеруудад өөрийн санаачлагаар, нөхөрлөл болон хамтын хүчийн механизмаар Монгол үндэстний Business Community-уудыг яаралтай хөгжүүлж, дэлхийн Монгол Entrepreneurial Communities and Network-уудыг үүсгэж ажиллах шаардлага тулгарч байна. Ингэж чадаагүй нөхцөлд зах зээлийн боолчлолоос салж чадахгүй.
Ирүү Б. Хараа
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих