Эммануэль Макрон: “Бидний нэг хэсэг шатчихлаа”
Маш харамсалтай. Үзэсгэлэнт Notre Dame шатаад дуусчихлаа. 100 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа ч одоо хүртэл Парисын дарь эхийн сүмд авалцсан түймрийг унтрааж дийлэхгүй байна. Францчууд уйлж байна. 1161 онд барьж эхэлсэн 858 жилийн түүхээ галд өргөчихөж байгаадаа тэд итгэж ядан харцгааж байна. Хөөрхий Квазимодогийн амьдардаг дээврийн хэсгээс эхлэн гал гарсан гэнэ. Тэнд засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа гал дүрэлзэж эхэлсэн аж. Өчигдөрхөн хажуугаар нь давхин өнгөрөхдөө “Маргааш шатна” гэдгийг нь мэдсэн бол дотор нь гүйж ороод хана туурга бүрийг нь илж аргадах байлаа.
Алдарт зохиолч Виктор Хьюгогийн “Парисын Дарь эхийн сүм” зохиолоор хүн төрөлхтний оюун санаанд хүндтэй байр эзэлсээр ирсэн дэлхийн хамгийн алдартай энэхүү католик сүм ямар ч дайны үед сүйдээгүй мөртлөө энх цагт ийнхүү шатчихлаа. Жилдээ 10 гаран сая жуулчин үзэх гэж очдог энэхүү соёлын өв нь дан ганц францчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигтай өв байсан билээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Бидний нэг хэсэг шатчихлаа” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэв. #NotreDameDeParis
URL: