Химийн бодис хадгалж байгаа байгууллагуудын ихэнх нь дунд сургуулиуд байна

498

Завхан /МОНЦАМЭ/. Завханд химийн хорт болон аюултай бодис ашиглаж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд тандалт судалгааны ажлыг хийжээ. Энэ судалгаагаар “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”, “Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах устгах журам”-ын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг тандсан аж.

Тандалт судалгааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/51 тоот удирдамжийн хүрээнд зохион байгуулжээ. Судалгаанд 31 аж ахуйн нэгж байгууллагын 88600 гаруй тонн химийн хорт болон аюултай бодис, Монгол улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалтад орсон нэг төрлийн 382 тонн химийн хорт болон аюултай бодис, ашиглалтын шаардлага хангахгүй устгах шаардлагатай 265,407 кг химийн хорт болон аюултай бодис, мөн 27 нэр төрлийн 28520 ширхэг устгах шаардлагатай химийн бодисын сав баглаа боодол тус тус бүртгэгджээ.

Тандалт судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын 80 хувийг ерөнхий боловсролын сургууль эзэлж байгаа бөгөөд ашиглах, хадгалах хугацаа дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон, нэр томьёо, ашиглах хугацаа тодорхойгүй химийн бодис, тэдгээрийн нэгдэл, сав баглаа, боодол бүхий хог хаягдлыг судалгаанд хамрагдсан сургуулиудын дийлэнх нь зориулалтын бус агуулах, ажлын байранд хадгалж байжээ. Энэ нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл учруулж болзошгүй байна.

Иймээс ерөнхий боловсролын сургуулиудад хадгалагдаж байгаа ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн бодис, сав баглаа боодлыг улсын хэмжээнд устгах шийдвэр гарах хүртэл холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасан шаардлагад нийцүүлэн хадгалахыг сургуулиудад үүрэг болгожээ. Түүнчлэн Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдад энэ талын сургалтыг хийж, холбогдох хууль, журмыг танилцуулж химийн хорт бодисыг хэрхэн хадгалах зөвлөмжийг өгөөд байгаа талаар аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих