Хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын САНУУЛГА ба иргэд хохирлоо ТӨЛҮҮЛЖ чадах уу

408Гоодойн аманд гарсан түймрийг холбогдох албаныхан үзлэг, шалгалт хийгээд хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас түймэр гарсан гэх нөхцөл байдал тогтоогджээ.

Гал түймрийн улмаас нийтдээ 15 га газар 23 байшин, нэг монгол гэр, нэг жижиг амбаар шатсан гэх мэдээлэл байна. Буруутай этгээдүүдийн иргэдэд учруулсан хохирлыг тоогоор илэрхийлбэл одоогоор ийм. Харин үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл толгой эргэмээр том гарч мэдэх л юм.

Санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж бусдад болон байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан “хэргийн эзэн” хоёр иргэнийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэнэ.

Гэхдээ энэ хоёр буруутан иргэдийн хохирлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулна гэдэг эргэлзээтэй. “Стандарт банк”-наас их хэмжээний зээлийг буруу замаар будаа тээлгэсэн Ш.Батхүү шиг  “хоёр чихнээс өөр юмгүй байхгүй” гэвэл яах вэ. Даатгалтай байшин сав байсан уу, иргэд хохирлын хэмжээгээ үнэн зөв шударгаар мэдүүлж чадах уу гэхчлэн асуудал хөвөрнө. Зарим хохирогчид  “баян” Батхүүтэй ч барьцаж мэднэ шүү дээ.

Монголчууд  ер нь хэнэггүй  тал нь хэтэрсэн хүмүүс юм шиг байна. Гоодойн аманд гагнуур хийж байсан тэр хоёр нөхөр хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаасаа болж  дааж давахын  аргагүй  өрөнд  агшин зуур л уначихлаа.

Хамгийн гол нь олон иргэд эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол амсч хуруу хумсаа хуйхлан байж бүтээж босгосон орон гэр, байр байшингаа түймэрдүүлчихлээ. Тэр бүтээж бий болгосон бүхэн нь хэчнээн жилийнх нь хөлс хүч шингэж, хэдэн жилийнх нь хүсэл мөрөөдлийнх нь биелэл байсан бол.

Өрөвдөх хэцүү, харааж зүхэх бүр ч хэцүү. Хэн ч бай ялгаагүй, амьдрах гэж зүтгэж яваад л ийм их хохирлын буруутан болчихож байгаа нь харамсалтай. Ердөө л мөнөөх хэнэггүй, яав л гэж гэсэн “сохор” хандлага, хариуцлагагүй байдлынх нь хариу шан ингэж хүнд тусч байна.  Хэдийгээр тэд санаатай гал тавьчихаагүй ч зөвтгөх, хариуцлагаас хаацайлах ямар ч шалтгаан байхгүй. Хуурайшилт ихтэй байгааг байнга сануулсаар байтал өдөр алдаж шөнө гэгчээр тэр их салхитай өдөр гагнуур хийж  байдаг, үгүй мөн бүдүүн зүрх шүү.

Хамгийн гол нь  олон иргэд эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол амсч хуруу хумсаа хуйхлан байж  бүтээж босгосон орон гэр, байр байшингаа түймэрдүүлчихлээ. Тэр бүтээж бий болгосон бүхэн нь  хэчнээн жилийнх нь хөлс хүч шингэж, хэдэн жилийнх нь мөрөөдөл хүслийн биелэл байснан бол. Тэр үнэ цэнэ, ая тух бүхнээ агшин зуур үнс болгуулчихсан иргэдийн хувьд  сэтгэл санааны хямралтай, доошоо газар хатуу, дээшээ тэнгэр хол гэдэг шиг л байгаа.

Амралтын өдрийн энэ айхтар явдлаас сургамж авалгүй өчигдөр Шадивлан зусланд дахин гал гарч  зургаан зуслангийн байшин шатлаа.  Өнжмөл өвс шатааж байгаад гал алдсан гэх мэдээллийг ОБЕГ-аас өгөв. Өмнөх өдөр нь ийм гашуун явдал болчихоод байхад сургамж сануулга авдаггүй  ямар “тоосгон толгой”-той нь ингэж өвс шатаадаг байна аа гэж гайхмаар. Ийм л хаширдаггүй хачин араншинтай хүмүүс байна. Энэ янзаараа бол эх орноо түймэрдээд дуусч мэдэх л юм байна.

Өчигдөр Шадивланд гарсан түймэр

 Нэгэнт болоод өнгөрсөн түймрийн араас үлдэж байгаа нь сургамж байгаасай гэж хүсч байна.  Дахиад ийм байдал давтагдахгүй гэх  баталгаа  нотолгоо байхгүй.  Тэгэхээр зуслангийн бүсэд байр байшинтай иргэд энэ мэт эрсдэлээс өөрсдийгөө болон эд хөрөнгөө хамгаалах  нөхцлийг бий болгох хэрэгтэй болж байна. Хаа нэгтээ өнжмөл өвсөнд гарсан гал ингэж олныг хамардаггүй, гарсан газраасаа  дамждаггүй байх боломжийг бий болгомоор байна. Эзэмшил хашаагаа тойруулан галын хамгаалалт хийж болно. Суваг  шуудуу,  бетонон хучилт хийх гэхчлэн бусдаас  тусгаарлаж, эсвэл өнжмөл өвсөө намар орой хадах  гэхчлэн гал дамжих нөхцлийг хаах  боломж бий.

Энэ явдлаас үлдэх өөр нэг сургамж бол даатгалын тухай юм. Эд хөрөнгө хашаа байшин ялангуяа зуслангийн байр саваа даатгалд бүрэн хамруулж байвал иргэдэд учрах эрсдэл багасна  гэсэн үг.

Эцэст нь урьдчилан сэргийлэлт. Хайхрамжгүй, хариуцлагагүй хэнэггүй байдал хамаг бүхний буруутан болдогийг санах хэрэгтэй болж байна.

Г.Хантулга


URL:

Сэтгэгдэл бичих