“Дорнод уран” Монголынх уу, эсвэл Хятад, Оросынх уу

Цөмийн зэвсгээр дэлхийг айлгах болсон өмнөд, хойд их хоёр хөрш манай ураны салбарт далд тулаан эхлүүлээд байгаа тухай бид “Дээдсүүд Мон-Атомоор хөрөнгөө зузаалж, хүнсээ базаалаа” гэсэн нийтлэл бичиж, мэдээлсэн.
УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин “Мон-Атом”-ын захирлаар томилогдонгуутаа Ерөнхий сайд асан С.Баяртай хүч хавсран, Япон улстай гэрээ хийж 60 сая ам.доллар босгосон. Мөн үеэр Канад улстай гэрээ байгуулаад ирснийг уншигч олон санаж буй. Харин Оросын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчлах үедээ дээрх хоёр улстай хийсэн гэрээнд ихэд дургүйцээд буцсаныг ойрын эх сурвалж мэдээлж байгаа юм.

“Баавгайжав” ах манай улсын Засгийн газарт зангидсан гар харуулсан нь мэдээж. Тийм ч учраас “Мон-Атом” төрийн өмчит компани болон Канадын “Хан ресурс” компанийн хооронд байгуулсан санамж бичиг нэлээд шуугиан тарьсны эцэст Цөмийн энергийн газраас уг санамж бичгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдээд байна. Он дамжин яригдаж буй энэ асуудалд Орос, Хятад хоёр их гүрний нөлөө орсон гэдгийг ч мэдэгдсэн.

Тиймээс ч 2009 онд Арбитрын шүүх дээр яригдаж байсан энэ асуудал яригдахаа больсон. Харин “Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин энэ тухай тайлбарлахдаа, “Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхийг л хүссэн хэрэг. Цөмийн энергийн хуулинд Монголын тал төрийн өмчөөр хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг эзэмшинэ гэсэн заалт байдаг.

Төрийн өмчийн хорооноос манай “Мон-Атом” компанид уг хуулинд тусгасан заалтуудыг яаралтай хэрэгжүүлэхийг үүрэгдсэн. Тэр дагуу Канадын “Хан ресурс” компанитай санамж бичиг байгуулаад Монгол Улсын 51 хувийг эзэмших эрхийг баталгаажуулсан юм. “Төв Азийн уран”-ы 21 хувийг Монгол Улс, 21 хувийг нь “Атомредметзолото”, үлдсэн хувийг нь Канадын “Хан ресурс” компани эзэмшдэг байсан.

Хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу “Хан ресурс” компаниас 22 хувийг нь, “Атомредметзолото”-гоос найман хувийг нь шилжүүлэн авч, “Төв Азийн уран” компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой л доо. Тиймээс л “Хан ресурс”-тай санамж бичгийг байгуулсан юм. Чухам хаанахын нөлөөллөөр ийнхүү “Цөмийн энергийн газар” санамж бичгийг хүчингүй болгож байгааг ойлгох юм алга” хэмээн шууд Засгийн газраа матсан.

Тэр ч бүү хэл тэрбээр “ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн жил Монголд айлчилсан. Уг айлчлалаараа “Хан ресурс” компанийн эзэмшиж буй хувийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэтэл Монгол Улс хуулинд тусгасан давуу эрхээ ашиглаад тэднээс өмнө 51 хувиа авчихсан хэрэг” хэмээн Д.Медведевийн заналхийллийг чимээгүйхэн хэлэхээ ч мартсангүй.

Гэтэл нөгөө талд Хятадын Цөмийн эрчим хүчний үндэсний корпораци “Хан ресурс”-ийн хувьцааг 52,9 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээлэл ч тархсан. Уг нь Цөмийн энергийн тухай хуульд ураны орд газруудын тусгай зөвшөөрлийг компаниуд хоорондоо наймаалцаж болохгүй гэсэн заалт бий. Ийн Торонтогийн бирж дээр Орос, Хятадын өрсөлдөөн яваад байхад “Юмны эзэн сумны занги” Монгол Улс ус балгасан шиг дуугүй суугааг юу гэж ойлгох вэ.

“Хан ресурс”-ийн хувьцааг худалдах, наймаалах асуудлыг Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөнө гэсэн агуулгатай заалт ч уг хуулинд бий аж. Гэтэл манай улсын Засгийн газраас зөвшөөрөл аваагүй байж хувьцаа наймаалцсан байх юм. Тэр ч бүү хэл Торонтогийн бирж дээр хоёр их гүрэн манай ураны төлөө өрсөлдөж суудаг. Бид юу л болоод байна даа. Хятад, Оросоос гадна Япон, Канад гээд улсууд нэгэнт энэ салбарт орохоор зэхчихсэн, бүр ороод ирчихсэн.

Японоос эхлээд хөрөнгөө суулгаад өгчихсөн гээд бод. Шинэ ажил авсан Р.Бадамдамдин Канадад гэрээ байгуулж явахад, Ерөнхий сайд асан С.Баяр Япон улсад ураны салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж явсан. Тэд Д.Медведев ахыг ирээд айлгана гэж огтхон ч тооцоолоогүй хэрэг үү. Эсвэл зөвхөн амин хувийн эрх ашгаа бодсон уу. Ураны нөөцөөрөө дэлхийд 18-д, Азид долоод ордог улс орны энэ салбарыг сонирхохгүй их гүрэн гэж хаа байх билээ.

Социализмын үед орос ах нар 150 сая ам.доллар зарцуулж, Дорнодын ураны нөөцийг 20.730.00 тонн гэж тогтоосон. Тиймээс ч “Дорнод уран” Орос Монголын хамтарсан компани гэж яриад байгаа ч яг албан ёсны байгуулчихсан компани байхгүй. “Дорнод уран”-ыг Оросууд Канадын “Хан ресурс”-тай наймаа тохирсны дараа байгуулах ажил эхлэнэ гэдгийг Р.Бадамдамдин ярьж байхад зарим албаны нөхөд Дорнодын Мардай Орос-Монголын хамтарсан “Дорнод уран” гэдэг компанид хоёр улсын Засгийн газар хууль ёсны өөрийн гэсэн хувьцаатай байгаа, түүнээсээ эхэлж ажиллах ёстой хэмээсэн.

Тэгэхээр Р.Бадамдамдин өөрийн талын эзэмшлийн 51 хувиасаа Япон, Канадтай гэрээ хийчихдэг хэрэг үү. Хойд ах нар лав 49 хувиасаа өгөхгүй “гүрийх” нь мэдээж. Юун 49 хувиасаа өгөх бүү хэл Оросын талаас “Росатом” компанийн захирал С.В.Кириенко “хоёр тал эн тэнцүү хэмжээгээр эзэмшинэ” гэж хэвлэл мэдээллээр мэдэгдсэн гээд бод.

Тэгэхээр С.Баярын Засгийн газрын үед үүссэн энэ замбараагүй гэрээнүүд хэзээ цэгцрэхийг бүү мэд. Ингэхэд Дорнод уран Монголынх уу, эсвэл Хятад, Оросынх уу мэдэх юм алга. Энэ бүгдийг цэгцлэх гэж “Мон-Атом”-ыг байгуулсан гэдэг. Энэ бол ямар нэг чимээ аниргүй байгуулагдсан хэсэг бүлэг хүмүүсийн бялуу гэдгийг ч нуух юун. Учир нь тус компанийн төлөөлж хийсэн гэрээнүүд одоо хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй л байна.

С.Ууганбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих