ХААН банк шуналтсаар байна

Сүүлийн үед Хаан банкны харилцагчид хадгаламжаа татаж байгаа тухай ихээр яригдах болсон. Энэ тухай энд дарж уншина уу. Зарим нь тус банкийг дампуурах нь гэж дуулав уу, үгүй юү зах зухаасаа хадгаламжаа татаад эхэлсэн дуулдана лээ. “Олны үг ортой” гэдэг. Дампуурахгүй гэх баталгаа ч байхгүй билээ.

ХААН банк харилцагчдаасаа авах шимтгэлээ улам л нэмсээр байгаа юм. Одоогоос есөн сарын өмнөөс эхлээд тус банкны АТМ-аас мөнгө авахад 50 төгрөгийн шимтгэл авдаг байсан бол 100 төгрөг болгосон. Харин теллерээс зарлага хийхэд 100 төгрөг авдаг байснаа 150 болгон нэмсэн байна.

Өнөөдрийн нийгэмд буюу төгрөгийн ханш үнэгүйдсэн энэ үед 50 төгрөг бага мөнгө шиг санагдаж хүмүүс анзаардаггүй байсан бол өнөөдөр 100 төгрөг болсноор иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж байгаа нь үнэн.

Жишээ бодоод үзье. 10 удаа АТМ-ээс мөнгө авахад 1000 төгрөг буюу нэг талхны мөнгө. Тэгвэл иргэн Б-д 5000 төгрөг хэрэг болжээ. Гэтэл дансанд нь яг 5000 төгрөг байлаа. Тэгвэл иргэн Б заавал 100 төгрөгийн шимтгэл төлөх учиртай тул 4900 төгрөг авах болно. Гэтэл АТМ-ээс авах мөнгөний доод хэмжээ 1000 төгрөгөөр хэмжигддэг тул 4000 төгрөг авах болох нь.

Уг нь анх АТМ-ээс мөнгө авахад шимтгэл авдаггүй байж байгаад 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр 50 төгрөгийн хураамж авдаг болсон аж. Гэтэл АТМ-ээс байтугай теллерээс ч зарлагын гүйлгээ хийхэд шимтгэл авдаггүй банк байх юм.

Эдийн засгийн хямрал нүүрлээд банкууд гүйлгээ бүрээс шимтгэл авахаас аргагүй байдалд хүрсэн юм уу гээд үзэхээр бас үгүй ээ.

Үнэхээр тийм бол бусад банкууд ч мөн шимтгэл авах ёстой шүү дээ. Түүгээр ч зогсохгүй ХААН банк иргэддээ үйлчлэхээс татгалзаж бас л шуналын зан гаргасан.

Монгол Улсад хамгийн олон салбар болон АТМ-тай банк мөртлөө “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг ард иргэддээ олгохдоо 500 төгрөгийн шимтгэл авна хэмээснийг бүгд санаж байгаа байх. Уг нь бол тэднийг үнэгүй ажиллуулаагүй, 350 төгрөгийн шимтгэл авдаг байсан. Үүнээс болоод Хаан банкнаар “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараахаа больсон.

Ашгийн байгууллага нэг төгрөгөөс ч асар их хэмжээний мөнгө унагадаг тухай мэдэх хүн цөөнгүй биз ээ. Гэтэл ингэж удаа дараагийн үйлдлээрээ шунаг сэтгэл өвөрлөж байгаа нь иргэдийг өөрөөсөө түлхэх нэг алхам болсон байж мэдэх юм.

“Шунал ихэдвэл шулам болдог” гэсэн үг бий.

Л.Ялгуун /www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих