Хууль тогтоогч эрхмүүддээ итгэх үү, хуулийн байгууллагадаа итгэх үү
ЖДҮХС-гаас зээл авсан ААН-үүдийн хэрэг эхнээсээ хаагдаж байна. Тодруулбал, АТГ-аас 50 гаруй төслийг хаах саналаа Нийслэлийн прокурорын байгууллагад хүргүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Учир нь эдгээр 50 гаруй төслийн ихэнх хувийг нь УИХ-ын гишүүдийн зүгээс ЖДҮХС болон ХХААХҮ-ын сайдад “дэмжээч” гэсэн агуулга бүхий албан бичиг илгээсэн ААН-үүд байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.
ЖДҮХС-гаас зээл авсан ч ийнхүү хаагдаж байгаа төслүүдийн талаар АТГ-аас албан ёсоор тайлбар өгсөн. Тодруулбал, “Нэр дурдсан төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй” гэсэн юм.
Тэгвэл хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртай холбоотой ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудал байгаа бололтой. Түүний талаар Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэж хэлж байсан.
Үүнийг ч АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр өчигдрийн ярилцлагаараа дахин онцоллоо. Тэрбээр “Өөрсдийн баталсан хуулиа зөрчиж, тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтаар ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй байхад зээл олгуулчихаад би тойргийнхоо иргэдийг дэмжсэн гэж ярьж болох уу?
Мөрдөн шалгах ажиллагаагаар бүх зүйл нотлох баримтаар яригддаг” гэсэн тайлбарыг өгөв.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би зээл аваагүй, УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж, тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан” гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулж зээл авчихаад уул уурхайн хайгуул явуулсан нь тодорхой болсон бололтой. Тэр ч байтугай ЖДҮХС-гаас зээл авсан тус компани нь эрхэм гишүүний тойрог биш гэнэ.
ЖДҮХС гэх үйлдсэн эзэнтэй, нотлох баримттай хамгийн ил цагаан хулгайг өнөөдөр төрийн түшээд маань өөрсдөө оролцчихсон. Мөн ЖДҮХС гэх тодотгол бүхий төрийг цөлөмсөн хэргийг ярих гэхээр өөдөөс өөр бусад сэдэв хөндөж нийгмийн уур амьсгалыг өөрчилж буй энэ эрхэм гишүүд маань хэр удаан “арьсаа” хамгаалж явах вэ. Эсвэл бүр хуулийн байгууллага нь худлаа мэдээллийг тараагаад байгаа хэрэг үү. Хэрэв тийм бол Д.Дамба-Очир тэргүүтэй “ЖДҮ-чин” гишүүдийн нэр төрийг хурдан сэргээж үнэн зөв, хар цагааныг нь ялгах нь зүйтэй.
Яг үнэндээ “Би аваагүй, тойргийнхон маань дэмжээд өгөөч гэж гуйсан” гээд байгаа эрхэм хууль тогтооч гишүүндээ итгэх үү, хуулийг хэлбэрлэлтгүй сахин биелүүлэх ёстой чухам үнэнийг зөвхөн баримтаар нотлох зарчимтай хуулийн хамгийн “хүчирхэг” байгууллагадаа итгэх үү гэдэг л болоод байна. ЖДҮ тойрсон маргаан, мэтгэлцээн тавилттай жүжгүүдэд чинь бид байтугай бурхан хүртэл будилах нь байна.
Б.Аз
Zaluu.com
URL: