Х.Тэмүүжиний “шүдний өвчин” эдгэж, АТГ “шүдтэй” болов
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний “шүдний өвчин” болоод байсан хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Үүнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” гэсэн хуулийн төслүүд байсан юм.
Эдгээр хуулиудыг Х.Тэмүүжин гишүүн “Бид авлига тэмцэх эрх бүхий байгууллагуудад шүд хийж өгч байгаа юм” хэмээж байсан билээ. Ийнхүү эрхэм гишүүн санасандаа хүрсэн ба түүний “шүдний өвчин” эдгэж, “АТГ шүдтэй” боллоо.
Хэлэлцүүлгийн явцад хуулийн хэрэгжиж эхлэх хугацааны талаар маргаан гарсан ба баталсан өдрөөс нь, эсвэл долдугаар сарын 15-наас гэсэн саналууд яригджээ. Харин Х.Тэмүүжин гишүүн “Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 15-нд Хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ.
Тиймээс энэ өдрөөс хуулийг мөрдөж эхэлье” гэсэн ч долдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр болсон аж. Хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл санаачилсан гишүүд, ажлын хэсгийнхэнд баяр хүргэсэн аж.
URL: