Авлигатай тэмцэх газарт “бүртгэлтэй” эрхмүүдийн нэрс хөвөрсөөр байна

Шинэ удирдлагатай болоод бүтцийн томоохон өөрчлөлт хийгээд амжсан Авлигатай тэмцэх газарт хээл хахуулийн хэрэгт холбогдсон аймгийн засаг дарга нараас эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд ар араасаа хөвөрсөөр байна.

Өмнөх удирдлагууд нь дорвитой ажил хийж чадаагүй өөрсдөө ч хэрэгт холбогдон “аав”-ын хаалга татсан билээ. Тэгвэл энэ удаагийн удирдлагуудад олон нийт ихээхэн итгэл хүлээлгэж, авилгын томоохон хэргүүдийн жинхэнэ эздийг илчлэхийг чих тавин ажиглаж байна.

Оны өмнөхөн УИХ-ын гишүүн З.Энхболд санал тоолох машины оронд БНСУ-аас скайнер оруулж ирсэн Сонгуулийн ерөнхий хороог шалгуулахаар тус газарт шалгуулахаар албан бичиг өгсөн байгаа.

Мөн үүнээс гадна хамгийн сүүлийн мэдээллээр Стандарчлал хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайваныг Төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байна. Учир нь Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан шалгалтаар түүний төрийн албаны болон төсвийн хуулийг удаа дараа зөрчсөн нь тогтоогджээ.

Энэ мэтчилэн хариуцлагатай алба хашиж байсан олон хүмүүс тус газарт “бүртгэлтэй” байна. Дээрх хүмүүсийн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа байгаа учир цаг хугацаа нэлээд шаардагдаж байгаа хэмээн тус газраас мэдээллээ.

Эх сурвалжийн хэлснээр нэг хэргийн ард шалгах шаардлагатай олон объект байдаг учир мөрдөн байцаалт удаашралтай байгаа ажээ.

О.Ууганжаргал


URL:

Сэтгэгдэл бичих