Д.Эрдэнэбат: Эрүүдэн шүүсэн гэх дуулианаар халхавчлан хэргийг будлиулах вий
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын байр суурийг хүргэж байна.
-Ардчилсан намын зөвлөл үйл ажиллагаагаа эхлүүлж анхны хуралдаанаа хийлээ. Ямар шийдэлд хүрэв?
-Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хоорондоо маргалдаж, эрх мэдэл, сандал суудал булаацалдсанаас өөр юу ч хийсэнгүй. Ард иргэдийн ахуй амьдрал, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд ороод байна. Инфляцийн төвшинг найман хувиас дээш гаргахгүй гэж амлаж байсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт 9.7 хувь болж өссөн байна. Эдийн засаг өсөлттэй байгаа гэсэн ч инфляцийн төвшин буухгүй байнга өсч байгаа. Энэ нь ард иргэдийн худалдан авалтад онцгой нөлөөлж байгаа. Үндсэн чиглэл дээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн нь эсрэгээрээ явсан. ЖДҮ-гийн бизнес эрхлэгчдийн авах байсан зээлийг эрх баригчид зохион байгуулалттайгаар завшсан хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй л байна. Мөн уул уурхайн чиглэлийн том төслүүд бүгд зогссон. 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж гарсан. Тавантолгойн нүүрсний ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ тогтоолын хэрэгжилт, явцыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр заасан ч хэрэгжсэнгүй. IPO хийгдээгүй, хувьцаа хаана ч зарагдаагүй. Мөн өнөөдөр төмөр замын асуудал шийдэгдээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа эхлээд барь гэж тогтоолд тусгасан. Нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л экспортын орлогын өсөлтөөр Монгол Улс амьдарч байна.
-Эрүүдэн шүүсэн гэх дуулианыг өдийг хүртэл ярьж байна. Танай зөвлөл энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын гишүүд зарчмын хувьд дэмжиж байгаа. Эрүүдэн шүүсэн асуудал хүний эрхийн ноцтой асуудал мөн. Энэ асуудал ардчилсан улс оронд байж болохгүй зүйл гэдэгтээ бид санал нэгдэж байгаа. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэдэг дуулианы ард С.Зоригийг хөнөөсөн хэргийг замхруулах, будлиулах асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Зөвхөн эрүүдэн шүүсэн гэдэг асуудлыг хэлэлцээд, эрүүдэн шүүсэн этгээдүүдэд хариуцлага тооцоод С.Зоригийн хэргийг бүдгэрүүлэх асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс түр хороо энэ хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Хэргийн захиалагчийг зайлшгүй олох шаардлагатай. Тиймээс бид санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээр дамжуулан асуудлыг тавих болно.
-Хэнтий аймагт нөхөн сонгуулийн тов гарсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал ч яригдаж эхэллээ?
-Үндсэн хуулийг тойрсон асуудал маш эрчимтэй яригдаж байна. УИХ одоо ганцхан бүлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ сөрөг хүчингүй болсон. Тиймээс ганцхан бүлэгтэй энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан. Үндсэн хуулийг өөрчлөхөд нэг шаардлага байх ёстой. УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин болоод Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт явах ёстой гэдгийг сануулах хэрэгтэй. Хэрэв өнөөдөр үнэмлэхүй олонхи сөрөг хүчингүй парламент Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхийн төлөө явах бол бид эсрэг байр суурьтай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан
URL: