Эрээнийг санхүүжүүлэх үе эхэллээ

Cap шинэ болох гээд хүмүүс ч бужигнаж байна даа. Ялангуяа орж ирсэн зочин гийчнийхээ алгыг тэнийлгэх бэлгийг бэлтгээд түмэн завгүй. Ууж, идэх зүйлээ ч яах вэ дотоодоосоо хангачихна. Гэтэл бэлэгний хувьд явдалтай. Боломжтой нэг нь таван цаасаа юаниар солиулаад л Эрээнийг зорьж байгаа юм.

Сүүлийн үед Замын-Үүдийн галт тэрэгний ачаалал нэмэгдэж, тасалбар нь ч олдохоо больсон гэнэ. Нэмэлтээр гурван вагон гаргаад ч хүмүүсээ хүчрэхгүй, галт тэрэг ч пиг дүүрэн явж байгаа гэж байна.

Учир нь урд хөршийн “Еэвэн cap” буюу цагаан сарын баяр нь энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох бөгөөд энэ үеэр тус улстай хиллэдэг гурван улсын автозамын боомтууд ажиллахгүй. Мөн “Еэвэн сар”-аа тэмдэглэж байгаа хүмүүс бүтэн cap амардаг журамтай. Үүнээс нь өмнө амжиж, бараа дарах гэсэн хүмүүс Эрээнийг санхүүжүүлээд эхэлчихлээ.

“Цагаан сарын өмнө Эрээнээс жаахан бараа татах санаатай. Вагоны тасалбар олддоггүй. Маргааш үүрээр нэг дугаарлаад үзэхээс” гэж нэг танил минь ярьж байна. Угаасаа ямар ч баярын үеэр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн вагоны тасалбар олдохоо больчихдог нь гэм биш зан. Билетийн касс нь 08.00 цагт ажиллаж эхэлдэг бөгөөд 21-нийг хүртэлх билет нь аль хэдийнэ дууссан гэнэ. Харин танилтай бол ганц нэг билет олдохоос эхлээд шагчдаас бас билет авах боломжтой л юм байна. Гэхдээ шагчид бараг л дөрөв дахин нугалж зардаг болохоор наймаачид тэднээс үнэтэй билет авч, замын зардлаа дарсан бараандаа шингээгээд л иргэдэд өндөр үнээр өгдөг нь нууц биш. Уг нь Улаанбаатар-Эрээний чиглэлд долоо хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан, ням гарагт вагон явдаг ч шууд Эрээн рүү болохоор нэлээд өндөр үнэтэй, тиймээс манайхан зардлын хямдыг бодоод Замын-Үүдээр дамжиж явдаг юм байна.

Ямартай ч энэ долоо хоногийн тасалбар дууссан учир ирэх сарын 1-нээс эхлээд л Эрээний цуваа өрнөх байх. Тэр үед ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөг, дээрээс нь багш нарын жагсч байж нэмүүлсэн цалин бүгд л Эрээнийг санхүүжүүлэхэд чиглэх нь лавтай.

Оффист сууж, төрийн алба залгуулдаг хүмүүс ойрд мессенжерээр “Цагаан сарын баяраараа монгол түмнээрээ сайхан баярлая. Эрээнийг санхүүжүүлэлгүй, дотоодын үйлдвэрээ дэмжицгээе. Нэг ч төгрөгийг Эрээн рүү гаргахгүй байя” гээд л уриалаад байна. Гэхдээ энэ уриалга цөөхөн монголчуудад хүрч байгаа гэдгийг уг нь бодох хэрэгтэй. Учир нь зах дээр наймаагаа хийж байгаа хүмүүс юун мессенжерт орох, тэдэнд тийм зав үгүй учраас тэд бидэнд Эрээний бараагаа шахаж, бидний мөнгө Эрээн рүү урссаар л байна шүү дээ.

“Угаасаа Эрээнээс хамааралтай болчихоод байгаа өнөөгийн цаг үед ийм уриалга гаргах хэрэг байна уу. “Эрээнийг санхүүжүүлж байгаа мөнгөөрөө үйлдвэр барих хэрэгтэй” гээд төрийн түшээд нь орой бүхэн телевизээр яриад л сууж байна.

Үнэндээ Эрээнээс ч цөөхөн хүн амтай байж, хэдхэн монголчуудыг Хятадын зээлээс хамааралтай болгочихсон нь хэний буруу юм бэ. Монгол Улсын дархан хилийн шугамнаас БНХАУ-ын Эрээн хот руу нэвтрэх зурвас бол ердөө л арав, хорьхон алхам. Нэгэн байшингийн орох, гарах хоёр хаалгаар л хэмжигдэнэ. Ийм л нөхцлийг эх орондоо бүрдүүлчихээд өндөр хөгжилтэй орон, дэлхийн жишгийг нэвтрүүллээ гээд яриад сууж байх ч гэж. Ядаж Эрээнээс хамааралгүй болчихоод ингэж ярих юмсан даа.

Э.Энх


URL:

Сэтгэгдэл бичих