Прокурорт хүргүүлсэн “ДААЛГАВАР”

3125

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар шинээр томилогдоод байгаа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг илгээжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бланк дээр хүргүүлсэн тус бичигт 23 асуудлыг нэг мөр хянаж шийдвэрлүүлэхээр тусгасан байна. Ерөнхийдөө хууль шүүхийн дамжлагаар явсан эсвэл олны анхааралд орсон асуудлуудын жагсаалт аж. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ эрүүдэн шүүсэн тухай асуудлаас эхлээд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалт хүртэл цувруулсан харагдана. Зарим нь шалгагдаж байгаа хэрэг бол нэг хэсэг нь ердөө олны дунд яригдаад өнгөрсөн хардлага сэрдлэг байх жишээтэй. Иймд уг албан бичигт дурдагдсан хэргүүдийн талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг эргэн сануулахаар дэлгэрүүллээ.

1. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх талаар хэргийг дахин шалгах, хууль зөрчин эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох гэжээ.

Уг хэрэг улс төрийн шалтгаанаар илэрдэггүй эсвэл захиалагч нь илрүүлдэггүй гэх хардлага олон жил явсан юм. Гэвч Ц.Амгаланбаатар гэгч шоронгоос хэргийг хамтран үйлдсэн тухай захидал бичсэнээр хууль, хүчний байгууллага ажиллаж улмаар 2016 онд Ц.Амгаланбаатарт 25 жил, Д.Содномдаржаад 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосноор төгссөн.

Гэвч Олон улсын парламентын холбооноос улс төрийн зорилгоор дээрх хүмүүсийг хилсээр шийтгэсэн байж болзошгүй тухай анхааруулж байв. Энэ драм Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төв аймгийн цагдан хорих төвд Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг саатуулах үедээ хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн байж болзошгүй тухай бичлэгийг цацах хүртэл олны анхааралд төдийлөн ороогүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг үнэн зөвөөр шийдэх хүртэл эмнэлэгт хэвтүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Харин УИХ дахь АН-ын зөвлөл уг дуулиан С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн цаад захиалагчийг илрүүлэх ажилд саад учруулж болзошгүй тухай байр суурь илэрхийлсэн удаатай.

2. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийн албан тушаалтнууд амь насаа алдсан асуудлыг шалгах. 

1998 онд С.Зориг агсан амь насаа бусдын гарт алдсанаас хойш уг хэргийг шалгах ажлын хэсэгт орж ажилласан албан тушаалтан, хууль хүчний байгууллагын цөөнгүй хүн бурхны оронд одсон байдаг. Ноцтой хэрэгт ажиллаж байсан хуулийн байгууллагын ажилтнуудын үхэл осол эндэл болоод жам ёсны байсан уу гэдэг асуултыг араасаа дагуулдаг билээ.

3. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг болон зээлийг эргэн төлүүлэх зорилгоор иргэн Ш.Батхүүгийн өмч хөрөнгө, эрхийг битүүмжилсэн боловч зарим этгээд дундаас нь завшсан гэх асуудал. 

Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын батлан даалтаар “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас зээл авсан тухай маргаан багагүй хугацаанд явлаа. Дунд нь гарын үсгийн зарим нь хуурамч, хуурамч биш тухай ч асуудал сөхөгдсөн. Ингэснээр саяхан олон улсын Арбитрын шүүхээс тогтоосон 110 гаруй сая ам.долларын төлбөрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төлж буйг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн юм. Дээр дурдсан асуудлын тухайд хэдийгээр Ш.Батхүү нь хөрөнгө чинээ ихтэй хүн боловч түүнийг банк, махны үйлдвэрээ төрд тушааж, “Олон овоот”-ын ордоо Г.Алтанд шилжүүлж, шатахуун түгээх станцаа “Магнай трейд” компанид шилжүүлэх замаар “бултсан” тухай мэдээлэл хэвлэлээр гарч байлаа.

4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн асуудал. 

Оросын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс” корпорац авсан үйл явц УИХ-аар орж шийдэгдээгүйн дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар давуу эрхээсээ татгалзсан асуудал нь өнөөг хүртэл маргаан дагуулж байгаа юм.

5. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг олон улсын Арбитрын шүүхэд санаатаигаар ялагдуулж, хуулийн фирмээр дамжуулж их хэмжээний мөнгө угаадаг гэгдэх олон удаагийн асуудал. 

Эртнээс эдүгээг хүртэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдсон аливаа асуудал олон улсын Арбитрын шүүхдээр ялагдаж байсан асуудлыг шалгах санаа бололтой.

6. “Ачит Ихт” ХХК-ийн “Эрдэнэт үйлд вэр” ХХК-тай хийсэн аж ахуйн гэрээний үйл ажиллагааны асуудал. 

Уг компанийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаантай холбон тайлбарлах нь бий. “Эрдэнэт” үйлдвэрийн ашигласан овоолгыг дахин ашиглах замаар ашиг олдог тухай дуулиан дэгдэж байлаа.

7. 2017 онд Монголбанкийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлууд. 

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгуулах хүсэлтээ УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд шалгалтын дүгнэлтдээ илэрхийлсэн байдаг. Үүнд, гурван их наяд төгрөгөөр хэмжигдэх “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон 2016 оны сонгуулийн өмнө мэндэлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг эш татсан юм.

8. Хөгжлийн банкнаас олгосон их хэмжээний зээлүүдийн олголт, ашиглалтын асуудал. 

2012-2016 онд Хөгжлийн банкнаас “Чингис”, “Самурай”, “Димсан” бондын хөрөнгийг төсөл хөтөлбөрүүд рүү хуваарилж байлаа. Эдгээр зээлээс АН, МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий олон компаниуд зээл авсан байдаг. Гэхдээ дээрх хөрөнгө оруулалтууд нь лоббид өртсөн эсвэл үр ашиггүй төслүүдэд зарцуулагдсан тухай хардлага их байдаг.

9. Төрийн банкнаас нэг өдрийн дотор шийдвэр гаргаж БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид олгосон 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан гэгдэх асуудал.

Төрийн банкнаас энэ хэмжээний мөнгө гарсан тухай албан бус мэдээлэл бий.

10. Нийгмийн даатгалын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан тэргүүтэй Засгийн газрын 28 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын асуудал. 

Гол нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс Засгийн газар, УИХ-ын гишүүд хамаарал бүхий компанидаа зээл гаргуулсан нь олны шүүмжлэлд өртөөд байлаа. Прокурорын байгууллагаас зөвхөн уг асуудалтай холбогдуулан УИХ-ын таван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах асуудал оруулж байснаас цар нь харагдана. Тиймээс ч дээрх үйл явдлаас улбаалан Засгийн газрын тусгай сангуудад шалгалтын ажил хийж эхэлсэн.

Гэхдээ ЖДҮХС-гийн асуудлыг ярихаас УИХ-ын гишүүд болоод төрийн албан тушаалтнууд яагаад ч юм дөлөөд байдаг талтай. Тэгвэл дээрх таван гишүүн ЖДҮХС-гийн зарцуулалтыг ил тод болгохоор хөөцөлдөж эхэлсэн бололтой. Хэвлэлийн мэдээллээс үзэхэд УИХ-ын 49 гишүүн холбогдсон тус асуудлаас өнөөгийн байдлаар 15 нь цагаадаад байгаа билээ.

11. “Ханресурс” ХХК-тай холбоотой хэргийг олон улсын Арбитрын шүүхэд ялагдуулж, 70 сая ам.долларыг Канад руу шилжүүлсэн асуудал. 

Канадын хөрөнгө оруулалттай тус компани Дорнод аймаг дахь ураны ордын лицензийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан. Энэ орд нь стратегийн 16 ордын жагсаалтад багтсан тул Засгийн газраас лицензийг нь цуцлах арга хэмжээ авч байлаа. Үүнийг ОХУ-ын Ерөнхий сайд Медведевийн айлчлалтай холбогдуулан цуцалсан гэдэг шуум гарч байв.

12. Төмөртэйн ордыг Гаагийн шүүхэд олон улсын Арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлж байсан бүрэн эрхт төлөөлөгчдөд нөлөөлж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулахыг санаархсан эрх бүхий албан тушаалтнуудын асуудлын тухай. 

Дээрх бусад асуудлуудтай харьцуулахад бараг эртний явдал гэж болно. Ерөнхийдөө Хятадын хөрөнгө оруулалттай компани уг ордын лицензийг эзэмшиж байсан бөгөөд Засгийн газрыг стратегийн ордод оруулсны төлөө Арбитрын шүүхэд хандаж байсан удаатай. Тухайн үед авлигад автсан төрийн албан тушаалтнууд Засгийн газрын шийдвэрийг хэрэгсэхгүй болгохоор ажилласан гэх дуулиан гарч байв.

13. Оффшор бүсэд хууль бусаар олж авсан байж болзошгүй их хэмжээний мөнгө байршуулсан С.Баярцогт нарын иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудал. 

Швейцарийн банкны дансанд Сангийн сайд асан С.Баярцогт нэг сая ам.доллар мартсан гэдэг. Үүнийг Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсных нь төлөөх авлигын мөнгө гэх хардлага нэг хэсэг явсан. Сүүлд АТГ-аас “Рио Тинто”-гийн хувьцааны хэлбэлзлээс олсон мөнгө байж болзошгүй тухай мэдээлж байлаа. Ямартаа ч уг явдлын учиг өнөөг хүртэл олдоогүй байгаа юм.

14. Оюутолгойн хөрөнгө оруулалтын хувь нийлүүлэгчдийн болон Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын асуудал.

Эдгээр Ерөнхий сайдууд нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн далд бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан үйлдлээсээ шалтгаалан баалуулсаар ирсэн. С.Баярын хувьд Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархдаг тухайгаа цөөнгүй удаа хэлж байсан нэгэн. Харин

Ч.Сайханбилэг нь далд уурхайн төлөвлөгөө нь эдийн засгийн зайлшгүй ач холбогдолтой үйл байсан хэмээн хэлдэг билээ.

15. Төмөртэйн орд, Багануурын шинэ цахилгаан станц болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын дөрвөн гишүүний концессын гэрээнүүд, эрх мэдлээ урвуулсан эсэх асуудал. 

Эдгээрээс концесстой холбоотой асуудлууд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэл болсон боловч дараагийн Засгийн газарт уламжлагдан очиж хууль дүрмийн дагуу явсан ажил болж таарсан байдаг. Харин Багануурын цахилгаан станцын асуудал өнөөгийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд тулаад гацсан тухай яриа бий.

16. 60 тэрбумаар төрийн албыг худалдсан гэх асуудал. 

2016 оны сонгуулиар анхлан сөхөгдсөн энэ асуудал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрчээ авсан юм. Гэвч хуулийн байгууллагын зүгээс шалгалт хийж эвлүүлэг хэмээн нэг удаа нотолж, бас хэрэгжээгүй асуудал хэмээн дүгнэж байсан удаа ч бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс удаа дараа шаардлага тавьсаар ирсэн.

17. Үндэсний аудитын газрын болон 2017 оны УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зөрчлүүд. 

Гурван их наядаар хэмжигдэх төгрөгийг хэвлэн зарцуулсан хэмээн буруутгадаг.

18. Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын хэрэгжүүлсэн “888 төсөл” гэгдэх зээлийг олгохдоо эрх мэдлээ урвуулсан гэгдэх асуудал. 

Дээр дурдсан төслүүдийн тухайд Аж үйлдвэрийн яам гэхээсээ Эдийн засгийн хөгжлийн яамны нөлөөнд явсан. Энд эндүүрэл гарсан байж болох.

19. Үндэсний аудитын газраас тогтоосон АСЕМ-ын үеийн санхүүгийн олон тооны зөрчлийн асуудлууд. 

АСЕМ-ыг зохион байгуулахдаа тухайн үеийн албан тушаалтнууд улсад 280 тэрбум гаруй төгрөгөөр тооцогдох хохирлыг учруулсан тухай дүгнэлтийг аудитын байгууллага тогтоосон. Гэхдээ өнөөг хүртэл тус асуудалтай холбогдуулан ямар нэгэн шийтгэл хүлээсэн хүн үгүй.

20. Монголбанкны Эрдэнэсийн сан болон Төрийн сан хөмрөгөөс алдагдсан уран зураг, бусад эд зүйлсийн асуудлыг нэг бүрчлэн шалгах. 

Их тэнгэрт байсан цөөнгүй зургийн эх хувь нь алдагдсаны зарим нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг авсан уу гэдэг мэдээлэл өнгөрсөн сард цацагдсан.

21. Улсын хэмжээнд аялал жуулчлал, уул уурхай, ахуйн зориулалтаар олгосон газар, түүнийг тойрсон гэмт хэргийн шинжтэй асуудлууд. 

Үүнд, орд газруудын лиценз, Улаанбаатар хотын газрын асуудал зэрэг өргөн хүрээ хамрах болов уу.

22. “ Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдсан гэх асуудал. 

Орон нутгийн Тавантолгой компани болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензийн талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдсан гэх асуудлыг УИХ-ын гишүүн Л.Энхболд зарлаж байлаа. Гэвч хоёр компанийн зүгээс энэ бол ямар ч боломжгүй зүйл гэдэг тайлбарыг удаа дараа хийсэн.

23. Генерал Б.Хурцын иргэд, аж ахуйн нэгжүүдийг рекэтлэсэн болон УИХ-ын гишүүдийг заналхийлсэн асуудал (амьд гэрчтэй хэргүүд). 

УИХ-ын гишүүдийг заналхийлсэн гэх агуулга УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Л.Болд нартай холбогддог. Тагнуулын экс даргыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед эдгээр гишүүдтэй холбоотой мэдээллийг Б.Хурц задалсан байдаг. Хожим УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийнх нь амь насанд заналхийлсэн тухай мэдээлэл хийж байв.

Ийм жагсаалт гарчээ. Яалт ч үгүй олны анхааралд ордог, байнга өртдөг сэдвүүдийн хувьд хуулийн байгууллага хариулт өгөх ёстой. Энэ өнцгөөс нь харвал дээрх УИХ-ын гишүүдийн гаргаж, хөндөж олон нийтэд мартагдуулахгүй явуулах эрмэлзэл нь зөв юм.

Ер нь тэгээд өчигдрийн сонин хуучирч, өнөөдрийн дуулианаар талцах болсон нийгмийнхээ дунд тэсэрч бас дарагдаж арилсан сэдвүүдийг нэгтгээд харахад бидэнд ч бас сонин байлаа.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН, Ж.БАЯР


URL:

Сэтгэгдэл бичих